Хайх

2026.03.04 2° parte Udienza Generale

Пап Нийтийн бараалхал дээр: Сүмийн цогц байдал

Үндэстнүүдийн гэрэл хэмээх ягшмал үндсэн хуульд Сүмийг хүн төрөлхтний болон тэнгэрлэг шинж чанарууд нь салангид бус боловч тус тусын онцлог шинж чанарыг агуулан зэрэгцэн оршдог, төгс зохицол бүхий нэгэн цогц бие хэмээн тэмдэглэсэн байдаг.

XIV ЛЕО

НИЙТИЙН БАРААЛХАЛ

Петр Гэгээнтний талбай
  2026 он 3-р сарын 4, Лхагва Гараг

___________________________________

Шашны сургалт. Ватиканы Хоёрдугаар Дээд Хурлын баримт бичгүүд. II. II. Үндэстнүүдийн гэрэл хэмээх Ягшмал үндсэн хууль. 2. Сүм: Харагдахуйц болон Сүнслэг Бодит Байдал

Хүндэт ах дүү нар аа, өглөөний мэнд, тавтай морилно уу! 

Өнөөдөр бид Сүмийн тухай өгүүлдэг үндсэн баримт бичиг болох "Lumen gentium" (Үндэстнүүдийн гэрэл) хэмээх ягшмал үндсэн хуулийн талаарх судалгаагаа үргэлжлүүлэх болно.

Нэгдүгээр бүлэгт Сүм гэж юу болох тухай асуултад хариулахыг голчлон зорьсон бөгөөд үүнд Сүмийг “цогц бодит байдал” (8-р зүйл) хэмээн тодорхойлсон байдаг. Одоо бид өөрсдөөсөө асууя: энэхүү "цогц" байдал нь яг юунаас бүрддэг юм бол?

Зарим хүмүүс Сүмийг тайлбарлахад хэцүү «төвөгтэй» учраас цогц гэж хариулж магадгүй юм. Харин бусад нь түүний энэ цогц байдал нь хоёр мянган жилийн түүхэнд нэвчсэн, өөр ямар ч нийгэм, шашны бүлгээс ялгаатай өвөрмөц шинж чанартай институци (тогтолцоо) гэдгээс нь үүдэлтэй хэмээн боддог байж болох юм. Юутай ч латин хэлэнд «complex» (цогц) гэдэг үг нь нэгэн ижил бодит байдал доторх өөр өөр талууд эсвэл хэмжээсүүдийн эмх цэгцтэй нэгдэл хэмээх утгыг илүүтэй агуулдаг байна. Энэ шалтгааны улмаас Үндэстнүүдийн гэрэл хэмээх ягшмал үндсэн хуульд Сүмийг хүн төрөлхтний болон тэнгэрлэг шинж чанарууд нь салангид бус боловч тус тусын онцлог шинж чанарыг агуулан зэрэгцэн оршдог, төгс зохицол бүхий нэгэн цогц бие хэмээн тэмдэглэсэн байдаг.

Эхний хэмжээс бол нэн түрүүнд бидэнд илэрхий харагдаж байгаагаар Сүм бол Христэд итгэгч байхын баяр баясгалан ба сорилт бэрхшээл, өөрсдийн давуу болон сул талаа хуваалцаж болох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэгдэл хийгээд Айлдалыг тунхагласнаар бидний амьдралын аян замын турш хамтдаа алхдаг Христийн оршихуйн тэмдэг болдог билээ. Гэвч Сүмийн институцийн зохион байгуулалтаас тодорхой харагддаг энэхүү тал нь түүний жинхэнэ мөн чанарыг тодорхойлоход хангалтгүй юм. Учир нь Сүмд мөн тэнгэрлэг мөн чанар ч мөн оршдог билээ. Энэхүү тэнгэрлэг хэмжээс нь Сүмийн гишүүдийн оюун санааны давуу байдал эсвэл төгс төгөлдөр байдалд оршдоггүй. Харин Сүм нь Христээр дамжин хэрэгжсэн, хүн төрөлхтний төлөөх Тэнгэрбурханы төлөвлөгөөнөөс үүсэлтэй гэдэгт оршиж байдаг юм

Иймээс Сүм нь хоёрдмол боловч үл салгаж болох талуудыг агуулсан бөгөөд энэ дэлхий дээрх хүмүүсийн нэгдэл ба Христийн нууцлаг бие, нүдэнд харагдахуйц чуулган, оюун санааны нууц, түүхэн цаг хугацаанд оршиж буй бодит байдал бөгөөд тэнгэрийн орныг зорин аялж буй ард түмэн бөлгөө (LG, 8; CCC, 771).

Хүмүүний ба тэнгэрлэг мөн чанар нь бие биеэ үгүйсгэж, халхлахгүйгээр зохицон нэгддэг бөгөөд Сүм нь энэхүү «парадокс» буюу үл нийцэх нэгдэл дунд оршдог. Сүм бол хүмүүний болон тэнгэрлэг шинжийг хоёуланг нь агуулсан бодит байдал бөгөөд нүгэлтнүүдийг хүлээн авч, Тэнгэрбурхан руу хөтөлдөг. Сүмийн энэхүү нөхцөл байдлыг тайлбарлахын тулд Үндэстнүүдийн гэрэл хэмээх ягшмал үндсэн хууль нь Христийн амьдралыг жишээ болгон татдаг. Үнэндээ Палестины хээр хөндий толгод дунд Есүстэй таарсан хүмүүс Түүний хүмүүн төрх, мэлмий, мутар болон дуу хоолойг нь биечлэн мэдэрсэн байдаг бусуу. Түүнийг дагахаар шийдсэн хүмүүс Түүний энэрэнгүй харц, мутрын адис болон чөлөөлж, анагаах хүчтэй үгсийг биечлэн мэдэрснээр сэтгэл нь хөдөлсөн билээ. Мөн шавь нар нь тэрхүү Хүмүүнийг дагаснаар Тэнгэрбурхантай учрах үүд хаалгаа нээсэн юм. Үнэхээрийн Христийн бие махбод, дүр төрх, үйл хөдлөл болон үгс нь үл үзэгдэх Тэнгэрбурханыг илэрхий таниулж байдаг билээ.

Христийн энэхүү бодит оршихуйн гэрэлд бид Сүм рүү дахин анхаарлаа хандуулцгаая. Сүмийг ойроос ажиглахад, тэр нь жирийн хүмүүсээс бүрдсэн хүмүүний мөн чанарыг агуулсан болохыг бид олж харж болно. Тэдгээр хүмүүс заримдаа Айлдалын гоо үзэсгэлэнг  улам гэрэлтүүлж байдаг бол, заримдаа бусдын адил зовж зүдэрч, алдаж энддэг билээ. Гэсэн хэдий ч Христийн оршихуй болон Түүний аврах үйлс нь Сүмийн гишүүд болон түүний энэ дэлхий дээрх хязгаарлагдмал талуудаар дамжин илэрч байдаг юм. Ромын Пап XVI Бенедикт айлдсанаар, Айлдалын сургаал болон Сүмийн институцийн хооронд ямар ч зөрчил үгүй юм. Харин ч эсрэгээрээ Сүмийн бүтэц зохион байгуулалт нь "бидний цаг үед Айлдалыг бодитоор хэрэгжүүлэх, биежүүлэхэд" чиглэгддэг билээ (Швейцарын хамба нарт хандаж хэлсэн үгнээс, 2006 оны 11-р сарын 9). Энэ дэлхийгээс ангид орших төгс хийгээд туйлын ариун Сүм гэж үгүй; гагцхүү түүхийн цаг хугацаанд биелэгдсэн Христийн цорын ганц Сүм л оршдог билээ.

Сүмийн ариун чанар чухам үүнд л оршдог: Христ Өөрөө Сүм дотор оршин байж, гишүүдийнхээ эгэл даруу мөхөс хэврэг шинжээр дамжуулан Өөрийгөө зориулсаар байдагт л хамаг учир оршином. Түүн дотор ямагт тохиолддог энэ мөнхийн гайхамшгийг тунгаан бодохдоо бид ‘Тэнгэрбурханы арга барилыг’ олж мэддэг: Тэрээр өөрийгөө бүтээлүүдийнхээ сул дорой байдлаар дамжуулан ил болгож, өөрийн оршихуй болон үйл хэргээ тасралтгүйгээр илэрхийлсээр байдаг. Ийм учраас Пап Францис (Evangelii gaudium) сургаалдаа 'бусдын ариун дагшин орон зайн өмнө шаахайгаа тайлж' сурахыг бид бүхэнд уриалсан байдаг (Ex  3:5-ыг үзнэ үү) no. 169). Энэ нь өнөөдөр ч бидэнд Сүмийг цогцлоон байгуулах боломжийг олгодог: ингэхдээ зөвхөн харагдахуйц хэлбэрдэлтээр бус, харин бидний хоорондын эв нэгдэл, хайр энэрлээр дамжуулан Христийн бие болох сүнслэг гэрийг босгохыг хэлж байгаа юм.

Үнэхээр ч хайр энэрэл нь Амилсан Эзэний оршихуйг цаг ямагт бий болгож байдаг. 'Хэрэв бид бүгдээрээ гагцхүү ганцхан зүйлийн тухай буюу хайр энэрлийн тухай л тунгаан бодож чаддаг сан бол! Тэр л ганцаараа бүх зүйлээс дээгүүр оршдог бөгөөд тэр байхгүй бол бүх зүйл юу ч биш болох байлаа. Хайр энэрэл хаана ч байсан оршин байгаа газраа бүх зүйлийг өөртөө татаж байдаг юм (Номлол 354, 6, 6).

____________________________________________________

Тусгай мэндчилгээ:

"Өнөөдрийн Нийтийн бараалхалд оролцож буй Англи хэлтэй бүх мөргөлчид болон зочдод, тэр дундаа Англи, Энэтхэг, Филиппин, Сингапур, Вьетнам болон Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн бүлгүүдэд мэндчилгээ дэвшүүлье. Энэхүү Дөчин хоногийн цаг улирлын хугацаа нь та бүхэн болон танай гэр бүлийнхний хувьд ивээл болон сүнслэг шинэчлэлийн цаг байх болтугай хэмээн залбиран ерөөж, бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг та бүхэнд хүсэн ерөөе.

_____________________________

Гэгээн Эцгийн сургаалийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ, Ватиканы II хуралдааны тухай үргэлжлүүлэн хүргэж буй бидний сургаал (шашны сургааль) өнөөдөр (Lumen Gentium) хэмээх ягшмал үндсэн хуульд тусгагдсан Сүмийн хүнлэг болон бурханлаг шинж чанарын нууцыг авч үзэх болно. Есүсийн хүнлэг шинж чанар нь Түүний дэргэд хамт байсан хүмүүст илэрхий байсан шиг, Сүмийн хүнлэг шинж чанар нь ч мөн адил ойлгоход хялбар юм: Сүм бол өөрсдийн давуу тал болон дутагдалтай талуудтайгаа хамт Айлдлыг харагдахуйц бүтэц дотор тунхаглахыг эрмэлздэг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн нэгдэл юм. Харин Есүсийг илүү ойроос дагасан хүмүүс Түүний хүнлэг шинж чанар буюу хайр дүүрэн харц, нигүүлсэнгүй үйл хөдлөл, хүчирхэг үгс нь Түүний тэнгэрлэг чанарыг илэрхийлж байсныг танин мэдэж, улмаар энэ нь тэднийг авралд хөтөлсөн билээ. Христийн хайр халамжийн үнэнч гэрчүүд байхын төлөө бүгдээрээ хичээцгээе. Ингэснээр жинхэнэ Христэд итгэгчдийг тодорхойлдог бөгөөд Сүмийг цогцлоон бүтээдэг тэрхүү хайр энэрлийг хүн бүр биднээс болон бидний дундаас олж харах боломжтой болох юм.

 

04 Гуравдугаар сар 2026, 15:13

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >