Хайх

2026.06.03 Udienza Generale

Нийтийн бараалхал: Сүмийн зан үйл нь эрх чөлөөг хайрцаглаагүй

Зан үйл нь биднийг нарийн тогтоосон үйл хөдлөл, залбирлын дараалалд хөтөлдөг бөгөөд энэ нь заримдаа бидний өөрийн зоргоороо, чөлөөтэй байх гэсэн хувийн хүсэл сонирхолтой зөрчилдөх шиг санагдаж болно.

 

Сургаал айлдвар . Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдааны баримт бичгүүд. III.  Sacrosanctum Concilium" Үндсэн хууль. 3. Зан үйл, тэмдэг ба бэлгэдэл

Эрхэм хүндэт ахан дүүс ээ, 

Бид Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдааны «Сакросанктум Кончилиум» (SC) Үндсэн хуультай холбоотой сургаалаа үргэлжлүүлж байна. Энэ удаад ариун литургийг бүрдүүлэгч зан үйл, тэмдэг болон бэлгэдлийг тунгаан бодохыг хүслээ.

Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдаан нь Литургийн хөдөлгөөний үнэт ололт амжилт дээр тулгуурлан, эхэн үеийн Сүмийн ухамсар, Сүмийн эцгүүдийн сургаалд маш тод хадгалагдаж байсан нэгэн үнэнийг бидэнд дахин нээж өгсөн юм. Христийн шашны литургийн зан үйлүүд нь сакраментийн далд нууцыг халхалсан гадаад хэлбэр төдий өнгөн бүрхүүл, эсвэл дур зоргоороо зохиосон зан үйлийн цуглуулга огтоос биш бөгөөд харин ч Тэнгэрбурханы хишиг ивээлийг бидэнд дамжуулан хүргэдэг Сүмийн зуучлал юм. Яг үүний улмаас л литургид зан үйл болон залбирлаар дамжин хэрэгждэг Итгэлийн нууцыг (Mysterium fidei) гүнээ ухаарч ойлгохыг тус Дээд Хуралдаанаас бидэнд уриалдаг билээ (сfr. SC, 48). 

Зан үйл нь литургийн үйл ажиллагааг эмх цэгцтэй болгоод зогсохгүй Есүс Христээр дамжуулан Тэнгэрбурханы оршихуйг сэтгэлээрээ мэдрэх боломжтой тийм л сүнслэг мэдрэмжийг бидэнд төрүүлдэг юм. Мэдээж хэрэг, хэрэв бид мөргөлийн үеэр хөндлөнгийн хүн шиг эсвэл дуугүй суух үзэгч төдий байлгүй, харин Эзэний захирамжын дагуу бие сэтгэл, оюун бодлоороо бүрэн дүүрэн оролцож чадвал энэ бүхэн биеллээ олно. Бид энэхүү ариун зан үйлээр дамжуулан Тэнгэрбурханы үгийг сонсох, Түүнд талархаж, бишрэн мөргөх, мөн ахан дүүсийн хуваалцал болон сүмийн нэгдэлд суралцаж, төлөвшдөг. Үүний үр дүнд бид нэгэн ижил итгэлээр нэгдсэн, олон өнгө төрх бүхий нэгэн цул чуулал гэдгээ олж хардаг билээ. 

Зан үйл нь биднийг нарийн тогтоосон үйл хөдлөл, залбирлын дараалалд хөтөлдөг бөгөөд энэ нь заримдаа бидний өөрийн зоргоороо, чөлөөтэй байх гэсэн хувийн хүсэл сонирхолтой зөрчилдөх шиг санагдаж болно. Гэвч зан үйлийн үндсэн логик нь хүний эрх чөлөөг хатуу хайрцагласан явдал огтоос биш юм. Харин ч тэрхүү эрхэмсэг атлаа эгэл даруу хэмнэлээрээ бидний өдөр тутмын завгүй, хуурамч бужигнааныг түр зогсоож, хамгийн гол, хамгийн чухал зүйл рүү маань эргүүлэн хөтөлдөг. Ингэснээр бид үр ашиг, ашиг хонжоо хайсан тооцоотой бодлоор удирдуулдаагүй өөр нэгэн үйлдлийн хэмжүүрийг олж харж, цаг хугацаа болон орон зайн өөр нэгэн туршин мэдэрдэг. Зан үйл дотроос Тэнгэрбурханы хариу нэхээгүй логикийг мэдэрч, зүрх сэтгэлийг сэргээн шинэчилдэг амралтыг олж авдаг бөгөөд Тэнгэрбурханы ивээл үргэлж биднээс урьтаж алхам хийдгийг ухаарч, Ариун Сүнсийг дотроо амьдруулж тэрхүү хэмнэлээр амьдарч сурдаг билээ. 

Зан үйлийн дүрэм нь литургийн өөрийнх нь эд зүйлс үйл хөдлөл, бэлгэдлүүдтэй салшгүй холбоотой байдаг. Энэ тухай Ватиканы Дээд Хуралдаанаас "Хүмүүнийг ариусгаж буй утгыг мэдрэгдэх тэмдгүүд илэрхийлэх бөгөөд тэмдэг тус бүрийн шинж чанар бодитоор биелдэг" (SC, 7) хэмээн заажээ. Католик Сүмийн Сургаал Номлолд эдгээр тэмдгүүдийн үнэ цэнийг гүнзгийрүүлэн тайлбарлахдаа: "Тэдгээр тэмдгийн байгаль дэлхийн бүтээлд болон хүн төрөлхтний соёлд эзлэх үндсэн утга учир нь Хуучин Гэрээний үйл явдлуудад улам нарийн тодорхой болж улмаар Христийн бодгальд болон Түүний үйл хэргээр бүрэн дүүрэн ил болсон" (№ 1145) хэмээн тэмдэглэсэн байдаг. Үүний тод жишээ бол "Ус"-ны бэлгэдэл юм. Ертөнцийн бүтээлийн анхны өдрүүдээс Ноагийн үер, Улаан тэнгисийг гаталснаас Иордан гол хүртэл, цаашилбал Христийн хажуунаас урссан тэрхүү ус хүртэлх бүхий л түүх үүнийг гэрчилнэ. Энэхүү ус нь Христийн үхэл болон амилалтад шумбан орж буйн сакраментлаг (мэдрэхүйд илрэх) тэмдэг болдог билээ. 

“Тэмдэг” (sign) болон “бэлгэдэл” хэмээх үгсийг бид ихэвчлэн ижил утгаар хэрэглэдэг. Гэвч бодит байдал дээр тэмдэг нь зөвхөн нэг санааг илэрхийлээд зогсохгүй, утга учир болон үнэт зүйлсийн бүхэл бүтэн тогтолцоог илтгэж чаддаг байх үедээ л "бэлгэдэл" болон хувирдаг байна. Жишээлбэл, бидэн дээр ариун ус цавдах үед Баптисмын үед хүлээн авсан хишгүүд сэргэж, Христ доторх шинэ амьдралын амлалт дахин бадамладаг. Хоёрдугаарт, бэлгэдэл нь мөн чанартаа прагматик бөгөөд юуны түрүүнд өвдөг сөгдөх, амар амгаланг харилцан солилцох зэрэг энгийн ба нийтээр хийх үйлдлүүд байдаг. Үүнд мөн Сакрамент бүрийг бүрдүүлэгч тогтсон нарийн үйлдлүүд ч багтана. Хамгийн гол нь, бэлгэдэл гэдэг нь өөрийг нь бүрдүүдэгч биет элементүүд болон тэдгээрт хүрч буй хүмүүсийн аль алиныг нь хувирган өөрчлөх, нөлөөлөх онцгой чадвартай байдаг. Энэ нь хамтын мэдрэмжийг төрүүлж, зүрх сэтгэл, оюун бодлыг нь хөндөн, сүмд чин сэтгэлийн жинхэнэ харилцааг бий болгодог байна. 

Пап Францис "Desiderio desideravi" хэмээх захидалдаа Романо Гуардинигийн хэлсэн үгийг иш татан: "Литургийн боловсролтой холбоотой ажлын хамгийн эхний бөгөөд гол зорилго бол хүмүүнийг бэлгэдлийг дахин мэдэрч, ухаарах чадвартай болгох явдал юм" (№ 44) хэмээн тэмдэглэжээ. Бид литургийн зан үйлүүдээс суралцаж, аливаад дур зоргоороо хандалгүй, нарийн нандин мэдрэмжээр мөргөлийнхөө гоо үзэсгэлэнг тордон хамгаалж, "mystagogy" буюу нууцын гүн рүү хөтлөх чин үнэнч сургаальд өөрсдийгөө зориулах хэрэгтэй байна. Тохиромжтой мистагогийн сургаалаар баяжуулсан, амьд бөгөөд гүн бишрэл шингэсэн мөргөлийг биеэр мэдрэх нь хүн бүрийн зүрх сэтгэлд Тэнгэрбурхантай уулзах тэрхүү нээлттэй байдлыг дахин сэрээх хамгийн шилдэг арга зам юм. Инкарнацын (Бие махбоджилт) логикоор бол энэхүү уулзалт нь зөвхөн хүнийг амь сүнс, оюун сэтгэл, бие махбодыг нь бүхэлд нь хамарч байж л биелэлээ олох боломжтой билээ (харьц. 1 Тес 5:23). 

 

03 Зургаадугаар сар 2026, 00:00

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >