Хайх

Pope Leo XIV holds audience for Jubilee of Migrants

Пап Нийтийн бараалхал дээр: Баяр хөөрөөр дүрэлзсэн зүрх

Шашны цуврал хичээл - Жүбили 2025. Есүс Христ бол бидний найдвар. Есүсийн Дээгүүр өнгөрөх. 10. Эргүүлэн асаах нь. «Зүрх сэтгэл маань шатаж байсан бус уу?» (Лук 24:32)

Эрхэм ах дүүс минь! Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! 

Өнөөдөр би та бүхнийг Христийн амилалтын нэгэн гайхалтай тал болох түүний даруу байдлыг эрэгцүүлцгээе хэмээн урьж байна. Хэрэв бид Сайн Мэдээний айлдалд өгүүлснийг санавал, амилсан Эзэн шавь нарынхаа итгэл үнэмшилд өөрийгөө хүчээр тулгах гэж ямар нэгэн сонирхол татсан зүйл ерөөс хийгээгүй болохыг анзаарна. Тэнгэр элч нарын армиар өөрийгөө тойрон хүрээлүүлж үзэгдсэнгүй, дуу алдам үйлдлүүд хийсэнгүй, ертөнцийн нууцуудыг илчлэхээр сүр бадруулсан илтгэл тавьсангүй. Эсрэгээрээ, замд яваа эгэл нэгэн шиг, багахан талх хуваалцаач хэмээн хүсэж буй өлсөж цангасан нэгэн шиг намуухнаар дэргэд ирдэг (Лк 24,15.41). 

Магдалын Мариа амилсан Эзэнийг цэцэрлэгч гэж андуурсан (харьц. Иох 20:15). Эммаусын шавь нар гадны хүн гэж итгэсэн (харьц. Лк 24,18). Петр болон бусад загасчид замаар өнгөрөгч яваа жирийн нэгэн гэж бодсон (харьц. Иох 21:4). Бид бол онцгой тэмдэг, хүч чадлын илрэл, маргаангүй нотолгоо хүлээх байсан. Гэвч Эзэн ийм зүйлийг бус ойр дотно байхыг, эгэл энгийн байхыг, нэг ширээнд хамт суухыг илүүд үздэг. Энэ бол Эзэний харилцааны хэв маяг юм.  

Ах дүүс минь, үүнд нэг үнэт сургааль бий. Амилалтын үйл явдал бол театрын жүжгийн эргэлт авчирдаг үзэгдэл биш, харин хүний хийдэг бүхий л үйл хөдлөлийг утга учраар дүүргэж байгаа чимээгүйхэн хувиралт юм. Амилсан Есүс шавь нарынхаа өмнө хэсэг загас идэж байгаа нь зүгээр нэг жижиг деталь биш юм. Энэ нь бидний бие махбод, бидний түүх, бидний харилцаа холбоо бол зүгээр нэг хаяж орхих гадна бүрхүүл биш гэдгийг баталж байна. Тэдгээр нь амьдралын жинхэнэ бүрэн төгөлдөрт зориулагдсан, тэр амьдралын салшгүй нэг хэсэг нь билээ. Эдгээр нь амьдралын бүрэн дүүрэн байдалд зориулагдсан юм. Амилах гэдэг нь хоосон хий үзэгдэл болох биш, харин хайраар өөрчлөгдөн шинэчлэгдсэн хүн төрөлхтний хувиар Тэнгэрбурхан болон ах дүүстэйгээ илүү гүн гүнзгий нэгдэлд орохыг хэлнэ. 

Христийн Дээгүүр өнгөрөх үйл явдлаар бүх зүйл хишиг ивээл болж чадна. Хооллож ундлах, ажиллаж хөдөлмөрлөх, орон гэрээ арчлах, найздаа түшиг тулгуур болох гэх хамгийн энгийн зүйлс хүртэл ивээл болдог. Амилалт нь амьдралыг цаг хугацаа, ажил хөдөлмөрөөс ангид болгодоггүй, харин утга учир, “амтыг” нь өөрчилдөг. Талархал болон гүн холбоонд үйлдсэн үйлдэл бүр Тэнгэрбурханы хаанчлалыг урьдчилан мэдрүүлдэг юм. 

Гэвч бидний өдөр тутмын амьдралд орших Христийн оршихуйг таньж мэдэхэд гол төлөв нэгэн саад тулгардаг. Энэ нь баяр баясгалан гэдэг ямар ч шарх сорвигүй байх ёстой гэсэн өрөөсгөл хүлээлт юм. Эммаусын шавь нар өөр нэгэн төгсгөлийг буюу загалмайн зовлонг амсахгүй Мессиаг (Аврагчийг) найдан хүлээж байсан учраас гунигтай алхаж байлаа. Есүсийн булш хоосон байсныг дуулсан боловч тэд инээмсэглэж чадахгүй байв. Гэвч Есүс тэдний хажууд ирж алхангаа, зовлон зүдгүүр нь Тэнгэрбурханы амлалт худал байсныг биш, харин Тэнгэрбурхан Өөрийн хайрын цар хүрээгээ илэрхийлэхээр сонгосон тэрхүү зам байсан гэдгийг тэдэнд тэвчээртэйгээр ойлгуулдаг (харьц. Лук 24:13-27).

Эцэст нь Эзэнтэй хамт ширээний ард сууж, Түүнийг талх хуваах үед тэдний нүд нээгддэг. Тэгээд тэд өөрсдөө ч мэдээгүй байхад нь зүрх нь аль хэдийн асаж байсныг ухаардаг (харьц. Лук 24:28-32). Энэ бол хамгийн том гэнэтийн бэлэг юм: гонсойлт болон туйлдалтын үнсэн доор эргэн асахаа хүлээж буй амьд цог үргэлж байдгийг олж мэдэх явдал юм. 

Ах дүүс минь, Христийн амилалт бидэнд заадаг зүйл бол ямар ч уналт эцсийнх биш, ямар ч шөнө мөнх биш, ямар ч шарх үүрд нээлттэй үлдэхгүй тухай юм. Бид холдсон, төөрсөн, эсвэл үнэ цэнгүй мэт санагдсан ч Тэнгэрбурханы хайрын хүчийг юу ч унтрааж чадахгүй. 

Заримдаа бид Эзэн зөвхөн дотооддоо төвлөрсөн үед, сүнслэг байдлын хувьд хүчтэй үед, амьдрал маань эмх цэгцтэй, гэрэлтэй харагдах үед ирдэг гэж боддог. Гэтэл Амилсан Эзэн бидний бүтэлгүйтэлд, муудсан харилцаанд, өдөр тутмын хүнд хөдөлмөрт, биднийг зориггүй болгодог эргэлзээнд буюу яг л хамгийн харанхуй газарт ойртон ирдэг. 

Өнөөдөр амилсан Эзэн бидний яваа зам дээр хүн бүрийн дэргэд хамт алхаж байгаа. Ажил хөдөлмөр, үүрэг хариуцлагын зам ч бай, зовлон зүдгүүр, ганцаардлын зам ч бай тэрхүү зам дээр ирээд зүрхээ дулаацуулахыг зөөлөн гуйж байна. Тэр дуу чимээтэйгээр өөрийгөө тулгадаггүй, шууд танихыг шаарддаггүй. Тэвчээртэйгээр нүд маань нээгдэх мөчийг хүлээдэг, тэгээд найрсаг царайгаа харуулж, сэтгэл гонсойлтыг найдлага дүүрэн хүлээлт болгон, гунигийг талархал болгон, цөхрөлийг итгэл найдвар болгон хувиргадаг. 

Амилсан Эзэн зөвхөн өөрийн оршихуйг илэрхийлж, бидний замын анд болж, түүний амьдрал ямар ч үхлээс илүү хүчтэй гэдэгт итгэлийг бидний дотор асаахыг хүсдэг. Тиймээс бид түүний даруухан, нам гүм оршихуйг таних, сорилтгүй амьдралыг шаардахгүйгээр, харин хайр оршсон тохиолдолд ямар ч зовлон нь нэгдлийн орон зай болж чадна гэдгийг нээж мэдэх ивээлийг гуйцгаая. 

Ингээд Эммаусын шавь нар шиг бид ч бас гэртээ буцахдаа баяраар дүрэлзсэн зүрхтэй болцгооё. Энэ нь шархыг арилгадаггүй ч гэрэлтүүлдэг энгийн баяр хөөр юм. Эзэн амьд, бидэнтэй хамт алхаж байгаа, бидэнд үргэлж шинээр эхлэх боломж өгдөг гэдэг итгэлээс төрсөн баяр хөөр юм. 

 

08 Аравдугаар сар 2025, 16:47

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >