Пап Нийтийн бараалхал дээр: Үхлийн тухай асуултанд
Эрхэм ахан дүүс та бүхэндээ өглөөний мэнд дэвшүүлье, Бүгдээрээ тавтай морилно уу!
Үхлийн нууцлаг шинж чанар нь хүн төрөлхтний хувьд эртнээс хамгийн гүнзгий асуулт байсаар ирсэн. Үхэл нь оршин буй бүхний дундаас хамгийн жам ёсны /байгалийн/ мэт атлаа хамгийн жам ёсны бус /байгалийн бус/ үйл явдал мэт харагддаг. Үхэл нь жам ёсных, учир нь дэлхий дээрх бүх амьд оршихуй эцэстээ үхдэг. Гэвч бас жам ёсны бус мэт, учир нь бид өөрсдийнхөө болон хайрладаг хүмүүсийнхээ төлөө амьдрал, мөнхийн оршихуйг хүсдэг учраас үхлийг ял шийтгэл, ‘зөрчил’ мэтээр үздэг билээ.
Эртний хүмүүс нас барагсдын шүтлэгтэй холбоотой зан үйл, ёс жаягийг бүтээж, дээдийн нууц руу одогсдыг замд нь дагалдуулан санан дурсахыг зорьжээ. Өнөө цагт харин өөр чиг хандлага ажиглагдах болжээ. Үхэл нь нэгэн төрлийн хориотой сэдэв мэт ойлгогдож, биднээс хол байлгах ёстой үйл явдал; Түүнийг хүмүүс аядуу, шивнэх мэтээр ярьж бидний мэдрэмж, амар тайвныг түгшээхгүйн тулд аядуу, шивнэх мэт ярьдаг зүйл болж харагдана. Иймээс л бид ихэвчлэн оршуулгын газруудаар очихоос зайлсхийдэг. Тэнд биднээс түрүүлэн одсон хүмүүс амилалтыг хүлээн агшин зуур амарч байдаг билээ.
Тэгээд үхэл гэж чухам юу юм бэ? Үнэхээр бидний амьдралын эцсийн үг юм болов уу? Зөвхөн хүн төрөлхтөн л энэ асуултыг өөрөөсөө асуудаг, учир нь зөвхөн тэд л эцэстээ үхэхээ мэддэг билээ. Гэвч үхэхээ ухамсарлаж мэдэх нь үхлээс аврахгүй; харин ч ухамсарлаж ойлгох нь бусад амьд оршихуйтай харьцуулахад илүү дарамттай болгодог. Амьтад мэдээж зовдог, мөн үхэл ойрхон байгааг мэдэрдэг. Гэвч тэд үхэл нь тэдний хувь тавилангийнх нь нэг хэсэг гэдгийг ойлгож мэдэхгүй. Тэд амьдралын утга учир, зорилго, үр дүнг эргэцүүлэн асуулт тавьдаггүй.
Энэ өнцгөөс авч үзвэл, биднийг зөвхөн үхдэгээр нь бус, харин энэ үйл явдал зайлшгүй тохиохыг мэддэг атлаа хэрхэн, хэзээ болохыг үл мэддэг учраас парадокс, азгүй оршихуй хэмээн бодож болох юм. Бид өөрсдийгөө ухамсарласан атлаа хүчин мөхөс гэдгээ мэдэрнэ. Үхлийн тухай асуултаас зайлсхийх байнгын дарамт, оршихуйн зугтлууд эндээс үүдэлтэй байх магадлалтай.
Альфонсус Гэгээнтэн Мария де Лигуори өөрийн алдарт Apparecchio alla morte (Үхэлд бэлтгэхүй) бүтээлдээ үхлийн сурган хүмүүжүүлэх үнэ цэнийг эргэцүүлэхийн сацуу амьдралын агуу багш байж чадна гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Үхэл оршин байгааг мэдэж, түүний тухай эргэцүүлэн бодох нь бидэнд оршихуйгаа юунд зориулахыг жинхэнэ утгаар нь заан сургадаг. Тэнгэрийн хаанчлалыг танин мэдэхийн тулд залбирах, түр зуурын хүлээс болсон зүйлсээс ангижрах нь жинхэнэ амьдралын нууц юм. Учир нь дэлхий дээрх бидний богинохон замнал мөнхийн оршихуйд бэлтгэл болдгийг ухамсарлах нь зүйтэй.
Гэвч орчин үеийн олон антропологийн үзэл санаа дотоод мөнхийн оршихуйг амлаж, технологийн тусламжтайгаар дэлхий дээрх амьдралыг уртасгах онол дэвшүүлсээр байна. Энэ бол трансхүмэн үзэгдэл бөгөөд өнөөгийн цаг үеийн сорилтын хүрээнд өөрийн байр суурийг эзэлж, аажмаар өрнөж буй онолын нөхцөл байдлын нэгэн хэсэг болон төлөвшиж байна. Шинжлэх ухаан үнэхээр үхлийг ялан дийлж чадах уу? Харин шинжлэх ухаан үхэл үгүй амьдрал аз жаргалтай амьдрал мөн гэдгийг баталгаажуулж чадах болов уу?
Христийн амилалтын үйл явдал бидэнд үхэл нь амьдралын эсрэг зүйл бус харин мөнхийн амьдралд хүрэх зам болохын хувьд амьдралын салшгүй хэсэг гэдгийг бидэнд илчилдэг билээ. Есүсийн Паска нь зовлон шаналал, сорилт бэрхшээлээр дүүрэн энэ цаг үед бидэнд үхлийн дараа ирэх төгс бүрэн байдлын амтыг урьдчилан мэдрүүлдэг.
Лукийн сайн мэдээний бичигч нь Калварийг харанхуй бүрхсэн тэр үдээс хойш найдварын гэрэл цухалзахыг зөгнөн, “Бэлтгэлийн өдөр байсан бөгөөд амралтын өдөр эхэлж байлаа” (Лк 23:54) хэмээн бичжээ. Амилалтын өглөөг урьдчилан зөгнөх тэр гэрэл нь үүлэрхэг, нам гүм харагдах тэнгэрийн дор хэдийн гялалзаж байлаа. Амралтын өдрийн гэрэл анх удаа, бас цорын ганц удаа, амралтын өдрийн дараах өглөөг Амилалтын шинэ гэрлийг урьдчилан зөгнөн зарлажээ. Зөвхөн энэ үйл явдал л үхлийн нууцыг бүхэлд нь гэрэлтүүлж чадна. Энэ гэрэлд л бидний зүрхний хүслэн, найдвар биелж, үхэл төгсгөл бус харин маш тод гэрэлтэй, аз жаргалтай мөнхийн амьдрал руу нэвтрэх зам болдог.
Амилсан Нэгэн нь үхлийн агуу сорилтод биднээс түрүүлэн орж, Тэнгэрбурханы Хайрын хүчээр ялалт байгуулсан юм. Ийнхүү Тэр бидний мөнхийн амралтын орон, биднийг хүлээж буй гэрийг бэлтгэж өгсөн; мөн харанхуй сүүдэр, ямар нэгэн зөрчилгүй, бүрэн дүүрэн амьдралыг бидэнд өгсөн.
Хайрын төлөө нас барж, дахин амилсан Түүний ачаар бид Францис Гэгээнтний хамт үхлийг “эгч” хэмээн нэрлэж чадна. Амилалтын баттай найдварын дунд хүлээх нь биднийг үүрд үгүй болох айдсаас хамгаалж, эцэс төгсгөлгүй баяр баясгалант амьдралд бэлтгэдэг
_______________
УРИАЛГА
Тайланд–Камбожийн хилийн дагуу дахин сэргэж буй мөргөлдөөн энгийн иргэдийн амь насыг авч одож, олон мянган хүнийг гэр орноо орхин дүрвэхэд хүргэсэн тухай мэдээ намайг гүнээ эмгэнүүлж байна. Би эдгээр эрхэм ард түмэнд залбирлаараа ойр дотно буйгаа илэрхийлж, талуудыг даруй буудалцаанаа зогсоож, яриа хэлэлцээрт хүрэхийг уриалж байна.
____________________________________________________
Онцгой мэндчилгээ:
Өнөөдөр өглөөний Нийтийн бараалхалд оролцож буй англи хэлтэй мөргөлчид, зочдод халуун дотно мэндчилгээ дэвшүүлье. Ялангуяа Англи, Уэльс, Мальта, Уганда, Австрали, Япон, Малайз, Сингапур болон Америкийн Нэгдсэн Улсаас хүрэлцэн ирсэн эрхэм хүмүүсийг онцлон угтаж байна. Та бүхэн гэр бүлтэйгээ хамт шинэ төрсөн Есүс Христ, Тэнгэрбурханы Хүү, дэлхийн Аврагчийг угтан авах энэ цагт адислал, хайраар бялхам Ирэлтийн улирлыг гүнээ мэдрэх болтугай. Тэнгэрбурхан та бүгдийг адислах болтугай!
_____________________________
Ариун эцгийн сургаалийн хураангуй:
Эрхэм ахан дүүс ээ:
Өнөөдрийн шашны сургалтаар бид “Есүс Христ бол бидний Найдвар” хэмээх Жүбилейн сэдвийг үргэлжлүүлэн эргэцүүлж, үхлийг Амилалтын гэрэлд авч үзэж байна. Хүн төрөлхтөн бид энэ дэлхий дээрх амьдрал нэгэн өдөр төгсгөлд хүрнэ гэдгийг мэддэг. Орчин үеийн соёл үхлээс эмээж, түүнээс зайлсхийхийг оролдож, мөнх амьдралыг эрэлхийлэн анагаах ухаан, шинжлэх ухаанд найдах нь бий. Харин бидний сонссон Сайн Мэдээний ишлэл биднийг Амилалтын үүрийн гэрлийг хүсэн хүлээхэд уриалж байна. Есүс үхлээс амьдрал руу, шинэ бүтээлийн анхны үр жимс болон нэвтэрсэн билээ. Түүний ялалтын гэрэл бидний үхлийг гэрэлтүүлж, үхэл бол төгсгөл бус харин энэ амьдралаас мөнхийн амьдрал руу нэвтрэх зам гэдгийг сануулдаг. Иймээс үхэл бол айдас төрүүлэх зүйл бус, харин бэлтгэх мөч юм. Энэ нь бидний амьдралаа эргэцүүлж, Христийн үхэлд төдийгүй мөнхийн амьдралын баяр баясгаланд оролцон амьдрах уриалга юм.
