Нийтийн бараалхал: Эвхаристын тухайд
Пап XIV Лео
Нийтийн бараалхал
Гэгээн Петрийн талбай
Лхагва гараг, 2026 оны зургаадугаар сарын 24
Эрхэм ахан дүүс минь, та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг эрж, халуун дотноор мэндчилэе!
Өнөөдөр бид Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдаанаас гаргасан сургаал номлолын баримт бичгүүд, тэр дундаа сүмийн албан ёсны мөргөл залбирлын тухай "Сакросанктум Кончилиум" (Sacrosanctum Concilium) хэмээх үндсэн сургаалаа үргэлжлүүлцгээе.
Гэгээн Августин баптизм хүртсэн шинэ хүмүүстээ Христийн Биеийн тухай нууцыг тайлбарлахдаа саяхан бидний сонссон "Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юм." (1 Кор 12:27) гэсэн гэгээн Паулын захидлаас иш татдаг байжээ. Тэрээр цааш нь "Хүлээн авч буй Христийн Бие бол та бүхэнд буй нууц юм. Амэн гэх хариулт тань та бүхний гарын үсэг. Та бүхэнд “Энэ бол Христийн Бие” гэж хэлэхэд Амэн гэж хариулдаг. Тэгвэл хэлсэн Амэн хариулт тань үнэн байхын тулд Христийн Биеийн гишүүн нь байгаарай. [...] Мэлмийдээ харж буй зүйлийнхээ мөн чанараар оршиж, эргүүлээд тэр мөн чанараа хүлээн аваарай" (Номлол 272) хэмээн сургасан байдаг.
Литургид хуран цугласан олон тэрхүү тахилыг “зөвхөн санваартны гараар төдийгүй, мөн түүнчлэн түүнтэй нэгдмэл байдлаар” өргөдөг (SC, 48). Энэхүү утгаараа, Эвхарист нь Тэнгэрбурхантай болон бусадтайгаа нэгдэх нэгэн жим болдгийн хувьд Христэд итгэгчдийн сүнслэг тахилын оргил хэлбэр байдаг. (харьц. Евр 13:16; Ром 12:1). Итгэгчид Эвхаристад оролцсоноор “өөрийн амьдралыг харамгүй зориулж, Христийн ачаар Тэнгэрбурхантай болон өөр хоорондоо нэгдмэл цул болж, өдөр ирэх тусам өөрийгөө бусдын төлөө зориулж сурдаг. Ийнхүү Эвхарист нь биднийг Христтэй нэгтгэснээр Эзэн Есүсийн өөрийгөө харамгүй зориулдаг тэрхүү амьдралын хэв маягт сургадаг. Энэхүү бэлэг нь биднийг нэгдмэл байдлын амьд урсгал хөдөлгөөн рүү хөтлөх бөгөөд бидний амьдарч буй хорвоо ертөнц, хамт олон, гэр бүл, тэр байтугай хүний зүрх сэтгэлийг хүртэл бусниулж байдаг хагарал бутралын хорт нөлөөг дарах маш хүчтэй ерөндөг болж өгдөг юм (харьц. SC, 47).
Хайрт ахан дүүс минь, бид Эвхаристад оролцож байхдаа Тэнгэрбурханы Үгийг сонсож, Эзэн Өөрөө Эцэг Тэнгэрбурханд тахил болгон өргөгдөж буй тэрхүү Эзэний зоогийн ширээнээс амин тэжээлээ авахад уригддаг юм. Талархал магтаалын мөргөлийн эдгээр хоёр хэсэг болох Үгийн литурги болон Эвхаристын литурги нь “өөр хоорондоо маш нягт холбогдсон байдаг тул мөргөлийн ганцхан цул үйлийг бүтээдэг” (SC, 56).
Тэнгэрбурханы Үгийн тухайд гэвэл, энэ нь зөвхөн Ариун Судрын талаарх оюуны мэдлэг хуримтлуулах төдий зүйл биш, харин Тэнгэрбурханаас нийт олонд төдийгүй хүн нэг бүрд тусгайлан хандаж буй “амьд бөгөөд хүч тээсэн”(Евр 4:12) тэрхүү Үгийг зүрх сэтгэлдээ хүлээн авах тухай гэдгийг санах нь зүйтэй. Энэхүү Үг нь Эвхаристын Талхтай цуг биднийг тэжээн тэтгэж, нүгэл хилэнцэд унаж доройтсон амьдралаас маань Христ доторх шинэ амьдрал руу хөтлөн оруулдаг юм. “Ариун Судар нь Эвхаристийн нууцыг гэрэлтүүлж, тайлбарлаж өгдөг шиг, Эвхарист нь биднийг Ариун Судрыг гүн гүнзгий ухаж ойлгоход нээж өгдөг” (Бенедикт XVI, Verbum Domini, 55).
Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдаан Библийн эрдэнэс баялгийг итгэгчдэд илүү өргөн нээж, тэдэнд Тэнгэрбурханы Үгийн зоогийн ширээг улам элбэг дэлбэг өргөн барихыг хүссэн билээ (SC, 51). Литургийн шинэчлэл нь энэхүү хүсэлтийг Уншлагын ном (Lezionario) хэмээх нандин өв болгон амилуулсан бөгөөд энэ нь литургийг ёслон тэмдэглэхэд зориулсан Библийн бүх уншлагуудыг нэгтгэсэн ном юм. Энэхүү баялаг цар хүрээг амьд Уламжлалын хамгийн тунгалаг эх ундаргаас ундаалан гаргаж авсан бөгөөд энэ нь уламжлалдаа үнэнч байх явдлыг зүй ёсны дэвшлүүдэд нээлттэй байхтай гайхалтайгаар хослуулсан байдаг юм (харьц.SC, 23).
"Сакросанктум Кончилиум"-ын II бүлгийн эхлэл нь Сүмийн эцгүүдээс эхлэн өнөө үеийн биднийг хүртэл урсан ирсэн Ариун Уламжлалын агуу их мөрнийг сануулах гүнзгий ишлэлүүд шингэсэн байдаг. Үүнээс иш татвал: “Бидний Аврагч баригддаг тэрхүү шөнөө, Сүүлчийн Зоогийн үеэр Өөрийн бие болон цусны Эвхаристийн тахилыг бий болгосон билээ. Энэ нь Загалмайн тахилыг Өөрийгөө эргэн ирэх хүртэл олон зууны турш мөнхлөн үлдээх, мөн өөрийн хайрт сүйт бүсгүй болох Сүм (чуулган)-дээ үхэл болон амилалтынхаа амьд дурсгалыг даатган өвлүүлэхийн тулд байсан юм. Энэхүү сакрамент нь хайрын нууц, нэгдмэл байдлын тэмдэг, энэрэл хайрын бат бөх хэлхээ, мөн Христийг өөртөө хүлээн авч, зүрх сэтгэл ивээлээр дүүрч, ирээдүйн алдар суугийн баталгааг бидэнд бэлэглэдэг Дээгүүр Өнгөрөх баярын ариун зоог мөн” (SC, 47).
Эрхэм ахан дүүс минь, Тэнгэрбурханы амь амьдралын энэхүү ундаргаас бат итгэлээр ундаалж, өөрсдийн тэмдэглэж буй энэхүү нандин нууцаар зүрх сэтгэлээ шинэчлэн өөрчилцгөөе.
