Хайх

Il Papa a Piazza San Pietro, l'udienza generale torna all'aperto

Пап Нийтийн бараалхал дээр: Сүмийн үүсэл гарал

Сүмийг тодорхойлохдоо, хамгийн түрүүнд Сүмийн үүсэл гарлыг тайлбарлахад гол анхаарлаа хандуулсан байдаг. Үүнийг гүйцэтгэхийн тулд 1964 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан Lumen gentium (Үндэстнүүдийн гэрэл) хэмээх Шашны тухай Ягшмал үндсэн хуульдаа Паул Гэгээнтний захидлуудаас "нууц" (mystery) хэмээх нэр томьёог иш татан ашигласан байдаг.

XIV ЛЕО 

НИЙТИЙН БАРААЛХАЛ

Петр Гэгээнтний талбай
2026 оны 2-р сарын 18, Лхагва гараг

Шашны сургалт. Ватиканы Хоёрдугаар Дээд Хурлын баримт бичгүүд. II. II. Үндэстнүүдийн гэрэл хэмээх Ягшмал үндсэн хууль. 1. Сүмийн нууцлаг/гүн мөн чанар, Тэнгэрбурхантай нэгдэх хийгээд хүн төрөлхтний нэгдмэл байдлын үзэгдэх тэмдэг (сакрамент) 


Хүндэт ахан дүүс нар минь өглөөний мэнд, тавтай морилно уу !

Хоёрдугаар Ватикан Дээд Хуралдааны баримт бичгүүд нь манай энэхүү сургаал номлолын гол цөм юм. Тус Хуралдаанд Сүмийг тодорхойлохдоо, хамгийн түрүүнд Сүмийн үүсэл гарлыг тайлбарлахад гол анхаарлаа хандуулсан байдаг.  Үүнийг гүйцэтгэхийн тулд 1964 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан Lumen gentium (Үндэстнүүдийн гэрэл) хэмээх Шашны тухай Ягшмал үндсэн хуульдаа Паул Гэгээнтний захидлуудаас "нууц" (mystery) хэмээх нэр томьёог иш татан ашигласан байдаг. Угтаа бол энэ нь яг эсрэгээрээ юм. Паул Гэгээнтэн энэ үгийг ашиглахдаа, ялангуяа Ефесчүүдэд бичсэн захидалдаа, өмнө нь нууцлагдмал байсан боловч одоо илчлэгдсэн тэрхүү бодит үнэнийг заахыг хүссэн юм.

Энэ нь Тэнгэрбурханы төлөвлөгөөг илэрхийлж байгаа бөгөөд уг төлөвлөгөөний зорилго нь: Загалмай дээрх үхлээр дамжин биелсэн Есүс Христийн эвлэрүүлэн зуучлах үйл хэргийн ачаар бүх бүтээлийг нэгтгэх явдал юм. Энэхүү бодит үнэн нь юуны түрүүнд литургийн баяр ёслолд (мөргөлд) цугларсан чуулганд биеллээ олдог: тэнд хүмүүс хоорондын ялгаа зааггүй, гагцхүү Христийн хайранд хөтлөгдөн хамтдаа байх нь л хамгийн эрхэм болдог. Тэрхүү хайр нь хүмүүс болон нийгмийн бүлгүүдийн хоорондох тусгаарлагч ханыг нураасан билээ (харьц Еф 2:14). Паул Гэгээнтний хувьд энэхүү "нууц" гэдэг нь Тэнгэрбурханаас бүх хүн төрөлхтний төлөө хэрэгжүүлэхийг хүссэн төлөвлөгөөний илчлэл бөгөөд энэ нь орон нутгийн (хэсэг бүлэг хүмүүсийн) туршлагаар дамжин танигдаж, улмаар хүрээгээ тэлсээр бүх хүн төрөлхтнийг, тэр байтугай орчлон ертөнцийг бүхэлд нь хамардаг байна.

Хэдийгээр хүн бүрийн зүрх сэтгэлийн гүнд нэгдмэл байх гэсэн хүсэл эрмэлзэл оршдог боловч, хүн төрөлхтний өнөөгийн нөхцөл байдал нь өөрийн хүчээр үл засаж залруулж чадах тийм л хагарал бутрал дунд байна. Энэхүү (тархай бутархай) нөхцөл байдалд Есүс Христ биечлэн оролцож, Ариун Сүнсний тусламжтайгаар бүхий л хагарал бутралын үндэс болон 'Хуваагч'-г даран номхруулдаг. Айлдлын тунхагт итгэж, хамтдаа мөргөл үйлдэхээр нэгдэн цуглах үед Христийн загалмайн тэрхүү нууцлаг хүч биднийг өөртөө татдаг. Учир нь загалмай бол Тэнгэрбурханы хязгааргүй хайрын хамгийн тод илэрхийлэл билээ. Энэ нь Тэнгэрбурханаар дуудагдсан хүмүүсийн нэгдэл юм. Тийм ч учраас ekklesía хэмээх нэр томьёог ашигладаг бөгөөд энэ нь өөрсдийгөө Тэнгэрбурханы дуудлагаар цугларсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн сүм чуулганыг хэлж байгаа юм. Иймээс энэхүү нууц болон Сүмийн хооронд салшгүй холбоо оршдог: Сүм бол тэрхүү нууцын харагдахуйц бөгөөд мэдрэгдэхүйц илрэл юм.

Тэнгэрбурханы дуудлагаар энэхүү нэгдэл бий болсон тул энэ нь зөвхөн тодорхой бүлэг хүмүүсээр хязгаарлагдаж үл болно, харин бүх хүн төрөлхтний хамтын туршлага болох учиртай юм. "Ватиканы Хоёрдугаар Дээд Хурлаас гаргасан Үндэстнүүдийн Гэрэл (Lumen Gentium) Ягшмал Үндсэн хуулийн эхэнд: 'Сүм бол Христ доторх нууцлаг тэмдэг (сакрамент) мэт бөгөөд энэ нь Тэнгэрбурхантай нэгдэх нэгдлийг болон бүх хүн төрөлхтний эв нэгдлийг илэрхийлэгч бэлгэ тэмдэг, түүнд хүргэх зэмсэг нь юм (1 дүгээр зүйл) хэмээн заасан байдаг. Сакрамент' хэмээх нэр томьёо болон түүний дагалдах тайлбараар дамжуулан Сүм бол хүн төрөлхтний түүхэнд Тэнгэрбурханы хэрэгжүүлэхийг хүссэн зорилгын бодит илэрхийлэл юм гэдгийг заахыг зорьсон байдаг. Тиймээс бид Сүмийн оршин буй мөн чанарыг ажигласнаар Тэнгэрбурханы авралын төлөвлөгөө болон тэрхүү нууцыг таньж мэдэх боломжтой юм. Энэ утгаараа Сүм нь нэгэн төрлийн бэлгэ тэмдэг болдог. Гэхдээ 'сакрамент' гэх үгэн дээр 'зэмсэг' (арга хэрэгсэл) гэсэн тодотголыг нэмсэн нь Сүм бол зүгээр нэг тэмдэг төдий бус, харин Тэнгэрбурханы хүсэл зоригийг хэрэгжүүлэгч идэвхтэй тэмдэг гэдгийг илэрхийлж буй юм. Үнэхээрийн, Тэнгэрбурхан авралын түүхийн урт замналд үйл хэргээ хэрэгжүүлэхдээ Өөрийнх нь ивээлийг хүртэгчдийг үйл ажиллагаандаа татан оролцуулдаг. Чухамхүү Сүмээр дамжуулан Тэнгэрбурхан хүмүүсийг Өөртэйгөө нэгтгэх, мөн тэднийг хооронд нь эвлэрүүлэн нэгтгэх зорилгодоо хүрдэг билээ.   

Тэнгэрбурхантай тогтоосон нэгдэл нь хүмүүс хоорондын эв нэгдэл дотор тусгалаа олдог юм. Чухамхүү энэ л авралын жинхэнэ бодит туршлага билээ. Эрэл хайгуулч Сүмийн эцсийн цаг үе (эсхатологи)-н мөн чанарт зориулагдсан Үндэстнүүдийн гэрэл (Lumen Gentium) Ягшмал Үндсэн хуулийн 7 дугаар бүлгийн 48-р зүйлд Сүмийг зөвхөн сакрамент бус, харин 'авралыг түгээгч сакрамент' хэмээн тодотгосон нь тохиолдлын санамсаргүй зүйл биш юм: Тэнгэрт өргөгдсөн Христ бүх хүн төрөлхтнийг Өөртөө нэгтгэсэн юм' ( харьц Иохан 12:32) Үхлээс амилж (харьц Ром 6:9)  Өөрийн шавь нарт амийн эх ундарга болох Ариун Сүнсийг соёрхож, улмаар Сүмийг Өөрийн Бие болгон бүх нийтийн авралын нууцлаг тэмдэг (сакрамент) болгон байгуулсан юм. Эцэгийнхээ баруун талд заларсан Тэрээр хүмүүсийг Сүм рүү хөтөлж, Сүмээр дамжуулан Өөртэйгөө нэгтгэхийн тулд, мөн Өөрийн Бие ба Цусаар тэднийг тэжээн тэтгэж, Өөрийн алдар суут амиас хуваалцуулахын тулд энэ дэлхийд тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна.

Энэхүү бичвэр нь Есүсийн зовлон шаналал, үхэл болон амилалтын нууц болох 'Паска'-гийн нэгтгэн зангидах хүч болон Сүмийн мөн чанар хоорондын уялдаа холбоог ойлгох боломжийг бидэнд олгож байна.  Үүний зэрэгцээ, энэ нь бидэнд амилсан Христийн Бие, түүхийн нугачаан дундуур аялж буй Тэнгэрбурханы цорын ганц ард түмэн болох Сүмд харьяалагдаж байгаадаа талархах сэтгэлийг төрүүлдэг. Сүм нь хагарал бутралтай хүн төрөлхтний дунд ариусгагч оршихуй болон оршиж, үндэстэн угсаатнуудын хоорондох эв нэгдэл, эвлэрлийн бодит тэмдэг болж байдаг билээ.

____________________________________________________

Тусгай мэндчилгээ

Өнөөдрийн бараалхалд хүрэлцэн ирсэн англи хэлтэй сүсэгтнүүд болон зочид, тэр дундаа Англи, Шотланд, Ирланд, Финланд, Нидерланд, Филиппин болон Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн та бүхэндээ энэ өглөөний халуун мэндийг хүргэе. Чикагогийн Лоёола их сургуулийн Ром дахь салбарын оюутнуудад онцгойлон мэндчилж байна. Өнөөдөр бид мацаг барих 'Дөчин хоног'-ийн аяллаа эхлүүлж буй энэ үед, Тэнгэрбурханы биднийг гэх хайранд илүү сайн хариу барьж, тэрхүү хайраа бусадтай хуваалцахын тулд зүрх сэтгэлийн маань эрс өөрчлөлт (гэмшил)-ийг хайрлахыг Эзэнээсээ гуйцгаая. Та бүхэн болон танай гэр бүлд Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг хүсэн ерөөж байна. Тэнгэрбурхан та бүгдийг адислаг!

_____________________________

Гэгээн эцэгийн сургаалийн хураангуй

Эрхэм хүндэт ахан дүүс минь,

Ватиканы Хоёрдугаар Дээд Хурлын тухай үргэлжлүүлэн хүргэж буй шашны сургалтаараа (катехезис) бид Тэнгэрбурханы илчлэлтийн олон талт байдлын талаар тунгаан үзлээ. Тухайлбал, Тэнгэрбурхан Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан бүх хүн төрөлхтнийг Өөртэйгөө нэгтгэх хайрын нууцлаг төлөвлөгөөгөө хэрхэн илчилснийг бид харсан билээ. Чухамхүү энэхүү нууцын хүрээнд л бид Сүмийн үүсэл гарал болон эрхэм зорилгыг бүрэн ойлгож чадах юм.Үүний дагуу өнөөдөр бид Сүмийг энэхүү авралын төлөвлөгөөний "тэмдэг" бөгөөд "зэмсэг" хэмээн тодорхойлсон Сүмийн тухай Lumen Gentium Ягшмал Үндсэн хуулийг авч үзэж байна. Тэмдэг болох нь: Сүмийн хамт олон нь Христийн загалмай болон амилалтаар тогтоогдсон тэрхүү нэгдлийг өнөөгийн ертөнцөд харагдахуйц байдлаар илэрхийлдэг. Зэмсэг болох нь: Тэнгэрбурхан хүмүүсийг Өөртэйгөө нэгтгэж, тэднийг хооронд нь эвлэрүүлэн зангидах зорилгодоо Сүмээр дамжуулан хүрдэг билээ.

Хагарал бутрал бүхий энэ ертөнцийн дундуур замнан алхаж буй энэ үед, Сүмийг ариусгах болон эвлэрүүлэх эрхэм зорилгод нь үргэлжлүүлэн хөтлөхийг Эзэнээсээ гуйн залбирцгаая.

 

                                                                                                                     

 

18 Хоёрдугаар сар 2026, 14:53

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >