Хайх

2026.02.04 Udienza Generale

Пап Нийтийн бараалхал дээр: Ариун Судар нь итгэгчдийн амьдрал хийгээд буянт үйлийг тэтгэхэд үйлчилдэг.

Судар нь агуулгаараа төдийгүй хэлний хэлбэрээрээ ч Тэнгэрбурханы хүмүүн бидэнд Өөрийгөө буулган хандах нигүүлслийг болон ойр байх хүслийг илчилдэг.

XIV ЛЕО 

НИЙТИЙН БАРААЛХАЛ

VI Паул танхим

2026 оны 2-р сарын 4, Лхагва гараг

Шашны хичээл. I Ватиканы II Дээд Хуралдааны баримч бичгүүд. Ягшмал Үндсэн Хууль “Тэнгэрбурханы Үг” (Dei Verbum). 4.Ариун судар: Хүний үгээр дамжин илэрхийлэгдсэн Тэнгэрбурханы Үг. 

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд, тавтай морилно уу! 

Сүүлийн долоо хоногуудад бид бүхний тунгаан эргэцүүлж буй «Dei Verbum» Ягшмал Үндсэн Хууль болох “Dei Verbum”-д (Дэй Вербүм -Тэнгэрбурханы Үг) зааснаар Сүмийн амьд уламжлалын гэрэлд уншигддаг Ариун судар бол Тэнгэрбурхан бүх цаг үеийн эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй үргэлжлүүлэн ярилцсаар байдаг онцгой уулзалтын орон зай юм. Тэнгэрбурхан ийнхүү ярилцсаар байдаг нь хүмүүс Түүнийг сонсоод, танин мэдэж, хайрлаасай хэмээх зорилготой билээ. Гэвч Библийн бичвэрүүд тэнгэрийн буюу хүний чадавхаас давсан хэлээр бичигдээгүй юм. Бидний өдөр тутмын амьдралын бодит байдал харуулдагчлан, өөр өөр хэлээр ярьдаг хоёр хүн байвал тэд хоорондоо ойлголцох, харилцан яриа өрнүүлэх, харилцаа тогтоох аргагүй байдаг. Зарим тохиолдолд нөгөөдөө өөрийгөө ойлгуулна гэдэг нь хайрыг илэрхийлсэн анхны үйлдэл болдог. Тиймээс Тэнгэрбурхан хүний хэлийг ашиглан ярихыг сонгодог бөгөөд ийнхүү Ариун Сүнсний нөлөөгөөр олон зохиолчид Ариун Судрын бичвэрүүдийг сийрүүлэн бичжээ. Эл Ягшмал Үндсэн Хуулийн баримт бичигт сануулснаар, «Тэнгэрбурханы үгс хүний хэлээр дамжин илэрхийлэгдэж, хүний хэл яриатай ижилссэн юм. Энэ нь мөнхийн Эцэгийн Үг (Логос) нэгэн цагт хүний сул дорой махан биеийг авч хүн болсны адил бөлгөө» (DV, 13). Иймээс Судар нь агуулгаараа төдийгүй хэлний хэлбэрээрээ ч Тэнгэрбурханы хүмүүн бидэнд Өөрийгөө буулган хандах нигүүлслийг болон ойр байх хүслийг илчилдэг. 

Сүмийн түүхэн явцад Ариун бичвэрүүд тэнгэрлэг Зохиогч болон хүн бүхий зохиогчдын хоорондын харилцааг судалсаар ирсэн. Олон зуун жилийн турш олон теологичид Ариун судрын тэнгэрлэг нөлөөг хамгаалахдаа хүн бүхий зохиогчдыг Ариун Сүнсний идэвхгүй багаж төдийхөн үздэг байв. Харин сүүлийн үед энэ талаарх эргэцүүлэл ариун бичээсүүдийг бичсэн хүмүүсийн гүйцэтгэсэн үүргийг эргэн үнэлэх болсон бөгөөд Дээд Хуралдааны баримт бичигт Тэнгэрбурханыг гол «зохиогч» гэж нэрлэхийн сацуу, тэдгээр бичээч нарыг ч мөн ариун номуудын «жинхэнэ зохиогчид» хэмээн тодорхойлох болсон байна. (харьц. DV, 11). Өнгөрсөн зууны нэгэн мэдлэгтэй тайлбарлагчийн хэлснээр «Хүний энэхүү хамтын ажиллагааг ердийн нэг хуулан бичээчийн түвшинд адилтган доройтуулах нь Тэнгэрбурханы үйлийг өргөмжилж буй хэрэг биш билээ». [1]  Тэнгэрбурхан хүнийг болон хүний дотоод чадавхийг хэзээ ч үгүйсгэн дарангуйлдаггүй юм!  

Иймээс хэрэв Судар нь хүний үгээр дамжин илэрхийлэгдсэн Тэнгэрбурханы үг мөн юм бол, энэ хоёр талын аль нэгийг орхигдуулах эсвэл үгүйсгэх аливаа хандлага нь өрөөсгөл болох юм. Үүнээс үзвэл, ариун бичээсүүдийг зөв тайлбарлахад тухайн эх бичвэрүүд боловсорч гарсан түүхэн орчин нөхцөл болон ашигласан уран зохиолын хэлбэрүүдийг анхаарахгүй байж болохгүй. Үнэндээ, Тэнгэрбурханы авч ашигласан хүмүүний үгсийг судлахаас татгалзах нь Судрыг фундаменталист (хэт туйлширсан) эсвэл хэт хийсвэр байдлаар уншихад хүргэж, улмаар утга санааг нь гажуудуулна. Энэ зарчим нь Тэнгэрбурханы Үгийг тунхаглахад ч хамаатай: Хэрэв тунхаглал нь бодит амьдралаас тасарч, хүмүүсийн итгэл найдвар, зовлон зүдгүүрийг хөндөхгүй бол, эсвэл ойлгомжгүй, харилцан ойлголцоход бэрх, цаг үедээ тохироогүй хэл яриа ашиглавал ямар ч үр дүнгүй болно. Үеийн үед Сүм хийд нь Тэнгэрбурханы Үгийг тухайн түүхэн цаг хугацаанд нийцсэн, хүний зүрх сэтгэлд хүрэхүйц хэлээр дахин дамжуулахаар дуудагддаг. Ромын Пап Францисын сануулснаар: «Бид эх сурвалж руугаа буцаж, Сайн Мэдээний анхны шинэ байдлыг эргүүлэн авчрахыг хичээх бүрд өнөөгийн ертөнцөд шинэ замууд, бүтээлч арга барилууд, илүү ойлгомжтой тэмдгүүд, ахин утга учиртай болсон үгсээр илэрхийллийн өөр хэлбэрүүд урган гардаг». [2]

Нөгөөтэйгүүр, Ариун Судрын тэнгэрлэг гарал үүслийг үл тоомсорлож, түүнийг ердөө хүний сургаал төдийхнөөр, эсвэл зөвхөн техникийн талаас нь судлах ямар нэгэн зүйл эсвэл «зөвхөн өнгөрсөн үеийн» [3] бичвэр мэтээр ойлгох нь мөн адил өрөөсгөл хэрэг юм. Харин ч Судар нь, тэр дундаа литургийн үеэр тунхаглагдахдаа өнөөгийн итгэгчдэд хандаж үг хэлж, тэдний өмнө тулгарч буй асуудлуудыг багтаасан одоогийн амьдралд нь хүрч, цаашдын хийх алхам, гаргах шийдвэрүүдийг нь гэрэлтүүлэх зорилготой байдаг. Энэ нь итгэгчид ариун бичвэрүүдийг анх урам зориг хайрласан тэрхүү Ариун Сүнсний удирдамжийн дор уншиж, тайлбарлах үед л боломжтой болдог (харьц. DV, 12). 

Энэ утгаараа Ариун Судар нь итгэгчдийн амьдрал хийгээд буянт үйлийг тэтгэхэд үйлчилдэг. Гэгээн Августины тэмдэглэснээр: «Ариун Судрыг ойлгосон гэж боддог хэн боловч... тэрхүү ойлголтоороо Тэнгэрбурхан болон хөршөө хайрлах гэсэн хоёрмол хайрын барилгыг цогцлоон барьж чадахгүй байгаа бол тэрээр Судрыг хараахан ойлгоогүй хэрэг» [4] хэмээжээ. 

Ариун угаал хүртсэн хүмүүсийн гэрчлэлд даатгагдсан Сайн Мэдээ нь амьдрал болон бодит байдлын бүх хэмжигдэхүүнийг хамардаг, гэхдээ мөн түүнээс даван гарсан утга агуулгатай зүйл гэдгийг Судрын тэнгэрлэг гарал үүсэл сануулж байдаг. Сайн Мэдээг зөвхөн хүмүүнлэг эсвэл нийгмийн шинжтэй захиас болгон хувиргаж болохгүй бөгөөд энэ нь Тэнгэрбурхан Есүс Христээр дамжин бидэнд хайрласан дүүрэн хийгээд мөнх амьдралын баярт тунхаглал юм. 

Эрхэм ах дүүс нар аа, Эзэн энэрэл хайраараа бидний амьдралыг Өөрийн Үг хэмээх амин чухал тэжээлээр дутаагаагүйд талархацгаая. Мөн бидний хэлэх үгс, цаашлаад бидний амьдрал тэдгээр бичвэрт өгүүлэгдсэн Тэнгэрбурханы хайрыг бүү бүрхэгдүүлээсэй хэмээн залбирцгаая. 

[1] L. Alonso Schökel,  La parola ispirata. La Bibbia alla luce della scienza del linguaggio ( The Inspired Word. The Scripture in the Light of Language and Literature), Brescia 1987, 70.

[2] Francis, Apostolic Exhortation  Evangelii gaudium (24 November 2013), 11.

[3] Benedict XVI, Post-synodal Apostolic Exhortation  Verbum Domini (30 September 2010), 35.

[4] St. Augustine,  De doctrina christiana I, 36, 40.

 

04 Хоёрдугаар сар 2026, 15:14

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >