2026.04.01 Udienza Generale

Нийтийн бараалхал: Эгэл сүсэгтнүүдийн тухай

Христ дотор дахин төрсний хувьд тэд гишүүд мэт нэгэн ижил нэр төр, Тэнгэрбурханы үр хүүхэд байх адилхан нигүүлсэл, төгс төгөлдөр лүү тэмүүлэх ижилхэн дуудлагыг хуваалцдаг; мөн нэгэн адил аврал, нэгэн адил найдвар болон хуваагдашгүй ганц хайр энэрлийг хамтдаа эзэмшдэг билээ” (LG, 32).

 XIV ЛЕО

НИЙТИЙН БАРААЛХАЛ

Петр Гэгээнтний талбай
2026 он 4-р сарын 1, Лхагва Гараг

Шашны сургалт. Ватиканы Хоёрдугаар Дээд Хурлын баримт бичгүүд. II. Үндэстнүүдийн гэрэл хэмээх Ягшмал үндсэн хууль. 6. Сүм дэх амьд (тулгуур) чулууд ба дэлхий ертөнц дэх гэрчүүд: Тэнгэрбурханы ард түмэн: эгэл сүсэгтнүүд

Ахан дүүс ээ, өглөөний мэнд!

«Люмен Женциум» (LG) хуралдааны ягшмал үндсэн хуульд дүрслэгдсэн Сүмийн тухай тунгаан бодох аяллаа үргэлжлүүлцгээе. Өнөөдөр бид эгэл сүсэгтнүүдийн тухай өгүүлэх дөрөвдүгээр бүлгийг авч үзэх болно. Пап Францисын байнга давтах дуртай байсан дараах үгийг цөмөөрөө санацгаая: “Эгэл сүсэгтнүүд бол маш товчхондоо Тэнгэрбурхны ард түмний үнэмлэхүй олонх нь юм. Харин цөөнх болох сахил хүртсэн санваартнууд тэдэнд үйлчлэхийн тулд байдаг билээ” (Apostolic Exhortation Evangelii gaudium, 102). 

Ягшмал үндсэн хуулийн баримт бичгийн энэ бүлэг нь эгэл сүсэгтнүүдийг олон зууны турш зөвхөн "сахилтнууд (санваартан) болон сахилт амьдралаар амьдрагсдад хамаардаггүй хүмүүс" хэмээн явцуу тодорхойлж ирснийг өөрчилж, тэдний мөн чанар болон эрхэм үүргийг эерэг бөгөөд бүтээлч утгаар тайлбарлахыг зорьсон юм. Тийм учраас Христэд итгэгч байхын агуу их хувь заяаны талаар өгүүлэх нэгэн маш үзэсгэлэнтэй хэсгийг та бүхэнтэй хамт эргэн сөхөхийг хүсэж байна: “Иймд Тэнгэрбурханы сонгосон ард түмэн бол ганц бөгөөд ‘нэг Эзэн, нэг итгэл, нэг ариун угаалтай’ (Еф 4:5) юм. Христ дотор дахин төрсний хувьд тэд гишүүд мэт нэгэн ижил нэр төр, Тэнгэрбурханы үр хүүхэд байх адилхан нигүүлсэл, төгс төгөлдөр лүү тэмүүлэх ижилхэн дуудлагыг хуваалцдаг; мөн нэгэн адил аврал, нэгэн адил найдвар болон хуваагдашгүй ганц хайр энэрлийг хамтдаа эзэмшдэг билээ” (LG, 32). 

Үйлчлэлийн ялгаа болон амьдралын хэв маягаас үл хамааран, Зөвлөгөөн (Хуралдаан) нь ариун угаал хүртсэн бүх хүмүүсийн тэгш эрхийг баталдаг. Тус Үндсэн хууль нь “Тэнгэрбурханы ард түмэн” (Тэнгэрбурханы ард түмэн)-ий тухай бүлэгт өмнө нь нэгэнт тунхагласан зүйлийг, тухайлбал, Мессиагийн ард түмний оршин тогтнох үндэс нь Тэнгэрбурханы үр хүүхдүүдийн нэр төр, эрх чөлөө мөн гэдгийг биднийг бүү мартаасай хэмээн хүсэж байгаа юм (LG, 9-ийг харьцуулна уу).

Төрмөл өгөгдсөн авьяас бэлэг хэр их байна, түүнд ногдох үүрэг хариуцлага төдий чинээ их байх нь эргээзээгүй юм. Ийм учраас Зөвлөл нь эгэл сүсэгтнүүдийн нэр төр, эрхэм чанарыг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ тэдний Сүм болон дэлхий дахин дахь томилолтын тухай ч  мөн онцлон тэмдэглэдэг. Гэвч энэхүү томилолт (эрхэм зорилго) нь юун дээр үндэслэгдэж, хэрхэн юунаас бүрддэг вэ? Зөвлөл энгийн сүсэгтнүүдийн талаар ийнхүү тодорхойлсон байдаг: “Энд энгийн сүсэгтнүүд гэдэгт... ариун угаалаар Христтэй нэгэн бие болж, Тэнгэрбурханы ард түмний дунд багтсан бүх сүсэгтнүүдийг хэлж байгаа юм. Тэд өөрсдийн замаар Христийн санваартан, зөнч, хааны үүргийг хуваалцагсад болдог бөгөөд Сүмд болон ертөнцөд бүх Христэд итгэгчдийн томилолтыг (эрхэм зорилгыг) өөрсдийн зүгээс биелүүлдэг” (LG, 31).

Иймд Тэнгэрбурханы ариун ард түмэн бол хэзээ ч хэлбэр дүрсгүй олон түмэн биш, харин Христийн бие буюу Гэгээн Августины хэлснээр Christus totus (Бүрэн бүтэн Христ) юм. Энэ нь Христийн санваартны үүрэгт оролцох хоёр хэлбэр болох сүсэгтнүүдийн нийтийн санваар болон албан тушаалын (сахил хүртсэн) санваар хоорондын үр өгөөжтэй харилцааны тусламжтайгаар зохион байгуулалттайгаар бэтсэн хамт олон юм (LG, 10-ыг үзнэ үү). Сүсэгтнүүд ариун угаал хүртсэнийхээ хишиг ивээлээр Христийн санваарын үйл хэрэгт шууд оролцдог. Үнэхээр ч “Хамгийн дээд бөгөөд мөнхийн Санваартан Христ Есүс Өөрийн гэрчлэл, үйлчлэлээ эгэл сүсэгтнүүдээр дамжуулан үргэлжлүүлэхийг хүсдэг тул тэднийг [Ариун] Сүнсээрээ амилуулж, аливаа сайн бөгөөд төгс үйл хэрэг рүү улам бүр шамдуулан шахдаг” (LG, 34).

Үүнтэй холбогдуулан II Иохан Паул гэгээнтэн болон түүний Christifideles Laici (1988 оны 12 дугаар сарын 30) хэмээх сургаал бичгийг яахан дурсахгүй байж болох билээ? Тэрбээр уг баримт бичигтээ: “Зөвлөл өөрийн сургаал, оюун санаа, пасторал арвин баялаг өвөөрөө эгэл сүсэгтнүүдийн мөн чанар, нэр төр, оюун санааны амьдрал (сүнслэг байдал), томилолт (эрхэм зорилго) болон хариуцлагын талаар өмнө нь хэзээ ч байгаагүйгээр гүн гүнзгий бичсэн билээ” хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг. Мөн Зөвлөлд оролцож байсан эцэг санваартнууд Христийн уриалгыг давтан, эгэл сүсэгтэн эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүсийг ч [Түүний] усан үзмийн талбайд хөдөлмөрлөхийг уриалан дуудсан билээ” (№2). Ийнхүү өмнөх Пап эгэл сүсэгтнүүдийн апостолын үйл хэргийг дахин идэвхжүүлсэн бөгөөд Зөвлөл үүнд зориулан нэгэн тусгай баримт бичгийг гаргасныг бид дараа нь хэлэлцэх болно (cf. Second Vatican Ecumenical Council, Decree Apostolicam actuositatem, 18 November 1965).

 

Эгэл сүсэгтнүүдийн апостолын үйл хэрэг нь уудам орон зай нь зөвхөн Сүмийн дотор хязгаарлагддаггүй, харин ертөнц даяар түгэн дэлгэрдэг. Сайн Мэдээг тунхаглан гэрчилж буй газар бүрд Сүм оршин байдаг. Ажил хөдөлмөрийн талбар, иргэний нийгэм, хүний харилцааны бүхий л хүрээнд итгэгчид өөрсдийн амьдралын сонголт, гэрчлэлээрээ Христийн амьдралын гоо үзэсгэлэнг илэрхийлдэг. Ийнхүү тэд Тэнгэрбурханы Хаанчлалд бүрэн биеллээ олох шударга ёс, энх амгалангийн бодит байдлыг өнөө цагт урьдчилан зөгнөн, дэлхийд гэрчлэн харуулж байдаг билээ.Дэлхий ертөнц “Христийн сүнсээр (оюун санаагаар) нэвчин, өөрийн зорилгоо шударга ёс, хайр энэрэл, амар амгалан дунд илүү үр дүнтэйгээр биелүүлэх” шаардлагатай байна (LG, 36). Тэгвэл энэ бүхэн нь зөвхөн эгэл сүсэгтнүүдийн хувь нэмэр, үйлчлэл, гэрчлэлээр л дамжин хэрэгжих боломжтой юм!

Энэ бол Пап Францисын бидэнд хэлсэнчлэн “[бусдыг зорин] урагшилдаг” Сүм байх урилга юм. Энэ нь түүхийн явцад биеллээ олсон, томилолтод (эрхэм зорилгод) үргэлж нээлттэй байдаг Сүм бөгөөд үүний дотор бид бүгдээрээ сайн мэдээг дэлгэрүүлэгч шавь нар, апостолууд (төлөөлөгчид), Тэнгэрбурханы Хаанчлалын гэрчүүд, мөн өөрсдийн учирсан Христийн баяр баясгаланг тээгчид байхаар дуудагдсан билээ!

Ахан дүүс нараа, удахгүй тэмдэглэхээр бэлтгэж буй Амилалтын баяр нь Магдалин Мариа, Петр, Иохан нарын адил Амилсан нэгнийг гэрчлэгчид байх тэрхүү адислалыг (нигүүлслийг) бидний дотор шинэчлэн бадраах болтугай!

_________________________

Онцгой мэндчилгээ:

Өнөөдрийн нийтийн бараалхалд оролцож буй англи хэлтэн мөргөлчид болон зочид, ялангуяа Нигери, Филиппин, Америкийн Нэгдсэн Улсаас хүрэлцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Түүнчлэн 2026 оны "UNIV" олон улсын их дээд сургуулиудын хуралд оролцож буй оюутнуудад тусхайлан мэндчилж байна. Энэхүү Ариун Долоо хоног маань биднийг Ариун Сүнсний адислалаар (нигүүлслээр) ариусгагдсан бөгөөд шинэчлэгдсэн зүрх сэтгэлээр Эзэн Есүсийн амилалтыг тэмдэглэхэд хөтлөх болтугай. Та бүхэн болон та бүхний гэр бүл дээр манай Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгалан оршихыг ерөөе. Тэнгэрбурхан та бүгдийг ивээх болтугай!

_____________________________

Папын сургаалийн хураангуй

Хайрт ахан дүүс минь ээ,

Үндэстнүүдийн гэрэл хэмээх Ягшмал Үндсэн Хуулийн талаарх цуврал шашны сургалтынхаа хүрээнд өнөөдөр бид эгэл сүсэгтнүүдийн талаар хэлэлцэх болно. Ватиканы Хоёрдугаар Хурлын эгэл сүсэгтнүүдийг тэд сахил хүртээгүй хүн гэдгээр нь хязгаарлан тодорхойлохын оронд Тэнгэрбурханы ард түмний гишүүд болох тэдний төрх чанарт орших нэр сүрийг тодотгож, Сүмийн томилолтод (эрхэм зорилгод) гүйцэтгэх өвөрмөц үүргийг нь онцлохыг зорьсон юм. Эгэл сүсэгтнүүд ариун угаалаар Христтэй нэгэн бие болсноор Түүний санваарын хэргэм зэрэг, зөнч, хааны үүргийг өөрсдийн замаар хуваалцагсад болдог билээ. Сайн Мэдээг тунхаглан, Христийг гэрчилж буй тэрхүү газар бүрд Сүм өөрөө оршин байдаг. Иймд эгэл сүсэгтэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс Христийн оршихуйг амьдралын бүхий л салбарт түгээн дэлгэрүүлж, Христ итгэлтний амьдралын гоо үзэсгэлэн болон Түүний адислалыг (нигүүлслийг) дээдлэн өргөх хүчийг өөрсдийн амьдралаар гэрчлэн, нийгмийг дотроос нь өөрчлөн шинэчлэхэд онцгойлон дуудагдсан юм.

 

 

01 Дөрөвдүгээр сар 2026, 17:59

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >