Хайх

Udienza generale di Papa Leone in Piazza San Pietro

Нийтийн бараалхал: Томилгоог залгамжлуулах нь

Хуралдааны заан сургаснаар, энэхүү шаталсан (иерархи) бүтэц нь Сүмийг нийгмийн нэгэн хэсэг гэдэг утгаар нь зөвхөн дотоод зохион байгуулалтад ашиглах зорилготой хүний бүтээсэн тогтолцоо биш (LG, 8-ыг үзнэ үү), харин Христээс элч нарт даалгасан томилолтыг (миссион) цаг хугацааны төгсгөл хүртэл үүрд залгамжлуулах зорилго бүхий тэнгэрлэг институц хэмээн үздэг юм.

XIV ЛЕО

НИЙТИЙН БАРААЛХАЛ

Петр Гэгээнтний талбай
2026 оны 3-р дугаар сарын 25, Лхагва гараг

Шашны сургалт. Ватиканы Хоёрдугаар Дээд Хурлын баримт бичгүүд. II. II. Үндэстнүүдийн гэрэл хэмээх Ягшмал үндсэн хууль. 5.Элч нар дээр суурилсан. Сүмийн иерархи (шатлан захирах бүтэц).

Ах дүү нар аа, өглөөний мэнд, тавтай морилно уу!

Бид Сүмийн тухай «Lumen gentium» Ягшмал (Догматик) Үндсэн Хуулийг тайлбарлан, Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдааны Баримт бичгүүдийн талаарх шашны сургалтын хичээлээ үргэлжлүүлэх болно. Сүмийг Тэнгэрбурханы ард түмэн хэмээн танилцуулсны дараа, өнөөдөр бид түүний иерархи (шатлан захирах) бүтцийг авч үзэх болно.

Католик сүм нь Христийн Өөрийн нууцлаг Биеийн амьд тулгуур багана болгон томилсон элч нар дээр үндэслэгдсэн бөгөөд бүх гишүүдийнхээ нэгдмэл байдал, томилолт (миссион) болон ариуслын үйл хэрэгт зүтгэдэг шаталсан (иерархи) бүтэцтэй юм. Энэхүү ариун нандин сахил хүртэх сакрамэнт (нууц) нь Есүсийн амилалтын эрх мэдэлт гэрчүүд (Үйлс 1:22; 1 Кор 15:7) бөгөөд Эзэн Өөрөө ертөнц рүү томилолтоор (миссион) илгээсэн (Мк 16:15; Мт 28:19) элч нар дээр үүрд мөнхөд үндэслэгдсэн (Еф 2:20; Илч 21:14). Элч нар Эзэнийхээ авралын сургаалыг үнэнчээр хадгалахаар дуудагдсан тул (2 Тим 1:13–14) өөрсдийн үйлчлэлийг Христийг эргэн ирэх хүртэл Тэргүүн тахилчийн залгамж халаагаараа дамжуулан Сүмийг үргэлжлүүлэн ариусгаж, удирдан, заан сургаж хүмүүст уламжилдаг. (Католик Сүмийн Шашны Сургааль, № 857)

Ариун нандин Айлдал болон Ариун Уламжлал дээр үндэслэгдсэн энэхүү элч нарын залгамж халааг (апостолын залгамжлал), Сүмийн шаталсан (иерархи) бүтэц, ялангуяа эпископын албаны тухай“ хэмээх гарчигтай Lumen gentium (Үндэстнүүдийн гэрэл) ягшмал үндсэн хуулийн III бүлэгт илүү гүнзгийрүүлэн авч үзсэн байдаг билээ. Хуралдааны заан сургаснаар, энэхүү шаталсан (иерархи) бүтэц нь Сүмийг нийгмийн нэгэн хэсэг гэдэг утгаар нь зөвхөн дотоод зохион байгуулалтад ашиглах зорилготой хүний бүтээсэн тогтолцоо биш (LG, 8-ыг үзнэ үү), харин Христээс элч нарт даалгасан томилолтыг (миссион) цаг хугацааны төгсгөл хүртэл үүрд залгамжлуулах зорилго бүхий тэнгэрлэг институц хэмээн үздэг юм. 

Эхний хоёр бүлэгт Сүмийн гол мөн чанарыг авч үзсэний дараа (cf. Acta Synodalia III/1, 209–210) энэхүү сэдвийг III бүлэгт хөндсөн нь иерархи (шатлан захирах) бүтэц нь Тэнгэрбурханы Ард Түмнээс хожуу үүссэн элемент гэсэн үг биш юм. Ad gentes тунхаг бичигт тэмдэглэснээр: “Элч нар бол Шинэ Израилийн анхны нахиа байсан бөгөөд үүний зэрэгцээ ариун иерархийн эхлэл байсан” (№5) бөгөөд тэд Христийн Паскагийн нууцаар аврагдаж, ертөнцийг аврах хэрэгсэл болгон байгуулагдсан хамт олон юм.

Ватиканы II хуралдааны зорилго, санааг ойлгохын тулд Эцэг Тэнгэрбурханаас Хүүгээр дамжуулан хүлээн авч, Ариун Сүнсний оргилолтоор биеллээ олсон Сүмийн үндсэн бүтцийг тайлбарласан Lumen gentium ягшмал үндсэн хуулийн баримт бичгийн III бүлгийн гарчгийг анхааралтай уншихыг зөвлөж байна. Зөвлөлийн Эцэг нар “үндсэн бүтэц” (constitution) гэх нэр үгийг өнөөгийн орчин үеийн утгаар нь ойлгох үед төрж болох сэтгэгдэл шиг Сүмийн институцийн (захиргааны болон зохион байгуулалтын) элементүүдийг давамгайлан харуулахыг хүсээгүй юм. Харин ч уг баримт бичиг нь сүсэгтнүүд рүү чиглэсэн санваартны эрх үүргийг “зөвхөн зэрэг зиндааны хувиар бус, мөн чанараараа” ялгаатай “үйлчлэлийн буюу шаталсан бүтэц дэх санваартны эрх үүрэг”-т голлон анхаарсан. Түүнчлэн эдгээр нь “хоорондоо салшгүй холбоотой бөгөөд тус бүрдээ өөрийн онцгой арга замаар Христ хэмээх цорын ганц санваартны эрх үүрэгт оролцдог” (LG, 10) болохыг сануулж байна. Ийнхүү Зөвлөл нь Сүм дэх үйлчлэлийн төлөө “ариун эрх мэдэл” (sacra potestas) хүртсэн хүмүүст олгогдсон санваартны үйлчлэлийг авч үздэг бөгөөд (cf. LG, 18). Тэр дундаа Ариун Сахилын  нууцын зэрэг зиндаанууд болох хамба ламын хэргэм (LG, 18–27), санваартны эрх үүрэг (LG, 28) болон диконы үйлчлэл (LG, 29)-д тусгайлан анхаарлаа хандуулдаг билээ.  

Иймээс Зөвлөл нь “иерархийн” (шаталсан бүтцийн) хэмээх тодотголоор Сайн Хоньчин Есүсийн үйл хэргээс эхтэй элч нарын үйлчлэлийн ариун гарал үүсэл болон түүний дотоод харилцан хамаарлыг заан харуулахыг зорьдог. Юун түрүүнд Хамба лам нар, мөн тэднээр дамжуулан санваартан болон диаконууд нь “Тэнгэрбурханы Ард Түмэнд харьяалагдах бүх хүмүүст” үйлчлэхэд чиглэсэн үүрэг даалгаваруудыг (латинаар munera) хүлээн авсан бөгөөд энэ нь тэднийг “нийтийн зорилгын төлөө чөлөөтэй бөгөөд эмх цэгцтэйгээр хамтран зүтгэж, авралд хүрэхэд” (LG, 18) туслах зорилготой. «Люмен Женциум» (Lumen gentium — Үндэстнүүдийн гэрэл) ягшмал үндсэн хуулийн баримт бичиг нь энэхүү элч нарт өгөгдсөн үүрэг даалгаврын хамтын болон нийтийн шинж чанарыг удаа дараа үр дүнтэйгээр сануулдаг бөгөөд “Эзэн Өөрийн ард түмнийг хоньчдод (санваартнуудад) даатгасан үүрэг хариуцлага бол жинхэнэ үйлчлэл мөн хийгээд үүнийг ариун сударт ач холбогдол өгч ‘диакони’ (diakonia) хэмээн нэрлэсэн байдаг” гэдгийг дахин баталгаажуулдаг (LG, 24). Иймээс бид яагаад VI Паул Гэгээнтэн шаталсан бүтэц (иерархи)-ийг “Христийн хайраас төрөн гарсан бөгөөд Христийн Өөрийн Сүмдээ үлдээсэн итгэлийн баялаг, үлгэр жишээ, сургаал, харизмуудыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, мөн бүрэн дүүрэн, үр жимстэйгээр уламжлан дамжуулахын тулд оршин байдаг бодит байдал болохыг” тодорхойлсныг ойлгож чадах юм (Address, 1964 оны 9-р сарын 14, Acta Synodalia III/1, 147).

Хайрт ахан дүүс нар аа, Эзэн Өөрийн Сүмд Сайн мэдээний хайраар дүрэлзсэн үйлчлэгчдийг, бүх ариун угаал хүртсэн хүмүүсийн сайн сайхны төлөө өөрсдийгөө зориулах хүмүүсийг, мөн дэлхийн өнцөг булан бүрд хүрэх зүрх зоригтой миссионаруудыг илгээж өгөхийн төлөө хамтдаа залбирцгаая.

____________________________________________________

Онцгой мэндчилгээ:

Өнөөдрийн уулзалтад оролцож буй англи хэлтэй нийт сүсэгтэн олон, зочид гийчид, ялангуяа Англи, Ирланд, Танзани, Израиль, Саудын Араб болон Америкийн Нэгдсэн Улсаас хүрэлцэн ирсэн та бүхэндээ халуун дотно мэндчилгээ дэвшүүлье. Түүнчлэн Далласын Их Сургуулийн Ром дахь хөтөлбөрийн оюутнуудад тусгайлан мэндчилж байна.

Дөчин хоногийн турш мацаг барилтын аяллаа үргэлжлүүлж буй энэ үед, Ариун Эх маань Эзэнд хэлсэн туйлын “тийм” хэмээх хүлцэл өчил мэт, бид ч бас амьдралынхаа алхам бүрд Түүний хүсэл таалалд зүрх сэтгэлээ нээх нигүүлсэлийг хайрлаач хэмээн Эзэнээс гуйн залбирцгаая.

Та бүхэн болон та бүхний гэр бүлд Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг ерөөж байна. Тэнгэрбурхан та бүгдийг ивээх болтугай!

_____________________________

Папын сургаалийн хураангуй

Хүндэт ахан дүүс ээ,

Ватиканы хоёрдугаар хуралдааны талаарх цуврал сургаалынхаа хүрээнд, өнөөдөр бид Сүмийн шаталсан бүтцийн (иерархи) тухай “Люмен Жентиум” (Lumen Gentium) ягшмал үндсэн хуулийн сургаалыг тунгаан авч үзэж байгаа билээ. Сүм бол бидний зохиосон зүйл биш, хамаг алдар суундаа эргэн залрах хүртэл нь Өөрийнх нь авралын ажил үйлсийг үргэлжлүүлэхийн тулд Есүсийн Өөрөө байгуулсан тэнгэрлэг тогтолцоо гэдгийг санаж байх нь зүйтэй. Христ элч нарыг томилж, тэдний тэргүүнээр Петрийг тавьсан бөгөөд тэднийг энэхүү авралын үйлсийг үргэлжлүүлүүлэхээр илгээсэн билээ. Энэхүү эрхэм үүргийг залгамжлуулахын тулд элч нарын залгамжлагч болох Хамба лам нарт ариун эрх үүргийг олгосон бөгөөд сахил санваарын хэргэм хүртээх үндсэн ёслолоор (Sacrament of Holy Orders) дамжуулан санваартан болон диконууд ч мөн энэ үйлсэд хувь нэмрээ оруулдаг байна. Сайн Хоньчин Есүсийн үйл хэргийг хуваалцаж буй тэд сүсэгтэн олонд үйлчлэх, Сүмийг цогцлоох, мөн сүсэг бишрэлийг үр өгөөжтэйгээр өвлүүлэн үлдээхийн төлөө адислагдсан байдаг.

Иймд Сүмээ Өөрийн зүрх сэтгэлийн дагуух үнэнч хоньчдоор (санваартнуудаар) үргэлжлүүлэн ивээхийг Эзэнээсээ гуйцгаая. 

 

 

25 Гуравдугаар сар 2026, 17:51

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >