Хайх

2026.01.28 Udienza Generale

Пап Нийтийн бараалхал дээр: Ариун Бичээс ба Уламжлалын холбоо хамаарал

Сүмийн Уламжлал нь Тэнгэрбурханы Үгийг хадгалан хамгаалж, тайлбарлан таниулж, амиулан хэрэгжүүлдэг Сүмээр дамжин түүхэн хугацааны явцад мөчирлөн салаалж өргөжсөөр байдаг билээ.

Шашны хичээл. I Ватиканы II Дээд Хуралдааны баримч бичгүүд. Ягшмал Үндсэн Хууль “Тэнгэрбурханы Үг” (Dei Verbum). 3. Цорын ганц ариун өв сан. Ариун Бичээс ба Уламжлалын холбоо хамаарал

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд, тавтай морилно уу! 

Тэнгэрлэг Илчлэлтийн тухай Ватиканы II Дээд Хуралдааны Ягшмал Үндсэн Хууль “Тэнгэрбурханы Үг” (Dei Verbum)-ийг үргэлжлүүлэн уншихдаа, өнөөдөр бид Ариун Бичээс ба Уламжлал хоорондын холбоо хамаарлын талаар тунгаацгаая. Бид үүнийг Сайн Мэдээний айлдлын хоёр зураглал дээр үндэслэн ойлгох боломжтой. Эхний дүр зураг нь “Дээд өрөөнд” (Сүүлчийн зоог барьсан өрөө) өрнөдөг бөгөөд Есүс шавь нартаа хандсан гэрээслэл-сургаалдаа ийн айлджээ: «Би та нартай хамт байхдаа эдгээр зүйлсийг хэллээ. Харин Эцэг минь Миний нэрээр илгээх Туслагч буюу Ариун Сүнс та нарт бүх зүйлийг зааж, Миний хэлсэн бүхнийг та нарт сануулах болно. [...] Үнэний Сүнс ирэхдээ та нарыг бүх үнэн рүү хөтөлнө» (Иохан 14:25-26; 16:13). 

Харин хоёр дахь зураглал биднийг Галилейн толгод руу хөтөлнө. Амилсан Есүс гайхаж, эргэлзсэн шавь нартаа үзэгдээд, тэдэнд нэгэн даалгавар өгөв: «Явж, бүх үндэстнийг шавь болгогтун, [...] Миний та нарт тушаасан бүхнийг сахиулахыг тэдэнд заагтун» (Матай 28:19-20). Эдгээр хоёр зураглалаас Христийн айлдсан үг болон тэрхүү үг зуун дамжин түгэн дэлгэрэх үйл явцын салшгүй холбоо тодорхой харагдана. 

Үүнийг Ватиканы II Дээд Хуралдаан нэгэн сонирхолтой дүрслэлээр ийнхүү баталжээ: «Ариун Бичээс болон Ариун Уламжлал нь хоорондоо нягт хэлхээ холбоотой байдаг. Учир нь хоёулаа нэг л тэнгэрлэг эх сурвалжтай тул тодорхой утгаараа нэгэн бүхэллэг байдлыг бүрдүүлж, нэгэн ижил зорилго өөд чиглэдэг» (Dei Verbum, 9). Сүмийн Уламжлал нь Тэнгэрбурханы Үгийг хадгалан хамгаалж, тайлбарлан таниулж, амиулан хэрэгжүүлдэг Сүмээр дамжин түүхэн хугацааны явцад мөчирлөн салаалж өргөжсөөр байдаг билээ. Католик Сүмийн үндсэн сургаал бичиг (харьц. n.113) энэ талаар Сүмийн эцгүүдийн нэгэн алдартай үгийг сануулдаг: «Ариун Судар нь материаллаг хэрэгслүүд дээр буухаасаа өмнө Сүмийн зүрх сэтгэлд бичигдсэн юм». 

Дээр дурдсан Христийн үгсийн дагуу Дээд Хуралдаан нь батлахдаа: «Элчүүдээс эхтэй Уламжлал нь Ариун Сүнсний тусламжтайгаар Сүмд зогсолтгүй өрнөх үйл явц байдаг» (DV, 8) хэмээжээ. Энэхүү хөгжил нь «сүсэгтэн олны эргэцүүлэл болон судалгаа», «оюун санааны зүйлсийг илүү гүн гүнзгий танин мэдэхээс» үүдэн бий болсон туршлага, мөн бүхнээс илүүтэйгээр «үнэний найдвартай харизм»-ийг хүртсэн элчүүдийн залгамжлагчдын (Пап, хамбууд) номлолоор дамжин, утга учрыг нь бүрэн дүүрэн ойлгох замаар хэрэгждэг байна. Дүгнэж хэлбэл, «Сүм нь сургаал номлол, амьдрал болон мөргөл үйлдлээрээ дамжуулан итгэдэг бүх зүйлээ үеийн үед мөнхжүүлэн үлдээж, уламжлан дамжуулдаг» (ижил). 

Үүнтэй холбогдуулан Гэгээн Их Григорийн: «Ариун Судар нь түүнийг уншиж буй хүмүүстэй хамт өсөн томордог» [1] хэмээх алдартай хэллэг байдаг. Мөн үүнээс өмнө Гэгээн Августин: «Ариун Судар бүхэлдээ Тэнгэрбурханаас бидэнд хандсан ганц л үг яриа бөгөөд олон гэгээнтний амнаас цуурайтах Тэрхүү Үг (Христ) ч мөн ганц юм» [2] хэмээн баталж байжээ. Иймээс Тэнгэрбурханы Үг нь хөшиж царцсан зүйл биш, харин Уламжлал дотор хөгжиж, өсөж байдаг амьд бөгөөд органик бодит байдал юм. Энэхүү Уламжлал нь Ариун Сүнсний ачаар Үгэн дэх үнэний баялгийг танин мэдэж, түүнийг түүхийн хувьсан өөрчлөгдөх орон зайд бодит биелэл болгодог байна. 

Энэхүү үзэл санааны хүрээнд Сүмийн эрдэмтэн Гэгээн Жон Хенри Ньюманы «Христийн сургаалын хөгжил» хэмээх бүтээлдээ дэвшүүлсэн зүйл нь сонирхолтой. Тэрээр загалмайн шашин нь хамт олны амьд харилцааны туршлага болоод сургаал номлолынхоо хувьд ч динамик (тасралтгүй хөдөлгөөнд оршиж, хөгжиж байдаг) бодит байдал бөгөөд үүнийг Есүс үрийн тухай сургаалт зүйрлэлээр (Марк 4:26-29) илэрхийлсэн хэмээн баталж байв. Энэ нь дотоод амин хүчнийхээ ачаар тасралтгүй хөгжиж байдаг амьд шинжтэй бодит байдал юм. [3]

Элч Паул өөрийн шавь, хамтран зүтгэгч Тимотод: «Өө, Тимот оо, чамд хариуцуулсныг хамгаал» (1 Тим 6:20; мөн 2 Тим 1:12,14-ийг үзнэ үү) хэмээн олонтаа уриалан сануулсан байдаг. Дей Вербум (Dei Verbum)-д Элч Паулын энэхүү үгийг эш татан: «Ариун Уламжлал болон Ариун Судар нь Сүмд итгэмжлэгдсэн Тэнгэрбурханы Үгийн цорын ганц үнэт өвийг бүрдүүлдэг» хэмээгээд, тэрхүү үнэт өв «Есүс Христийн нэрээр эрх мэдэл нь хэрэгжиж буй Сүмийн амьд сургаал» тайлбарлан хүргэдэг хэмээн өгүүлсэн байдаг (№10).
Итгэмжлэн хадгалуулсан зүйл гэдэг нь анхдагч утгаараа хууль зүйн шинж чанартай нэр томьёо бөгөөд хадгалан хамгаалагч талд уг зүйлийг, өөрөөр хэлбэл энэ тохиолдолд итгэлийн үнэт өвийг бүрэн бүтэн байдлаар нь хадгалж, өвлүүлэн дамжуулах үүргийг хүлээлгэдэг. 

Тэнгэрбурханы Үгийн энэхүү "үнэт өв" нь өнөөдөр ч Сүмийн гар дээр байгаа бөгөөд шашны олон алба үйлчлэлд оролцож буй бид бүгд түүний бүрэн бүтэн байдлаар нь үргэлжлүүлэн нандигнан хамгаалах ёстой. Энэхүү Үг нь түүхийн ээдрээтэй үед болон хүний оршин тогтнохуйн замыг чиглүүлэгч Алтан гадас од мэт юм.  

Эрхэм хүндэт ахан  дүүс ээ, эцэст нь дүгнэж хэлэхэд, Ариун Судар болон Уламжлалын хоорондын салшгүй нягт холбоог өргөмжилдөг "Дей Вербум" баримт бичгийг үгийг дахин нэг удаа сонсоцгооё. Уг баримт бичигт «Тэдгээр нь бие биетэйгээ маш нягт холбогдож, сүлжилдсэн байдаг тул тусдаа орших боломжгүй бөгөөд нэгэн Ариун Сүнсний нөлөөн дор тус тусын замаар сүнсний авралд үр дүнтэйгээр хувь нэмэр оруулдаг» (№10-ыг үзнэ үү) хэмээн тэмдэглэжээ. 

 ______________________________________________

[1]  Homiliae in Ezechielem I, VII, 8: PL 76, 843D.

[2]  Enarrationes in Psalmos 103, IV, 1

[3] Cfr. J.H. Newman, Lo sviluppo della dottrina cristiana, Milano 2003, p. 104.

 

28 Нэгдүгээр сар 2026, 15:03

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >