Хайх

2026.04.08 Udienza Generale

Нийтийн бараалхал: Ариун байдлын дээд илэрхийлэл

Бид бүгдээрээ Тэнгэрбурханы нигүүлслийг хүлээн авч, ариун амьдралаар амьдарч, Христийг даган дуурайхаар дуудагдсан билээ.

XIV ЛЕО

НИЙТИЙН БАРААЛХАЛ

Петр Гэгээнтний талбай
2026 оны 4-р сарын 8, Лхагва гараг

Шашны сургалт. Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдааны баримт бичгүүд. II.Үндэстнүүдийн гэрэл хэмээх Ягшмал үндсэн хууль. 7. Сүм дэх ариун байдал ба Сайн Мэдээний зөвлөмжүүд

Хайрт ахан дүүс нар аа, өглөөний мэнд! Та бүхэндээ халуун дотноор мэндчилж байна.

Ватиканы Хоёрдугаар Хуралдаанаас гаргасан Сүмийн тухай Lumen Gentium (Үндэстнүүдийн гэрэл) Ягшмал Үндсэн Хууль нь бүх сүсэгтнүүдийн ариун байдалд тэмүүлэх нийтлэг дуудлагад (томилолтод) зориулан бүхэл бүтэн нэг бүлэг буюу тавдугаар бүлгийг бүрэн зориулсан байдаг: Бид бүгдээрээ Тэнгэрбурханы нигүүлслийг хүлээн авч, ариун амьдралаар амьдарч, Христийг даган дуурайхаар дуудагдсан билээ. Хуралдаанаас гаргасан Үндсэн Хууль-д онцлон тэмдэглэснээр, ариун байдал нь цөөн хэдэн хүнд зориулагдсан онцгой эрх бус, харин ариун угаал хүртсэн хүн бүрийн дуудлага юм. Энэ нь хүн бүрийг хайр энэрлийн төгс байдалд, өөрөөр хэлбэл Тэнгэрбурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж, хөршөө өөрийн адил хайрлах хайрын дүүрэн байдалд хүрэхийг уриалсан нигүүлслийн бэлэг билээ. Хайр энэрэл бол бүх сүсэгтнүүдийн дуудагдсан тэрхүү ариун байдлын зүрх нь юм. Эцэг Тэнгэрбурханаас Хүү Есүсээр дамжуулан бидний дотор цутгагддаг энэхүү зөв журам (буян) нь “ариун байдалд хүрэх бүхий л арга хэрэгслийг залан жолоодож, тэдгээр арга хэрэгсэл бүрд амьд хүчийг өгч байдаг” (LG, 42). Сүмийн эхэн үеэс уламжлагдан ирсэн сургаалын дагуу ариун байдлын хамгийн дээд илэрхийлэл нь “итгэл болон хайр энэрлийн дээд гэрчлэл” (LG, 50) болох Христийн төлөө амь насаа өргөх явдал юм. Иймээс Хуралдааны баримт бичигт, Сүмийн түүхийн туршид үргэлжилсээр ирсэн энэ гэрчлэл өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй бөгөөд Христийг гэрчлэхийн төлөө шаардлагатай бол амь насаа зориулахад ч бэлэн байхыг сүсэгтэн бүрд уриалдаг (LG, 42-ыг үзнэ үү). Христийг гэрчлэхэд үргэлж бэлэн байх энэхүү сэтгэл нь итгэгчид нийгэмд итгэл, хайр энэрлийн шинж тэмдгийг үлдээж, шударга ёсны төлөө өөрсдийгөө зориулан зүтгэх бүрд бодитоор хэрэгждэг.

Бүх ариун ёслолууд (сакраментууд), нэн ялангуяа Евхарист нь ариун амьдралыг тэтгэн бэхжүүлдэг сүнслэг тэжээл бөгөөд хүн бүрийг ариун байдлын үлгэр жишээ, хэмжүүр болсон Христтэй улам адил болгон, Түүнтэй улам нягт нэгтгэдэг. Тэрээр Сүмийг ариусгадаг бөгөөд Тэр өөрөө Сүмийн Тэргүүн ба Хоньчин нь юм. Түүний ариун байдал нь бидэнд өгөгдсөн бэлэг бөгөөд бид энэхүү бэлгийг баяр хөөртэйгээр хүлээн авч, тууштай хичээл зүтгэлээр хариу барих бүрд энэ нь бидний өдөр тутмын амьдралд илэрч байдаг. Иймээс Гэгээн VI Паул Пап 1965 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Нийтийн бараалхлынхаа үеэр Сүм хийд жинхэнэ утгаараа оршин тогтнохын тулд ариун угаал хүртсэн бүх хүмүүс “ариун байх ёстой, өөрөөр хэлбэл Сүмийн үнэнхүү зохистой, хүчирхэг бөгөөд үнэнч үр сад нь байх” шаардлагатайг сануулсан байдаг”. Энэхүү ариун байдал нь хүн бүрийн амьдрал Ариун Сүнсний хүчээр Христтэй адилсан хувирах дотоод өөрчлөлтөөр хэрэгждэг  (харьц Ром 8:29; LG, 40).

Люмен Женциум (LG) баримт бичигт Католик Сүмийн ариун чанарыг Сүмийн үндсэн шинжүүдийн нэг хэмээн тодорхойлж, үүнийг итгэлээр хүлээн зөвшөөрөх ёстойг онцолдог. “Хэзээд гуйвшгүй ариун” (LG, 39) гэсэн тодорхойлолт нь Сүм аль хэдийн төгс ариун болсон гэсэн утгыг илэрхийлдэггүй. Харин Сүм мөнхийн зорилгодоо тэмүүлэн алхахдаа Тэнгэрбурханаас хүлээн авсан ариун байдлын бэлгийг улам бататган, түүгээрээ амьдрах тасралтгүй дуудлагыг илэрхийлдэг.

Иймээс Сүм нь, Гэгээн Августины хэлснээр, “ертөнцийн хавчлага, Тэнгэрбурханы тайтгарлын дунд” (De civitate Dei 18,51,2; LG, 8) түүхэн замналаа үргэлжлүүлэн туулсаар байдаг. Сүм хийд дотор, өөрөөр хэлбэл бид бүгдийн дунд нүгэл оршин буй тэрхүү гунигт бодит байдал нь хүн бүрийг амьдралдаа эрс шинэчлэл хийж, биднийг хайр энэрлээр шинэчилдэг Эзэндээ өөрсдийгөө даатгахыг уриалж байдаг. Сүм хийдийг ариусгагч энэхүү хязгааргүй ивээл ач тус л бидэнд өдөр бүр биелүүлэх ёстой нэгэн эрхэм үүргийг даалгадаг бөгөөд тэр нь бидний гэмшил, дотоод эрс өөрчлөлт (хувирал) юм. Иймээс ариун байдал нь хэдий чинээ агуу байхаас үл хамааран зөвхөн ёс зүйн үүрэг хариуцлага төдийхөн болж хувирдаг практик шинж чанартай зүйл биш юм. Харин Христийн шашинтны хувийн болон хамт олны амьдралынх нь мөн чанартай шууд холбогдох учиртай.

Энэ талаас харвал, Хуралдаанаас гаргасан Үндсэн хуулийн зургаа дахь бүлэгт (43–47-р зүйл) өгүүлсэн Тэнгэрбурханд зориулагдсан амьдрал онцгой ач холбогдолтой байр суурь эзэлж байна. Энэхүү амьдрал нь Тэнгэрбурханы ариун Ард түмний дунд шинэ ертөнцийн эш үзүүлэгийн тэмдэг болдог бөгөөд бид түүнийг яг одоо, түүхийн энэ цаг үед ч биеэр мэдэрч байна. Үнэхээр ч Сүм хийдийн амьдралд нууцлаг байдлаар хэдийнээ биеллээ олсон Тэнгэрбурханы Хаанчлалын тэмдгүүд нь Тэнгэрбурханд зориулсан амьдралын бүхий л хэлбэрийг тодорхойлдог сайн мэдээний зөвлөмжүүд болох ядуу даржин, цэвэр ариун /онгон/ ба  дуулгавартай байдал юм. Эдгээр гурван эрдэм (зарчим) нь эрх чөлөөг хааж боодог дүрэм журам биш, харин зарим сүсэгтнүүд өөрсдийгөө Тэнгэрбурханд бүрэн зориулахад тусалдаг Ариун Сүнсний бэлэг ивээл юм. Ядуу даржин байдал нь Тэнгэрлэг Өршөөл ивээлд бүрэн итгэж буйн илэрхийлэл бөгөөд хүнийг ашиг хонжоо харах, хувийн ашиг сонирхлоо хичээхээс чөлөөлдөг; дуулгавартай байдал нь Христ Эцэгтээ өөрийгөө өргөсөн тэрхүү золиослолыг үлгэр жишээгээ болгодог бөгөөд хүнийг хардаж сэрдэх, дарангуйлан ноёрхохоос чөлөөлдөг; харин ариун журам бол Тэнгэрбурхан болон Сүм хийдийн үйлсэд зориулагдсан, хайр халамжаар дүүрэн, бүрэн бүтэн бөгөөд ариун нандин зүрх сэтгэлийн бэлэг юм.

Тэнгэрбурхандзориулсан (сахилт амьдрал) амьдралаар амьдарч буй хүмүүс ийм хэв маягаар амьдарснаараа Сүмийн нийт гишүүдийн ариун байдалд тэмүүлэх нийтлэг дуудлагыг эрс тууштай шавь барилгын хэлбэрээр гэрчлэн харуулдаг байна. Сайн мэдээний зөвлөмжүүд нь Христийн амьдралд, тэр ч байтугай Түүний Загалмайн үхэл хүртэлх замд бүрэн оролцож буйн илэрхийлэл юм. Учир нь Загалмайд цовдлогдсон Тэрхүү Нэгэний золиослолоор л бид бүгд нүглээс аврагдаж, ариусгагдсан билээ! Энэхүү үйл явдлыг тунгаан бясалгаснаар, Тэнгэрбурханы авралд хүрээгүй хүний амьдралын ямар ч түүх, туршлага гэж байхгүйг бид ойлгодог билээ. Тэр ч байтугай Эзэний зовлон шаналалтай нэгдэн туулсан зовлон зүдгүүр нь хүртэл ариун байдалд хүрэх зам болж хувирдаг байна. Амьдралыг шинэчлэн өөрчилдөг энэхүү ивээл нь аливаа сорилт, бэрхшээлийн дунд биднийг хүчирхэгжүүлж, биднийг хүрч үл болох алс холын зорилгын зүг бус, харин хайрынхаа улмаас хүн болж бидний дунд бууж ирсэн Тэнгэрбурхантай нүүр тулан учрах тэрхүү уулзалтын зүг хөтөлдөг билээ.

Махбод болсон Үгийн ариун Эх, Хамгийн Ариун Охин Тэнгэр Мариа бидний аян замыг үргэлж ивээн тэтгэж, хамгаалан чиглүүлж байх болтугай.

***

УРИАЛГА

Ойрхи Дорнод болон дэлхий даяар үүсээд байсан туйлын түгшүүртэй байдал намжиж хэдэн цагийн дараа хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох шийдвэр зарласанд би туйлын сэтгэл хангалуун байж, үүнийг гүн гүнзгий итгэл найдварын тэмдэг хэмээн талархан хүлээн авч байна. Зөвхөн хэлэлцээрийн ширээний ард эргэн сууснаар л бид энэхүү дайныг эцэс болгож чадна.

Дипломат ажиллагааны энэхүү эмзэг, нарийн цаг үеийг залбирлаар дэмжихийг би та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна. Хэлэлцүүлэг, харилцан ойлголцолд тэмүүлэх сэтгэл нь дэлхий дээрх бусад мөргөлдөөн, зөрчилтэй нөхцөл байдлуудыг шийдвэрлэх гол хэрэгсэл болно гэдэгт итгэж байна.

Ирэх бямба гараг буюу 4 дүгээр сарын 11-ний өдөр Гэгээн Петрийн Цогчин Дуганд зохион байгуулагдах "Энх тайвны төлөөх шөнийн залбирал"-д надтай нэгдэхийг та бүхэнд дахин урьж байна.

_____________________________

Тусгай мэндчилгээ:

Өнөөдрийн нийтийн бараалхалд оролцож буй англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочид, түүний дотор Англи, Ирланд, Нигери, Австрали, Филиппин, Вьетнам болон Америкийн Нэгдсэн Улсаас хүрэлцэн ирсэн бүлгүүдэд тусгайлан мэндчилгээ дэвшүүлж байна. Амилсан Христийн баяр баясгалан дотор, Бидний Эцэг Тэнгэрбурханы хайр өршөөл нигүүлсэл та бүхэн болон танай гэр бүл дээр асгарахыг даатган залбирнам. Эзэн та бүгдийг ивээж, Түүний энх тайван та бүхэнтэй үргэлж хамт байх болтугай!

_____________________________

Папын сургаалийн хураангуй

Хайрт ахан дүүс нараа

Өнөөдөр бид «Үндэстнүүдийн гэрэл» (Lumen gentium) хэмээх Ягшмал Үндсэн хуулийн сургаалд тулгуурлан ариун байдалд тэмүүлэх нийтлэг дуудлагын талаар эргэцүүлэн бодож байна. Ариун Угаал хүртсэн хүн бүр ариун байдалд хүрэх, өөрөөр хэлбэл Тэнгэрбурханы ивээл дотор амьдарч, сүнслэг эрдэм чанаруудыг төлөвшүүлэн Христтэй улам адил болох дуудлагатай билээ. Энэхүү дуудлагын гол цөм нь Тэнгэрбурханыг болон хөршөө хайрлах хайр бөгөөд түүний хамгийн дээд илэрхийлэл нь итгэл болон хайр энэрлийн дээд гэрчлэл болж өөрийгөө бүрэн зориулах явдал юм. Иймээс Христийг гэрчлэхийн төлөө шаардлагатай бол цусаа урсгах хүртэл бэлэн байхыг ч Сүм сургадаг.

Гэвч Христтэй адилхан болон өөрчлөгдөх энэхүү дотоод шинэчлэл нь Сакраментуудын, тэр дундаа Евхаристын ивээлгүйгээр боломжгүй юм.

Үүнтэй холбогдуулан, сайн мэдээний зөвлөмжүүд болох ядуу даржин, цэвэр ариун байдал, дуулгавартай байдлаар өөрсдийн амьдралыг Тэнгэрбурханд бүрэн зориулсан хүмүүсийг онцлон дурсахыг хүсэж байна. Тэд ариун зүрх сэтгэлээр Эцэгт Өөрийгөө бүрэн өргөсөн Христийн үлгэр жишээг дагаж, Тэнгэрбурханы хайрын төлөвлөгөө болон Түүний ивээлд бүхэлдээ найддагаа эдгээр зөвлөмжүүдээр амьдран хэрэгжүүлэх замаар илэрхийлдэг. Ийнхүү Тэнгэрбурханд зориулсан амьдралаар амьдрагсад Христ доторх шинэ амьдралыг, тэр ч байтугай Загалмайн үхэл хүртэл дуулгавартай байсан Түүний замыг тууштайгаар гэрчлэн харуулдаг билээ.

 

 

08 Дөрөвдүгээр сар 2026, 12:26

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >