Хайх

Il Papa in Aula Paolo VI per l'udienza generale

Нийтийн бараалхал: Ариун Судар жинхэнэ агуулгаа илчилж, өөрийн хүч чадлыг харуулах газар

Ариун Судар өөрийнхөө утга учрыг нээж, хүч чадлаа харуулах унаган орчин бол Христэд итгэгчдийн хамт олон юм. Тодруулбал, Сүмийн амьдрал болон Сүмийн итгэл бишрэл дотор Ариун Судар жинхэнэ агуулгаа илчилж, өөрийн хүч чадлыг харуулдаг байна.

 

Сургаал айлдвар. Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдааны баримт бичгүүд. I. "Дэи Вэрбүм" (Dei Verbum) ягшмал сургаалын үндсэн тунхаг 5. Сүмийн амьдрал дахь Тэнгэрбурханы Үг

Эрхэм хүндэт ах дүүс ээ, өглөөний мэнд, тавтай морилно уу! 

Өнөөдрийн сургаалаар бид Тэнгэрбурханы Үг болон Сүм хоорондын амин чухал, гүн гүнзгий холбоог авч үзэцгээе. Энэхүү амьд холбоо хамаарлыг Дээд Хуралдааны "Дэи Вэрбүм" хэмээх Ягшмал сургаалын үндсэн тунхгийн 6 дугаар бүлэгт тодорхойлон өгүүлсэн байдаг. Сүм бол Ариун Судрын яг байх газар нь юм. Ариун Сүнсний удирдамжаар Библи нь Тэнгэрбурханы ард түмнээс урган гарсан бөгөөд эргээд Тэнгэрбурханы ард түмэндээ зориулагдсан билээ. Ариун Судар өөрийнхөө утга учрыг нээж, хүч чадлаа харуулах унаган орчин бол Христэд итгэгчдийн хамт олон юм. Тодруулбал, Сүмийн амьдрал ба итгэл бишрэл дотор Ариун Судар жинхэнэ агуулгаа илчилж, өөрийн хүч чадлыг харуулдаг байна. 

Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдаанаас «Сүм нь Эзэний Биед хүндэтгэл үзүүлдэг шигээ Ариун Судрыг үргэлж дээдлэн биширсээр ирсэн бөгөөд ялангуяа ариун Литургийн үеэр Тэнгэрбурханы Үгийн индэр болон Христийн биеийн ширээ аль альнаас амьдралын талхаар тэтгэгдэж, үүнийгээ сүсэгтэн олонд түгээхээ хэзээ ч умартаж байгаагүй билээ» хэмээн сануулан тэмдэглэжээ. Түүнчлэн, «Сүм нь Ариун Уламжлалаараа Ариун Судрыг өөрийн итгэл бишрэлийн дээд хэмжүүр (дээд дүрэм) хэмээн үргэлж үзсээр ирсэн бөгөөд одоо ч тийнхүү үзсээр байна» (Дэи Вэрбүм, 21). 

Сүм нь Ариун Судрын үнэ цэнийн талаар тунгаан эргэцүүлэхээ хэзээ ч үл зогсооно. Дээд Хуралдааны дараа, үүнтэй холбоотой нэгэн чухал үйл явдал бол 2008 оны аравдугаар сард "Тэнгэрбурханы Үг Сүмийн амьдрал болон томилгоонд" хэмээх сэдвийн дор зохион байгуулагдсан Хамба нарын Синодын Хэлэлцүүлэг байв. Гэгээн Пап XVI Бенедикт уг чуулганы үр шимийг нэгтгэн, 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр "Вэрбүм Домини" (Verbum Domini - Эзэний Үг) хэмээх Синодын дараах бичвэр бөгөөд үүндээ тэрээр ингэж тэмдэглэжээ: «Үг болон итгэл бишрэл хоорондоо салшгүй, гүн холбоотой. Иймээс ч Библийн жинхэнэ үнэн зөв тайлбар нь Сүмийн нийтлэг итгэл бишрэл дунд л оршдогийг тод томруун харуулдаг. Энэхүү итгэл бишрэлийн төгс үлгэр жишээ (парадигм) нь Мариагийн хэлсэн "Тийм" юм. [...] Ариун Судрыг тайлбарлан таних унаган орон зай бол Сүмийн амьдрал билээ» (д. 29). 

Иймээс итгэгчдийн хамт олон дунд л Ариун Судар өөрийн онцгой үүргийг гүйцэтгэж, эцсийн зорилгодоо буюу Христийг таньж мэдүүлж, Тэнгэрбурхантай ярилцах үүдийг нээх орчиноо олдог. «Учир нь Ариун Судрыг эс мэдэх нь Христийг эс мэдэх хэрэг мөн» [1]. Гэгээн Жеромын энэхүү алдартай ишлэл нь Ариун Судрыг уншиж, тунгаан бясалгахын эцсийн зорилгыг бидэнд сануулдаг. Энэ бол Христийг таньж мэдэх, улмаар Түүгээр дамжуулан Тэнгэрбурхантай харилцаатай байх явдал бөгөөд энэхүү харилцааг нэгэн төрлийн харилцан яриа, харилцаа хэмээн ойлгож болно. "Дэи Вэрбүм" Үндсэн Тунхаг ч Тэнгэрбурханы Илчлэлтийг яг л ийм харилцаа хэмээн танилцуулсан бөгөөд үүнд Тэнгэрбурхан хүмүүстэй яг л анд нөхөд шигээ харилцан ярьдаг хэмээн өгүүлдэг (харьц.DV, 2). Энэхүү гайхамшиг нь бид Библийг зүрх сэтгэлдээ залбирлын хандлагаар унших үед биелэлээ олдог. Яг тэр мөчид Тэнгэрбурхан бидэнтэй уулзахаар ирж, бидэнтэй харилцан ярилцаж эхэлдэг байна. 

Сүмд даатгагдсан, Сүмийн нандигнан хадгалж, тайлбарладаг Ариун Судар нь өөрөө нэгэн идэвхтэй үүргийг гүйцэтгэдэг. Тодруулбал, Ариун Судар нь өөрийн үр нөлөө, хүч чадлаараа Христэд итгэгчдийн хамт олонд түшиг тулгуур, эрч хүчийг хайрлаж байдаг юм. Бүх сүсэгтэн олон энэхүү ариун ундаргаас ундаалах урилга авсан бөгөөд үүнийг юуны түрүүнд Евхарист болон бусад сакраментаар хүлээн авдаг билээ. Тэнгэрбурханы Үгийг бусдад түгээж, номлох ариун үүргийг хүлээсэн хамба нар, тахилч нар, туслах диаконууд болон багш нар хамгийн түрүүнд Ариун Судрыг хайрлаж, түүнийг өдөр тутмынхаа амьдрал шиг дотноо болгосон байх учиртай. Тэгж байж л тэд бусдыг зөв чиглүүлж чадна. Мөн Библийн цаад нарийн утга учрыг түүх, шинжлэх ухааны үүднээс судалдаг эрдэмтэн мэргэдийн зүтгэл туйлын үнэ цэнтэй юм. Товчхондоо, Тэнгэрбурханы Үг бол шашин судлалын (теологийн) хамгийн гол тулгуур суурь бөгөөд амин сүнс нь учраас Ариун Судар үргэлж хамгийн төвд нь залрах учиртай. 

Тэнгэрбурханы Үг итгэгч бүрийн зүрх сэтгэлд хүрч, тэдний итгэл бишрэлийн замыг тэтгээсэй хэмээн Сүм хүсэн тэмүүлдэг. Гэхдээ Тэнгэрбурханы Үг Сүмийг зөвхөн өөрийн хүрээлэл дотроо хашигдах биш, харин дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх хүмүүст хүрч ажиллах тэрхүү томилгооны зүг байнга хөтөлж, үүдийг нь нээж байдаг. 

Үнэндээ бид өнөөдөр олон үгс дунд хүрээлүүлэн амьдарч байна. Харамсалтай нь, тэдгээр үгсийн хичнээн нь хоосон байдаг вэ! Заримдаа бид мэргэн үгсийг сонсдог ч тэдгээр нь бидний амьдралын эцсийн зогсоолыг хөндөж чаддаггүй. Харин Тэнгэрбурханы Үг л бидний амьдралын үнэн мөн чанар болоод утга учрыг хайсан тэрхүү сүнсний цангааг маань тайлж өгдөг. Энэ Үг бол үргэлж шинээрээ байдаг цорын ганц Үг юм. Тэнгэрбурханы агуу нууцыг бидэнд нээж өгдөг учраас энэ Үг хэзээ ч шавхагдашгүй бөгөөд өөрийн нандин баялгийг хүмүүн бидэнд харамгүй хайрласаар л байдаг билээ. 

Хайрт ахан дүүс минь ээ, Сүмийн амьдрал дунд алхахдаа бид Ариун Судар бол бүхэлдээ Есүс Христтэй салшгүй холбоотой болохыг ухааран суралцаж, үүнд л Ариун Судрын үнэ цэнэ, хүч чадал оршдгийг туршин мэдэрдэг билээ. Христ бол Эцэг Тэнгэрбурханы амьд Үг бөгөөд бие махбод болсон Үг мөн. Ариун Судрын бүхий л хуудас нь Түүний бодгалийн мөн чанарыг зарлаж, бидний хүн нэг бүрийг болон нийт хүн төрөлхтнийг Түүний авралт оршихуйг тунхагладаг билээ. Иймээс Сүмийн Эх Цэвэр Охин Мариагийн тэрхүү нандин чанараас суралцаж, энэхүү агуу бэлгийг хүлээн авахын тулд бүгдээрээ зүрх сэтгэл, оюун бодлоо нээцгээе. 

 

11 Хоёрдугаар сар 2026, 17:55

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >