Пап Нийтийн бараалхал дээр: Сэтгэлийн гүнээс оргилон гардаг асуулт
Хайрт ахан дүүс минь, өглөөний мэнд, тавтай морил!
Христийн амилалт нь амьдралын нууцыг гэрэлтүүлж, бидэнд итгэл найдварын нүдээр харах боломжийг олгодог. Энэ нь үргэлж амархан, эсвэл ойлгомжтой байдаггүй. Дэлхийн өнцөг булан бүрт олон хүний амьдрал хүнд хүчир, шаналал дүүрэн, давж гарах ёстой бэрхшээлээр дүүрэн харагдаж байна. Хүн төрөлхтөн амьдралыг бэлэг мэт хүлээн авдаг ч: тэд үүнийг хүсдэггүй, сонгодоггүй, харин амьдралын нууцлаг оршихуйг анхны өдрөөс сүүлчийн мөч хүртэл туулан мэдэрдэг. Амьдрал өөрийн онцгой, гайхамшигт мөн чанартай: энэ нь бидэнд зүгээр л өгөгдсөн бөгөөд бид нэгэндээ өгч болохгүй. Гэвч амьдралыг байнга тэтгэн тэжээж байх шаардлагатай: амьдралыг арчилж анхаарч, эрч хүчээр сэлбэж сэргээж хүлээн авах хэрэгтэй.
Амьдралын тухай асуулт бол хүний зүрх сэтгэлийн хамгийн гүн гүнзгий шаналал юм. Бид энэ амьдралд орсон нь өөрсдийнхөө сонголт, шийдвэрийн үр дүн биш эрэл хайгуул хэмээн хэлж болох юм. Энэ үнэнээс үүдэн бүх цаг үед үерлэн урсах мөрөн мэт хүчтэйгээр сэтгэлийн гүнээс оргилон гардаг асуулт бол: Бид хэн юм бэ? Бид хаанаас ирсэн юм бэ? Бид юуг чиглэн яваа юм бэ? Энэ аялалын эцсийн утга учир нь юу юм бэ? юм. Амьд байна гэдэг нь утга учир, чиглэл, найдвар руу дууддаг. Найдвар бол сэтгэлийн гүнд орших хөдөлгөгч хүч бөгөөд тэр л биднийг бэрхшээлийн дунд ч урагш алхуулах эрч хүч өгч, аяллын ядаргаанд сөхрөн бууж өгөхөөс хамгаалдаг ба оршихуйн энэ эргэл мөргөл нь эцэстээ биднийг жинхэнэ гэртээ хүрэх итгэл төрүүлдэг. Найдвар үгүй бол амьдрал, хоёр мөнхийн харанхуйн хоорондох хаалт, дэлхий дээрх аялалын өмнөх ба дараахын дунд орших түр зуурын завсарлага мэт санагдах аюул тулгарна. Амьдралд итгэж найдна гэдэг нь очих газраа урьдаас төсөөлөн таамаглах, хараахан харж, хүрч эс чадах зүйлдээ итгэх, Биднийг бүтээсэн Эцгийн хайранд даатган найдах явдал юм. Учир нь Тэр биднийг хайраар бүтээсэн бөгөөд үргэлж аз жаргалтай байхыг хүсдэг билээ.
Эрхэм анд нөхөд өө, Энэхүү ертөнцөд нэгэн түгээмэл өвчин тархсаар байгаа нь амьдралд итгэх итгэл үгүй болжээ. "Бид нэг л мэдэхэд сэтгэлээ харанхуйлж, бүхнийг хар бараанаар хүлээн авдаг болж. Амьдрал бэлэг мэт бус, харин танигдашгүй, бараг л сэтгэл гонсойлгохоос сэргийлэн хамгаалах ёстой аюул мэт санагдах эрсдэлтэй болжээ. "Иймээс амьдрах, амьдралыг тэтгэн бүтээх зориг, мөн Тэнгэрбурхан бол амьдралыг энэрэн хайрлагчийн туйлын жишээ мөн хэмээн гэрчлэн тунхаглах зүрх сэтгэл нь Мэргэн ухааны номд (11:26) бичигдсэнчлэн өнөө цагт урьд хожид байгаагүйгээр яаралтай дуудлага болсон байна.
Сайн мэдээнд Есүс өвчтэйг эдгээж, шархалсан бие сэтгэлийг илааршуулж, үхэгсдэд амь буцаан өгдөг нь Түүний зүрх сэтгэлийн гүн анхаарал амьдралын төлөө чиглэдэг болохыг дахин дахин батлан харуулдаг. Ингэснээр, Эцгийг илчлэхээр бие махбодтой болж ирсэн Хүү нь нүгэлтнүүдэд нэр төрийг нь сэргээж, нүглийн хүлээсийг тайлсан билээ. Тэр ингэхдээ бүх хүн төрөлхтөнийг, ялангуяа авралын амлалтаас нь холдсон, цөхөрсөн, гадуурхагдсан хүн нэг бүрийг хүртэл хайрлан багтаасан юм
Эцгийн илгээсэн Христ бол өөрөө амь мөн. Тэр амьдралыг харамгүйгээр бүтээж, эцэст нь Өөрийн амийг хүртэл зольсон билээ. Тэр мөн биднийг ч амьдралаа бүтээж, зориулахыг урьдаг билээ. Бүтээхүй гэдэг бол өөр нэгнийг амьдралд дуудан, амь оруулах үйл юм. Амьд бүхний орчлон ертөнц энэ хуульд захирагдан тэлж, бүтээлийн симфонид гайхамшигт 'өрнөл'-өөр хөглөгдөн, эрэгтэй эмэгтэй хоёрын хоршлоор оргилдоо хүрдэг: Тэнгэрбурхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Өөрийн дүрээр бүтээж, мөн тэрхүү дүрээр хайрын төлөө, хайраар бүтээж үржүүлэх эрхэм үүргийг тэдэнд даалгасан билээ.
Эхнээсээ л Ариун Судар бидэнд амьдралын тухай ялангуяа түүний дээд илэрхийлэл болох хүний дүр төрх, эрх чөлөө хэмээх бэлгийг хүлээн авч, улмаар тэр эрх чөлөө нь эмгэнэлт түүх болон хувирдаг болохыг илчилдэг. Ийнхүү хүний харилцаа ч бас зөрчилдөөн хийгээд бүр ах дүүс цус урсгах хэмжээнд хүртэл хүрдэг. Каин дүү Абелийг өрсөлдөгч, аюул занал мэтээр харж, бухимдлынхаа дунд түүнийг хайрлаж, хүндэтгэх чадваргүй мэт санагддаг. Энд бид атаа жөтөө, цус урсгасан эмгэнэлт явдлыг харж байна (Эхлэл 4:1–16). Харин Тэнгэрбурхан бол тэс өөр юм. Тэр үргэлж хайр ба амийн төлөвлөгөөндөө үнэнч хэвээр байдаг. Хүн төрөлхтөн Каины мөрөөр сохроор хүчирхийлэлд захирагдаж, дайн дажин, ялгаварлан гадуурхалт, арьс өнгөөр алагчлах, боолчлолын олон хэлбэрт автсан ч, Тэнгэрбурхан тэднийг дэмжихээс хэзээ ч залхдаггүй юм.
Иймээс бүтээх нь амь өгөгч Тэнгэрбурханд итгэж, хүний оршихуйн бүх илэрхийлэлд хүнийг дэмжин хөгжүүлнэ гэсэн үг юм. Юуны өмнө эцэг, эх байх тэрхүү гайхамшигт адал явдалд ялангуяа гэр бүлүүд нийгмийн амьдралын хүнд нөхцөлд, өдөр тутмын амьдралын дарамтад дарагдан, мөрөөдөл, зорилго нь олонтаа саад бэрхшээлтэй тулгарч, биелэлээ олоход нь хязгаар учрах үедээ ч санаж байх хэрэгтэй. Тийнхүү, бүтээх гэдэг нь эв нэгдэлд суурилсан эдийн засагт үнэнч байж, хүн бүрт тэгш хүртээмжтэй нийтлэг сайн сайхны төлөө хичээн зүтгэх, бүтээл ба ертөнцийг хүндэтгэн хайрлаж, сонсох, хамт байх, бодитой бөгөөд харамгүй тусламжаар тайтгарлыг түгээхийг хэлнэ.
Ахан дүүс ээ, Есүс Христийн амилалт бол бидний итгэлийн тулгуур, найдварын эх булаг билээ. Амилалт нь биднийг сорилт бэрхшээлтэй нүүр тулгарах үед ч, зүрх сэтгэл, оюун ухааныг минь харанхуйлж буй муугийн сүүдэр дунд ч дэмжин тэтгэх ариун хүч болон оршдог. Амьдрал мөхсөн, бүх зам хаагдсан мэт санагдах тэр цагт ч Амилсан Эзэн бидний хажууд байж, бидний төлөө, бидэнтэй хамт үеийн төгсгөл хүртэл алхсаар байдаг.
__________________________
Онцгой мэндчилгээ
Өнөөдрийн Нийтийн бараалхалд оролцож буй англи хэлтэй эргэл мөргөлчид болон зочдод халуун дотноор тавтай морилно уу хэмээн мэндчилж байна. Ялангуяа Их Британи, Ирланд, Нидерланд, Норвеги, Нигери, Уганда, Австрали, Шинэ Зеланд, Малайз, Филиппин, Канад болон Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн та бүхэнд тусгайлан мэндчилгээ дэвшүүлье. Онцгойлон, Англи болон Уэльсээс ирсэн, сахил санваарын хэргэм хүртсэнийхээ 40, 50, 60 жилийн ойг тэмдэглэж буй эрхэм хүндэт хамба лам нар болон санваартан нарт гүн хүндэтгэлтэйгээр мэндчилгээ дэвшүүлье. Мөн Эритрей улсын Кэрэний Эпарх, түүнийг удирдаж буй эрхэмсэг хамба лам Киндане Ебиогийн хамт, байгуулагдсаны 30 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ үед нь халуун дотноор мэндчилье. Эзэн та бүхнийг энэрэл нигүүлсэл, эв эе, энхийн замаар гэрчлэл хийхэд тань үргэлж заан чиглүүлж хөтөлж байг. Энэхүү эргэл мөргөлийн хугацаанд та бүхний дотор найдварын ариун чанар улам бүр бэхжин батжихын төлөө залбирч, та бүхний болон гэр бүлийн тань дээр Эзэн Есүс Христийн баяр хөөр, амар тайвныг дуудан залбирч байна. Тэнгэрбурхан та бүхнийг адислах болтугай!
________________________
Ариун эцгийн сургаалийн товч агуулга
Эрхэм ахан дүүс ээ, Өнөөдөр бид “Христ бидний найдвар” хэмээх эргэл мөргөлийн сэдвийн хүрээнд үргэлжилж буй шашны сургаалийнхаа энэ хэсэгт хүн бүрийн сэтгэлийн гүнд орших нэгэн асуултыг тунгаан бодохыг урьж байна: амьдралын утга учир, мөн чанар нь юу юм бэ? Бидний сонссон Айлдлын хэсэг энэхүү асуултад хариулт өгч байна. Амьдрал гэдэг нь юуны өмнө Тэнгэрбурхан хайр энэрлээс урган гарсан, Түүний бидэнд өгсөн бэлэг юм. Өнөө цагт түгээмэл тохиолддог нэгэн сорилт бол Тэнгэрбурханы сайн сайхан, хайр энэрэлд итгэх итгэлийн ганхалт билээ. Амьдралын хүнд нугачаанд дарагдсан үедээ бид амьдралыг Тэнгэрбурханы өгсөн ариун бэлэг хэмээн мэдрэхээ больж болох ч, Тэрээр хайр энэрлийнхээ төлөвлөгөөнд хэзээд үнэнч байдаг юм гэдгийг Амилсан Христ бидэнд сануулсаар байдаг. Тэнгэрбурханд итгэснээр бид амьдрал ба хайр энэрлийн энэ аугаа төлөвлөгөөнд оролцох урилгыг хүлээн авч, амьдралыг бүтээж, үргэлжлүүлэн тэтгэх үйлсэд уригдаж байна. Гэр бүлийн амьдралын дуудлагыг хүлээн авч, түүгээр амьдарч буй та бүхний хувьд энэ нь эцэг, эх болохын ариун бэлэг болон адал явдлыг нээж танин мэдэхийг, шинэ амийг энэ ертөнцөд авчрах үйлсэд оролцож, тэднийг мөнхийн амьдралд бэлтгэх эрхэм үүрэгт уригддаг. Энэ адал явдлаас бүү эмээ. Харин залбирлын сэтгэлээр амьдралын энэ ариун бэлэгт зүрх сэтгэлээ нээж, биднийг хайрладаг Тэнгэрбурханд итгэж найд.
