Il Papa arrivato a Piazza San Pietro per l'udienza generale

Нийтийн бараалхал: Сүмийн албан ёсны мөргөл залбирал

Мөргөлийн үеэр мэдэрч туулсан зүйл маань амьдралд хөрвөж, өдөр тутмын үйл хэргээр батлагдах ёстой.

Сургаал айлдвар. Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдааны Баримт бичгүүд. III. «Sacrosanctum Concilium» Үндсэн хууль. 1. Шашны нууц (mystery) дэх литурги (албан ёсны мөргөл залбирал)

Эрхэм ахан дүүс ээ, та бүхний амгаланг эрж, тавтай морилно хэмээн урья! 

Өнөөдөр бид Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдаанаас гаргасан анхны Баримт бичиг болох Ариун литургийн тухай «Sacrosanctum Concilium» (SC) Үндсэн хуулиас хийх сургалтын шинэ цувралыг эхлүүлж байна. 

Хуралдааны Эцгүүд энэхүү Үндсэн хуулийг боловсруулахдаа зөвхөн сүмийн зан үйлийг шинэчлэхийг урьтал болгоогүй юм. Харин Шашныг (Сүмийг) өөрийг нь бүрдүүлж, нэгтгэн зангиддаг тэрхүү амьд хэлхээ холбоо болох Христийн нууцлаг гүн үнэнийг сэтгэлдээ ширтэх болон ухварлан мэдэхэд чиглүүлсэн билээ. Литурги нь энэхүү нууцлаг гүн үнэний гол цөмтэй салшгүй холбогддог бөгөөд Сүм амьд оршихуйн хүчээ Христээс шууд хүлээн авдаг орон зай, цаг мөч, амьд орчин нь болдог юм. Учир нь литургийн үед биднийг сонгогдсон удам угсаа, хааны тахилчид, ариун үндэстэн, Тэнгэрбурханы Өөртэй авч буй ард түмэн болгон хувиргаж буй (харьц. 1 Петр 2:9) «аврах үйл хэрэг хэрэгждэг» (SC, 2) билээ. 

20-р зууны туршид Сүмд өрнөсөн библийн, патристик (сүмийн сургаалийн суурийг тавьж теологийн ухааныг хөгжүүлсэн сүмийн эцгүүдийн сургаалыг сэргээх) болон литургийн гэсэн гурван талт шинэчлэлээс харагддагийн адил энд яригдаж буй «нууц» гэдэг нь ямар нэгэн ойлгомжгүй, бүрхэг зүйл биш юм. Харин Гэгээн Паулын хэлсэнчлэн, балар эртнээс далд байж байгаад Христээр дамжин хүн төрөлхтөнд илчлэгдсэн Тэнгэрбурханы авралын дур таалал, төлөвлөгөөг хэлж байгаа билээ (cf. Эф 3:2-6). Тиймд Загалмайтны шашны нууц гэдэг нь Христийн зовлон зүдгүүр, үхэл, амилалт ба алдаршуулалтыг багтаасан Дээгүүр өнгөрөх баярын (Пасха) үйл явдал юм. Энэхүү үйл явдал литурги дотор үндсэн ёслолын (сакрамент) байдлаар дамжин бидний дунд бодитой оршдог бөгөөд Христийн нэрээр хуран цуглах бүрдээ бид энэхүү агуу нууцанд умбан ордог байна. 

Загалмай дээрх Христийн хажуунаас төрсөн Тэнгэрбурханы ариун ард түмэн болох Сүмийн нууцын дотоод амин ундарга нь Христ Өөрөө юм. Тэрээр ариун литурги дотор Өөрийн Сүнсний хүчээр тасралтгүй ажилласаар байна. Христ сүйт бүсгүйгээ болох Сүмийг ариусгаж, Эцэг Тэнгэрбурханд өргөх Өөрийн тахилтай нэгтгэдэг. Мөн тунхаглагдаж буй Тэнгэрбурханы Үг, Үндсэн ёслолууд, баярыг удирдаж буй зүтгэгчид, цугларсан олон нийт, тэр дундаа хамгийн дээд зэргээр Эвхарист дотор оршсоноор Өөрийн цор ганц, хосгүй санваартны үүргийг хэрэгжүүлдэг (cf. SC, 7). Иймээс Гэгээн Августины хэлсэнчлэн (cf. Номлол, 272), Эвхаристийг тэмдэглэх үед Сүм нь Эзэний Биеийг хүлээн авч, улмаар өөрөө хүлээн авсан тэр зүйлээ буюу Христийн Бие, «Сүнс доторх Тэнгэрбурханы орших орон гэр» болон хувирдаг (Эф 2:22). Энэ бол биднийг Христтэй адилтгаж, хамтын нэгдэл дотор босгон байгуулдаг «бидний цагаатгалын ажил үйл» билээ.

Ариун литурги доторх энэхүү сүнслэг нэгдэл нь «зан үйл ба залбирлуудаар» (SC, 48) дамжин хэрэгждэг. Шашны зан үйлүүд нь түүний итгэл бишрэлийг илэрхийлдэг бөгөөд сүмийн амьдралд уламжлагдан ирсэн lex orandi, lex credendi (залбирлын хууль, итгэлийн хууль) хэмээх зарчмын дагуу сүмийн өвөрмөц шинж чанарыг бүрдүүлдэг. Тунхаглаж буй Үг, Үндсэн ёслол тэмдэглэл, дохио зангаа, чимээгүй байдал, мөргөлийн орон зай гээд энэ бүхэн Эцэг Тэнгэрбурханы цуглуулсан ард түмэн, Христийн Бие, Ариун Сүнсний Сүмийг илэрхийлж, хэлбэржүүлж байдаг. Иймээс литургийг ёслон тэмдэглэх бүхэн залбирч буй Сүмийн жинхэнэ илрэхүй (эпифани) болдог хэмээн Гэгээн Иохан Паул II дурдсан байдаг (Элчийн захидал «Vicesimus quintus annus», 9). 

Литурги нь Христийн нууцад үйлчилдэг учраас л түүгээр «Сүмийн бүх үйл ажиллагааны зорин очих оргил... хамаг хүч чадал нь ундардаг эх ундарга» (SC, 10) хэмээн тодорхойлдог байна. Мэдээж хэрэг, Сүмийн амьдрал зөвхөн литургээр хязгаарлагдахгүй. Бусад бүх үйл ажиллагаа (номлол айлдах, ядуу буурайчуудын төлөө зүтгэх, хүний амьдралын бодит асуудлуудад ойр байх) бүгд энэхүү сүнслэг «оргил» руу чиглэж байдаг. Нөгөөтэйгүүр, литурги нь сүсэгтнүүдийг Эзэний Пасхад дахин дахин умбуулж, улмаар Үгийг тунхаглах, үндсэн ёслолуудыг тэмдэглэх болон хамтын залбирлаар дамжуулан тэднийг сэргээж, урамшуулж, итгэл бишрэл болон даалгавар хариуцлагадаа үнэнч байх эрч хүчийг нь шинэчилдэг. Өөрөөр хэлбэл, сүсэгтнүүдийн литургид оролцох оролцоо нь сүнслэг (дотоод) бөгөөд үйл хөдлөлийн (гадаад) нэгдэл юм.

Энэ нь мөн литурги нь амьдрал дээр бодитоор хэрэгжиж, ёс суртахуун болон сүнслэг байдлын үүднээс өдөр тутмын амьдралыг тэтгэх ёстойг харуулж байна. Мөргөлийн үеэр мэдэрч туулсан зүйл маань амьдралд хөрвөж, өдөр тутмын үйл хэргээр батлагдах ёстой. Ингэж чадвал бидний өөрсдийн амьдрал «Тэнгэрбурханд тааламжит, ариун, амьд оршихуйгаарх тахил» болж, бидний «сүнслэг мөргөлийг» (Ром 12:1) биелүүлэх болно. 

Үүний адилаар, «литурги нь Сүмийн гишүүдийг Эзэний ариун сүм болгон өдөр бүр босгон байгуулж» (SC, 2), бүхнийг угтан авдаг, нээлттэй хамт олныг бүрдүүлдэг байна. Үнэхээр ч үүнд Ариун Сүнс оршдог бөгөөд энэ нь биднийг Христийн амьдралд хөтөлж, Түүний Бие болгож, улмаар Христ доторх нийт хүн төрөлхтний эв нэгдлийн амьд тэмдэг болгодог. Пап Францисын хэлсэнчлэн, «ертөнц үүнийг хараахан мэдэхгүй байгаа ч, хүн бүр Хурганы хуримын зоогт (Илч 19:9) уригдсан билээ» (Элчийн захидал «Desiderio desideravi», 5).

Хүндэт найзууд аа, цаашдын сургааль айлдваруудаар гүнзгийрүүлэн судлах литурги дэх Христийн бодит оршихуй, зан үйл, бэлгэдэл, үйл хөдлөлөөр дамжуулан өөрсдийн дотоод сэтгэлийг урлан ариусгацгаая. 



20 Тавдугаар сар 2026, 17:36

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >