Хайх

Күүкийн бодлого
Vatican News портал нь вебсайтын ашиглалтыг хөнгөвчлөх, үйлчилгээний ашиглалтыг баталгаажуулахын тулд техникийн эсвэл ижил төстэй күүкийг ашигладаг. Мөн гуравдагч этгээдийн техникийн болон шинжилгээний күүкийг ашиглаж байж болно. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. Энэ баннерыг хааснаар та күүкийг ашиглахыг зөвшөөрч байна.
БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА
VATICAN-RELIGION-POPE-AUDIENCE VATICAN-RELIGION-POPE-AUDIENCE 

НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 12 сарын 11, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 17. “Сүнс болон сүйт бүсгүй ‘Ирээрэй!’ гэж хэлнэ” Ариун Сүнс ба Христэд итгэгчийн найдвар

 

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Бид Ариун Сүнс ба Сүмийн тухай сургаал номлолынхоо төгсгөлд ирлээ. Сүүлчийн эргэцүүллээ бид “Ариун Сүнс ба Сүйт Бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг” хэмээх энэхүү цуврал номлолынхоо гарчигт зориулна. Энэхүү гарчиг Библийн хамгийн сүүлчийн эшлэлүүдийн нэг болох Илчлэл номын “Сүнс болон сүйт бүсгүй ‘Ирээрэй!’ гэж хэлнэ” гэх үгсээс үүдэлтэй (Илчлэл 22:17). Эдгээр үгс нь амилсан Христэд хандан хэлсэн үгс байсан. Гэгээн Паулын бичвэр (1 Коринт 16:22) болон элч нарын үеийн Didaché хэмээх бичвэрийг үзвэл анхны Христэд итгэгчдийн цуглааны үеэр "Maràna tha!" буюу “Ирээч, Эзэн!” хэмээх Арамей үг байнга сонсогддог байсныг мэдэж болно. Энэ нь Христийг ирэхийг гуйсан залбирал байв.

Эртний цаг үед энэ залбирал нь өнөөгийн бидний нэрлэдгээр eschatological (эцэслэлийн) шинжтэй байв. Энэ нь Эзэний сүр жавхлант дахин ирэлтийг ихээхэн хүсэн хүлээж байгааг илэрхийлж байв. Түүнийг хүлээх хүлээлт, залбирал Сүмд хэзээ ч тасраагүй. Өнөөдөр ч Талархал магтаалын мөргөлийн үеэр Сүм Христийн үхэл ба амилалтыг тунхаглахдаа “бид найдвар болон Түүний ирэлтийг хүлээнэ” хэмээдэг. Сүм Эзэний ирэлтийг хүлээж буй.

Гэвч Христийн эцсийн ирэлтээс гадна бид Түүний тасралтгүй ирэлтийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, Сүмийн өнөөгийн замналд бидэн дээр байнга ирэхийг нь хүлээдэг билээ. Ариун Сүнсээр Сүм Есүст хандан "Ирээрэй!" гэж дуудахдаа тухайн мөчид Түүнийг ирэхийг хүлээдэг.

"Ирээрэй", "Ирээч, Эзэн!" хэмээх энэхүү залбирал цаг хугацааны явцад шинэ агуулгаар баяжиж, илүү гүн утгатай болсон. Энэ нь зөвхөн Христэд хандаад зогсохгүй мөн Ариун Сүнсэнд хандсан залбирал болсон. Өмнө нь Тэр залбирч Эзэнийг дууддаг байсан бол бид одоо Сүнсийг Өөрийг нь залбиран дууддаг болсон билээ. "Ирээч!" гэдэг үг Сүмийн Ариун Сүнсэнд хандсан бараг бүх залбирал, магтан дууны эхэнд байдаг. "Ирээч, Ариун Сүнс!" хэмээн бид Veni Creator магтууны эхэнд дуулдаг. Мөн Пентекостын залбирлаар ч тэрхүү үгсийг давтдаг билээ. Бусад олон залбиралд энэ дуудлага байх агаад, байх нь ч зөв юм. Учир нь Христийн амилалтаас хойш Ариун Сүнс Христийн жинхэнэ "alter ego" буюу Христийн оронд байх Нэгэн болсон. Ариун Сүнс бол Сүмийн доторх Есүсийн оршихуй, үйл хэрэг юм. Ариун Сүнс нь “ирэх зүйлийг мэдүүлэгч” (Иохан 16:13) бөгөөд тэдгээр зүйлийг хүсэн хүлээхэд биднийг хүргэдэг. Тиймээс авралын төлөвлөгөө дотор Христ ба Ариун Сүнс салшгүй холбоотой.

Ариун Сүнс бол Христэд итгэгчдийн найдварын хэзээ ч ширгэшгүй ундарга. Гэгээн Паул бидэнд "Найдварын Тэнгэрбурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэх болтугай. Ингэснээр та нар Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах юм" гэх үнэ цэнтэй үгийг үлдээсэн (Ром 15:13). Хэрэв Сүмийг далбаатай завь хэмээн үзвэл, Ариун Сүнс салхи нь юм. Өнгөрсөнд ч, өнөөдөр ч Тэр л уг завийг урагшлуулж, түүхийн далайд замнах хүчийг нь өгч байсан!

Найдвар гэдэг хоосон үг, эсвэл бүх зүйл сайн сайхан болно гэсэн бүрхэг хүсэл төдий зүйл биш; харин баттай зүйл юм. Тэнгэрбурхан Өөрийн амлалтад үнэнч байна гэдэг үнэнд найдвар үндэслэдэг. Тиймээс түүнийг теологийн эрдэм буян гэж нэрлэдэг билээ. Найдвар Тэнгэрбурханаас өгөгддөг бөгөөд түүний баталгаа нь Тэнгэрбурхан Өөрөө юм. Энэ нь зүгээр сууж, юмс тохиолдохыг хүлээдэг идэвхгүй эрдэм буян биш, харин бүх зүйлийг бий болгоход тусалдаг хамгийн идэвхтэй эрдэм буян. Ядуусыг чөлөөлөхийн төлөө тэмцэж байсан нэгэн хүн дараах үгийг бичсэн байдаг: "Ядуусын хашхираан Ариун Сүнснээс үүдэлтэй. Ариун Сүнс бол хүчгүй хүмүүст өгөгдсөн хүч мөн. Тэрээр дарлагдсан ард түмний эрх чөлөө, бүрэн дүүрэн хөгжлийн төлөөх тэмцлийг удирддаг."

Христэд итгэгч хүн өөрөө найдвар тээгээд зогсохгүй, найдварыг цацруулагч, найдварын үрийг таригч байх ёстой. Энэ бол Сүмийн бүх хүн төрөлхтөнд өгч чадах хамгийн үзэсгэлэнтэй бэлэг. Ялангуяа бүх зүйл уруудаж буй мэт харагдах өнөө цаг үед энэхүү бэлэг тун үнэ цэнтэй.

Элч Петр анхны Христэд итгэгчдэд хандан дараах зөвлөгөөг өгсөн байдаг: "Христ Эзэнийг зүрхэндээ тусгаарлан нандигна. Харин найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай." Гэхдээ тэрээр "дөлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариул" гэж сануулсан билээ (1 Петр 3:15-16). Учир нь хүмүүсийг үнэмшүүлэх зүйл нь ширүүн маргаан гэхээсээ илүү, бидний хэлж буй үгэндээ шингээж чадах энэрэл хайр байдаг. Хайр бол хамгийн анхдагч бөгөөд хамгийн үр дүнтэй сайн мэдээ тунхаглах арга мөн. Үүнийг хүн бүр хийж чадна!

Ахан дүүс ээ, Ариун Сүнс ямагт биднийг "Ариун Сүнсний хүчээр найдварт бялхахад" (Ром 15:13) туслах болтугай! Баярлалаа.

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Ариун Сүнс ба Сүмийн тухай энэхүү сүүлчийн сургаал номлолдоо бид Эзэн сүр жавхлантайгаар дахин ирж, үеийн төгсгөлд авралын төлөвлөгөөгөө биелүүлнэ гэх Сүмийн найдварын эх сурвалж нь Ариун Сүнс болохыг авч үзнэ. Шинэ Гэрээний төгсгөлд Ариун Сүнс болон сүйт бүсгүй болох Сүм “Ирээрэй, Эзэн Есүс” хэмээн гал халуун хүслээр Түүнийг дуудан хашхирч буйг дүрсэлсэн байдаг (Илчлэл 22:17, 20). Үүнтэй адилаар, Сүмийн уламжлалд ч Ариун Сүнсийг дуудах “Ирээч, Ариун Сүнс” гэх эртний залбирал бий. Энэхүү залбирлаар бид Ариун Сүнснээс Христийн амлалтад итгэх итгэлийг маань батжуулж, Сайн мэдээгээр дамжуулан найдвар түгээх дуудлагадаа үнэнч байхад маань туслахыг гуйдаг билээ. Христэд итгэгч бид зөвхөн найдвар тээгч байхаас гадна тэрхүү найдвараа бусдад цацруулах учиртай. Ингэснээр бүх хүнд Эзэнийг таньж, Түүний ариун байдал, шударга ёс, амар амгалангаар дүүрэн хаанчлалыг баяртайгаар хүлээхэд нь бид туслах юм.

 

11 Гуравдугаар сар 2025, 09:52

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >
Prev
March 2025
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Next
April 2025
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930