Пап Нийтийн бараалхал дээр: Сорилтуудыг ганцаар даван туулж үл чадна
Хайрт ахан дүүс нараа, өглөөний мэнд! Тавтай морилно уу!
Найдвар хэмээх сэдвийн дор тэмдэглэж буй энэхүү Жүбили жилд бид Есүс Христийн Амилалт болон өнөөгийн ертөнцийн бидэнд тулгамдаж буй сорилт хоорондын харилцааг эргэцүүлэн тунгааж байна. Амьд оршигч Есүс биднээс олонтаа: ‘Яагаад уйлж байна вэ? Хэнийг эрж хайж байна вэ?’ хэмээн асуудаг билээ. Үнэндээ сорилтуудыг ганцаараа даван туулж үл чадна, харин нулимс нь нүдийг минь ариусган, харцыг минь чөлөөлөх амьдралын бэлэг юм.
Сударч Иохан бидний анхаарлыг бусад Айлдлаас олддоггүй нэгэн нарийн зүйлд хандуулдаг нь: хоосон булшны дэргэд уйлан зогсохдоо Магдалин Мариа амилсан Есүсийг шууд таниагүй ба харин цэцэрлэгч хэмээн боджээ. Есүсийн оршуулгыг тухай өгүүлэхдээ, Ариун Баасан гарагийн нар жаргах үед бичвэр маш нарийн тодорхой байсан юм. Түүнийг цовдолсон газарт цэцэрлэг байсан бөгөөд тэнд хэнийг ч ер тавьж байгаагүй шинэ хадан булш байлаа. Тэгэхэд иудейчүүдийн бэлтгэлийн өдөр байсан бөгөөд тэр хадан булш ойрхон байсан тул тэд Есүсийг тэнд тавьжээ (Иох 19:40-41).
Ийнхүү Амралтын өдрийн амар амгалан, цэцэрлэгийн гоо үзэсгэлэн дунд, урвалт, баривчилгаа, орхигдолт, ял шийтгэл, доромжлол, Хүүгийн аллагаар эхэлсэн харанхуйн ба гэрлийн эмгэнэлт тэмцэл төгсгөлдөө хүрч байна. Тэрээр “дэлхийд байсан өөрийн хүмүүсийг хайрласан бөгөөд … тэднийг эцсээ хүртэл хайрласан” (Иохан 13:1). Цэцэрлэгийг арчилж хамгаалах нь (Эхлэл 2:15-г харьцуул) анхдагч даалгавар бөгөөд Есүс үүнийг төгс биелүүлсэн юм. Загалмай дээрх Түүний эцсийн үгс: “Гүйцэлдлээ” (Иохан 19:30) хэмээсэн нь: биднийг өөрсдийн даалгаврыг дахин нээж, ухамсарлахад уриалж байна. Ийм учраас Тэр толгойгоо бөхийлгөн, сүнсээ өргөжээ” (30-р ишлэл).
Эрхэм ах, эгч нар аа, Магдалин Мариа тэр үед цэцэрлэгчтэй учирсан гэж бодсон нь огтхон ч эндүүрэл биш байлаа. Үнэндээ тэр өөрийн нэрийг дахин сонсож, шинэ Хүнээс өөрийн даалгаврыг ойлгох ёстой байсан юм. Тэр шинэ Хүний тухай Иоханы өөр нэгэн бичвэрт: “Харагтун, Би бүхнийг шинэ болгож байна” (Илчлэлт 21:5) хэмээн өгүүлсэн байдаг. Пап Францис “Laudato si” хэмээн түгмэл захидалдаа бидэнд нягт нямбай, бясалгалт харцаар харах зайлшгүй хэрэгцээ байгааг харуулсан юм :хэрэв хүн цэцэрлэгийн хамгаалагч сахиул биш бол тэр цэцэрлэгийн сүйтгэгч болдог. Христийн найдвар нь өнөөдөр бүх хүн төрөлхтөн тулгараад буй сорилтуудад хариу өгдөг. Учир нь цовдлогдсон Нэгэн үр мэт булшинд тавигдсан тэр цэцэрлэгт оршин, дахин амилж, арвин их жимсийг ургуулсан билээ.
Тэнгэрийн орон алдагдаагүй, харин дахин олдсон юм. Ийнхүү Есүсийн үхэл ба амилалт нь бүхэллэг экологиос урган гарсан сүнслэг байдлын үндэс суурь болдог. Харин энэ суурьгүйгээр итгэлийн үгс бодит байдалд нөлөөлөхгүй, шинжлэх ухааны үгс зүрхэнд хүрэлгүй гадна үлддэг. Экологийн соёлыг зөвхөн бохирдол, хүрээлэн буй орчны доройтол, байгалийн баялгийн хомсдол зэрэг яаралтай бөгөөд хэсэгчилсэн асуудлуудад хариу өгөх арга хэмжээнүүдийн цувралд хязгаарлаж үл болно. Өөрөөр харах онцгой арга зам, бодох арга барил, бодлого, боловсролын хөтөлбөр, амьдралын хэв маяг, сүнслэг байдал хэрэгтэй бөгөөд эдгээр нь хамтдаа эсэргүүцлийг бий болгодог (Laudato si’, 111).
Иймээс бид экологийн өөрчлөлтийн тухай өгүүлдэг бөгөөд Христийн шашинтнууд үүнийг Есүсийн тэднээс шаардсан эрс өөрчлөлтөөс салгаж ойлгох боломжгүй юм. Үүний нэг тэмдэг бол тэр Амилалтын өглөө Магдалин Мариа эргэн харсан явдал юм: зөвхөн ганц удаагийн өөрчлөлтөөр бус, олон удаагийн өөрчлөлтөөр бид нулимсны хөндийг туулан туулсаар шинэ Иерусалимд хүрдэг билээ. Зүрх сэтгэлээс улбаатай, сүнслэг чанартай энэхүү шилжилт нь түүхийг өөрчилж, нийтийн оролцоонд татан оролцуулж, Хурга-Хоньчны нэр ба хүчээр эв нэгдлийг идэвхжүүлдэг. Энэ эв нэгдэл нь хүмүүсийг болон бүх бүтээлийг чонын хүсэл тачаалаас хамгаалдаг.
Ийнхүү Сүмийн охид, хөвгүүд ядуусын болон дэлхийн шаналангийн дуу хоолойг сонсож, түүнийг зүрхэндээ шингээсэн сайн санаат хүмүүстэй учран уулздаг. Мөн бүтээлтэй илүү шууд харилцаагаар дамжуулан шинэ зохицлыг хүсэж, энэ нь тэднийг олон хуваагдлаас цааш хөтлөхийг эрмэлздэг олон хүн бий. Нөгөө талаар, тэнгэрүүд Бурханы алдрыг өгүүлсээр, тэнгэрийн мандал Түүний бүтээлийг тунхаглаж байна. Хэл яриа хийгээд үг үгүй, Дуу ч сонсогдохгүй атлаа, Дуу хоолой нь бүх газарт, Үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн. (Дуу19:3-4)
Ариун Сүнс бидэнд дуу хоолойгүй хүмүүсийн дууг сонсох чадварыг өгөх болтугай. Бид нүд харж чадахгүй байгааг харах болно: Тэр цэцэрлэг, тэрхүү Тэнгэрийн улс нь бид зөвхөн өөрийн үүргээ хүлээн авч, гүйцэтгэснээр л хүрэх билээ.
Онцгой мэндчилгээ
Өнөөдөр англи хэлээр ярьдаг эргэл мөргөлчид болон зочдыг, Онцгойлон Англи, Ирланд, Сенегал, Уганда, Хятад, Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Өмнөд Солонгос, Вьетнам болон Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн хүмүүсийг баяртайгаар угтан авч байна. Луизианагийн Ксавьер Их Сургууль болон Техасын Далласын Их Сургуулийн оюутан, багш нарт тусгай мэндчилгээ дэвшүүлье. Найдварын эрэлхийлэх энэхүү Жүбили нь та бүхэнд болон гэр бүлүүдэд тань энэрэл нигүүлсэл, сүнслэг шинэчлэлийн цаг үе болохын төлөө залбирч, та бүхний дээр Эзэн Есүс Христийн баяр баясал, амар амгаланг урин дуудъя.
Ариун Эцэгийн сургаалийн товчлол
Эрхэм ахан дүүс ээ, “Есүс Христ бол бидний найдвар” хэмээх Жүбили жилийн сэдвийн дагуу үргэлжилж буй шашны сургалтынхаа хүрээнд бид өнөөдөр Христийн Амилалт болон түүний өнөөгийн дэлхийн сорилтууд, ялангуяа байгаль дэлхийн уялдаа холбоонд үзүүлэх нөлөөг авч үзэж байна. Хэрэв бид зөвшөөрвөл Христийн авралын үйлс бидний бүх харилцааг өөрчилж чадна: Тэнгэрбурхантай, бусад хүмүүстэй, мөн бүтээлтэй харилцах харилцааг. Амилалтын өглөө Есүс рүү эргэн харсан Мариа Магдалена шиг бид ч бас Христийн найдварын үр жимсийг ургуулахыг зөвшөөрч, зүрх сэтгэлээ шинэчилж, тулгарч буй асуудлуудад хариу үйлдэл үзүүлэх арга замдаа өөрчлөлт хийх ёстой. Есүсийн дагалдагчид болохын хувьд бид хүний нэр төрийг болон бүх бүтээлийг хамгаалахад чиглэсэн амьдралын хэв маяг, бодлогыг дэмжихээр дуудагдсан байдаг. Асуудлаа Амилалтын харцаар харж чадах хишиг ивээлийг гуйцгаая, бид дэлхийд итгэл найдвар болон Амилалтын баярын баяр баясгалангаар нөлөөлөх болтугай.
