Хайх

Pope Leo XIV leads the weekly general audience

Нийтийн бараалхал: Тэнгэрбурханы ард түмний танигдахуй

Тиймээс энэхүү ард түмний танигдахуй нь Тэнгэрбурханы үйл хэрэг болон Түүнд итгэх итгэлээр тодорхойлогддог. Тэд бусад үндэстнүүдийн хувьд гэрэл нь болж, бүх үндэстэн угсаатныг хийгээд хүн төрөлхтнийг бүхэлд нь өөртөө татах гэрэлт цамхаг мэт болохоор дуудагдсан билээ (Исаиа 2:1-5-ыг үзнэ үү).

 Пап XIV Лео

НИЙТИЙН БАРААЛХАЛ

Петр Гэгээнтний талбай
2026 оны 3-р сарын 11, Лхагва гараг

"Эрхэм ахан дүүс ээ, та бүхэндээ энэ өглөөний мэндиийг хүргэе, тавтай морилно уу!

Бид (Lumen Gentium - Үндэстнүүдийн гэрэл) хэмээх Сүмийн тухай ягшмал үндсэн хуулийн талаарх эргэцүүлэлээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр бид хоёрдугаар бүлэг буюу 'Тэнгэрбурханы ард түмэн'-д зориулагдсан хэмээх хэсгийг дэлгэрэнгүй ярих болно."

Дэлхий ертөнц болон хүн төрөлхтнийг бүтээгч, хүн бүрийг аврахыг хүсдэг Тэнгэрбурхан Өөрийн авралын үйл хэргийг түүхийн явцад хэрэгжүүлэхдээ, бодит хүмүүсийг сонгон авч, тэдний дунд оршдог билээ. Ийм учраас, Тэрээр Абрахамыг дуудаж, түүний үр хойчийг тэнгэрийн одод хийгээд далайн эргийн элс мэт олон болгоно хэмээн амласан билээ (Эхлэл 22:17-18-ыг үзнэ үү). Тэнгэрбурхан Абрахамын үр садыг боолчлолоос чөлөөлснийхөө дараа тэдэнтэй гэрээ байгуулж, тэднийг дагалдан, халамжилж, төөрөлдөх бүрт нь буцаан цуглуулдаг. Тиймээс энэхүү ард түмний танигдахуй нь Тэнгэрбурханы үйл хэрэг болон Түүнд итгэх итгэлээр тодорхойлогддог. Тэд бусад үндэстнүүдийн хувьд гэрэл нь болж, бүх үндэстэн угсаатныг хийгээд хүн төрөлхтнийг бүхэлд нь өөртөө татах гэрэлт цамхаг мэт болохоор дуудагдсан билээ (Исаиа 2:1-5-ыг үзнэ үү).

“Энэ бүхэн нь Христээр дамжуулан биелэгдэх байсан тэрхүү шинэ бөгөөд төгс гэрээ, мөн махан бие болсон Тэнгэрбурханы Үг өөрөө ирснээр өгөгдөх байсан тэрхүү илүү бүрэн төгс илчлэлийн бэлтгэл болон бэлгэ тэмдэг болж хийгдсэн юм” хэмээн хуралдаанаар нотолсон байдаг (LG, 9). Үнэхээр ч Өөрийн Бие болон Цусаа зориулан энэхүү ард түмнийг Өөртэйгөө эцсийн бөгөөд хувирашгүйгээр нэгтгэдэг нэгэн бол Христ юм. Энэ бол эдүгээ үндэстэн бүрээс цугласан ард түмэн юм. Тэд Түүнд итгэх итгэл, Түүнийг даган дуурайх үйлс болон Түүний адил амьдралаар амьдарснаараа нэгдмэл байж, Амилсан Нэгэний Сүнсээр тэтгэгдэн (амьсгалж) байдаг билээ. Энэ бол Сүм юм: Христийн биеэс [1] өөрийн оршихуйг олж авдаг бөгөөд өөрсдөө Христийн бие [2] болдог Тэнгэрбурханы ард түмэн билээ. Энэ бол бусад үндэстний адил ард түмэн биш, харин Тэнгэрбурхан өөрөө дуудан цуглуулсан, дэлхийн бүхий л үндэстэн угсаатны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс цугласан Тэнгэрбурханы Ард Түмэн юм."Тэдгээрийг нэгтгэн зангидах зарчим нь ямар нэгэн хэл, соёл, эсвэл угсаа гарал биш, харин Христэд итгэх итгэл юм. Иймээс Сүм бол — хуралдаанаас гаргасан яруу тодорхойлолтоор бол — 'Итгэлээр нэгдэн Есүс рүү харагч бүх хүмүүсийн' чуулган билээ" (LG, 9). 

Энэ бол Мессиагийн ард түмэн юм. Учир нь Мессиа буюу Аврагч Христ өөрөө энэхүү ард түмнийг тэргүүлдэг билээ. Энэхүү ард түмэнд харьяалагдах хүмүүс өөрсдийн гавьяа зүтгэл, хэргэм зэргээрээ бардамнадаггүй. Харин Христ дотор, Түүгээр дамжуулан Тэнгэрбурханы охид, хөвгүүд болох хувь заяа өөрсдөд нь ирсэн тэрхүү хишиг ивээлээр бахархан амьдардаг билээ. Тиймээс Сүм доторх аливаа ажил үүрэг, албан тушаалаас илүүтэйгээр хамгийн чухал зүйл бол Христтэй салшгүй холбогдож, Түүний хишиг ивээлээр Тэнгэрбурханы хүүхэд байх явдал юм. Энэ бол Христэд итгэгч бидний эрж хайх ёстой гагц хүндэт хэргэм юм. Бид Эцэг Тэнгэрбурханаас амьдралын эх ундаргаа тасралтгүй хүртэж, Түүний хүүхдүүд болон нэгэн гэр бүлийн ахан дүүсийн ёсоор амьдрахын тулд л Сүмд оршин буй билээ. Үр дүнд нь Сүм доторх харилцааг амьд байлгагч гол хууль бол Есүсээс хүлээн авч, Түүгээр дамжуулан мэдэрдэг хайр энэрэл юм. Сүмийн эцсийн зорилго нь Тэнгэрбурханы Хаанчлал бөгөөд Сүм нь нийт хүн төрөлхтний хамт энэхүү Хаанчлал руу тэмүүлэн алхдаг бөлгөө. 

Хүн бүрийн Эзэн бөгөөд Аврагч болох Христ дотор л нэгддэг Сүм нь хэзээ ч зөвхөн өөртөө анхаарч, тусгаар байж үл болно. Харин ч хүн бүрт нээлттэй байж, хүн бүрийн төлөө орших учиртай. Христэд итгэгчид энэхүү ард түмэнд харьяалагддаг бол хуралдаан бидэнд: 'Бүх хүн төрөлхтөн Тэнгэрбурханы шинэ ард түмэнд харъяалагдахаар дуудагдсан гэдгийг сануулж байна. Иймээс цор ганц, сор хэвээр үлдэх энэхүү ард түмэн нь дэлхий даяар, үеэс үед түгэн дэлгэрэх учиртай юм. Ингэснээр хүн төрөлхтнийг анхнаас нь нэгдмэл мөн чанартайгаар бүтээж, тархан бутарсан үр хүүхдээ нэгтгэн цуглуулахыг хүссэн Тэнгэрбурханы таалал биелэлээ олох бөлгөө (LG, 13). Тиймээс Айлдлыг хараахан хүлээн авч амжаагүй байгаа хүмүүс ч ямар нэг байдлаар Тэнгэрбурханы ард түмэн рүү чиглэж байдаг билээ. Сүм нь Христийн авралын томилгоонд хамтран зүтгэгчийн хувьд хүн бүр Христтэй биечлэн учирч, Түүнтэй холбогдохын тулд Айлдлыг газар бүр, хүн бүрт түгэн дэлгэрүүлэхээр дуудагдсан (LG, 17). Энэ нь Сүмд хүн бүрт орших орон зай байх ёстой бөгөөд Христэд итгэгч бүр өөрийн амьдарч, хөдөлмөрлөж буй газар бүртээ Айлдлыг тунхаглаж, Түүнийг гэрчлэхээр дуудагдсан учиртайг бидэнд сануулж байна. Мөн энэхүү ард түмэн нь өөр өөр соёл иргэншлийн баялаг өв, нөөц боломжийг нээлттэйгээр хүлээн авч, үүний зэрэгцээ тэдгээр соёлыг ариусган өргөмжлөхийн тулд Айлдлын шинэлэг чанарыг тэдэнд түгээх замаар өөрийн 'католик' буюу даяарх шинж чанараа харуулдаг билээ (LG, 13).

Иймээс Сүм нь ганц боловч хүн бүрийг өөртөө багтаадаг билээ. Нэгэн агуу теологич үүнийг тайлбарлахдаа: 'Авралын цор ганц Хөлөг онгоц нь хүн төрөлхтний олон талт шинжийг өөрийн уудам хөлөгтөө найрсгаар хүлээн авах учиртай' хэмээсэн байдаг. Цорын ганц найрын танхим болох Сүмийн түгээж буй хоол хүнс нь бүхий л бүтээл туурвилаас ундаргатай билээ. Энэ нь Христийн оёдолгүй нөмрөг байхын зэрэгцээ олон өнгө алагласан Иосефын хувцас мэт бүх зүйлийг өөртөө нэгтгэдэг юм" [3].

Өнөө цагийн дайн самуун, үймээн зөрчил дунд итгэл найдварын гэрэлт тэмдэг бол Сүмийн ард түмэн юм. Янз бүрийн үндэстэн, хэл, соёл иргэншилтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс итгэл дотор нэгэн гэр бүл болон амьдрах нь хүн төрөлхтний зүрх сэтгэлд шингэсэн амьд гэрчлэл бөгөөд энэ нь Эцэг Тэнгэрбурхан бүх үр хүүхдээ дууддаг тэрхүү эв нэгдэл, энх амгалангийн зөгнөл билээ.

______________________________________________________

[1] Cf. J. Ratzinger, The New People of God, Brescia 1992, 97.

[2] Cf. Y. M.-J. Congar, A Messianic People, Brescia 1976, 75.

[3] Cf. H. de Lubac, Catholicism: A study of dogma in relation to the corporate destiny of mankind (Catholicisme: Les aspects sociaux du dogme).

____________________________________

Уриалга

Өнөөдөр Ливаны Клаяа (Qlayaa) хотод тус улсын өмнөд хэсгийн Христийн шашинтай тосгонуудын нэг болох Маронит (Maronite) сүмийн санваартан, эцэг Пьер Эль Раитай салах ёс гүйцэтгэж байна. Эдгээр тосгонууд дайны эмгэнэлт явдлыг дахин амсаж байгаа бөгөөд хүнд хэцүү сорилтын цаг үед миний зүрх сэтгэл Ливаны нийт ард түмэнтэй хамт байгаа юм шүү.

Араб хэлээр 'Эль Раи' гэдэг нь 'Хоньчин' гэсэн утгатай үг юм. Эцэг Пьер бол Сайн Хоньчин Есүсийн хайр ба золиослолыг үлгэрлэн, өөрийн ард түмнийхээ дэргэд үргэлж хамт байсан жинхэнэ хоньчин байлаа. Тэрээр бөмбөгдөлтөд өртөж, зарим итгэгчид нь шархадсан тухай сонсмогцоо огтхон ч эргэлзэлгүйгээр тэдэнд туслахаар яаран очсон юм. Түүний урсгасан цус хайрт Ливан орны минь амар амгалангийн үр болон соёолох болтугай хэмээн Эзэнд залбирч байна.

Эрхэм ах дүү нар аа, Иран улс болон Ойрхи Дорнод даяар энх тайван тогтохын төлөө, ялангуяа дайны золиос болсон олон тооны энгийн иргэд, тэр дундаа гэм зэмгүй бяцхан хүүхдүүдийн төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Бидний залбирал зовж зүдэрсэн хүмүүст тайтгарал, ирээдүйн төлөөх итгэл найдварын үр болох болтугай.

_________________________________________________

Онцгой Мэндчилгээ

 

Эрхэм ах дүү нар аа, бид Сүмийн тухай номлолын үндсэн баримт бичиг болох Lumen Gentium (Үндэстнүүдийн гэрэл) дээр үндэслэн Тэнгэрбурхан Өөрийн ард түмнийг сонгон авч, түүхэн цаг хугацаанд авралын үйл хэргээ хэрхэн гүйцэтгэснийг тунгаан хэлэлцэж байна. Тэрээр Абрахамтай гэрээ байгуулж, Өөрийн ард түмнийг бусад үндэстнүүдийн хувьд 'гэрэл' байхаар дуудсан билээ. Ийнхүү Тэнгэрбурхан Есүс Христ доторх шинэ бөгөөд төгс гэрээний суурийг тавьсан юм. Есүс Өөрийнхөө үхэл ба амилалтаар дамжуулан өөр өөр үндэстэн, хэл, соёл иргэншилтэй бүх хүмүүсийг нэгтгэж, Өөрийн Сүйт бүсгүй болох Сүмийг цогцлоосон билээ. Сүм бол итгэлээр нэгдэж, Христийн хайраар хөглөгдөн Айлдлыг бүх дэлхий даяар тунхагладаг Тэнгэрбурханы шинэ ард түмний нэгдэл юм. Бид ч мөн Сүмийн гишүүдийн хувьд итгэл найдварын тэмдэг байж, Өөрийн бүх үр хүүхдээ нэгтгэн цуглуулахыг хүсэмжлэгч Эцэг Тэнгэрбурханы илгээлтийг түгэн дэлгэрүүлэхээр дуудагдсан билээ.

_____________________________

Ариун эцэгийн сургаалийн хураангуй

Өнөөдрийн ерөнхий уулзалтад оролцож буй англи хэлээр ярьдаг нийт мөргөлчид болон зочид, тэр дундаа Дани, Австрали, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн бүлэг хүмүүст чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Энэхүү 'Дөч хоногийн цаг улирал (Lent) нь та бүхэн болон танай гэр бүлийнхний хувьд хишиг ивээлээр дүүрэн, сүнслэг шинэчлэлийн цаг байх болтугай хэмээн ерөөж, бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг та бүхэнд хүсэн ерөөе.

 

11 Гуравдугаар сар 2026, 12:14

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >