ПАП ФРАНЦИС АНЖЕЛУС 2025 оны 3 сарын 9, Наманчлалын цаг улирлын нэгдүгээр ням гараг
2025 оны 3 сарын 9, Наманчлалын цаг улирлын нэгдүгээр ням гараг
Ариун Эцгийн бэлтгэсэн үгс
Эрхэм ахан дүүс ээ,
Өнгөрсөн лхагва гарагт бид үнс түрхэх ёслолоор Наманчлалын улирал буюу биднийг зүрх сэтгэлээсээ гэмшихийг уриалж, Амилалтын баярын баяр хөөр рүү хөтлөх 40 хоногт цаг улирлыг эхлүүллээ. Энэхүү цаг улирлыг бид зүрх сэтгэлээ ариусгаж, оюун санааны шинэчлэл, итгэл, найдвар, өглөг буянаар өсөхийн төлөө зориулцгаая.
Өнөө өглөө Гэгээн Петрийн талбайд дэлхийн сайн дурын ажилтнуудын Жүбили жилийг эхлүүлж, тэдэнд зориулсан талархал магтаалын мөргөлийг тэмдэглэлээ. Бүх зүйлийг зах зээлийн шалгуураар харж, ашиг хонжоо хайдаг бидний нийгэмд өгөөмөр сэтгэл, эв нэгдэлтэй байж, тусламж шаардлагатай хүмүүст үйлчилдэг учраас сайн дурын ажил бол эш үзүүллэг болоод найдварын бэлгэ тэмдэг юм. Энэхүү салбарт үнэнчээр зүтгэж цаг зав, ур чадвараа зориулж, бусдад шинэ итгэл найдвар төрүүлж, ойр дотно, эелдэг хандаж байгаа бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье!
Ахан дүүс ээ, эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа би ч гэсэн чин сэтгэлээсээ талархаж буй эмч эмнэлэгийн ажилтнуудад ялангуяа анхаарал халамжтай үйлчилгээ, өр зөөлөн асаргааг мэдэрч байна. Би энд байх хугацаандаа янз бүрийн шалтгаанаар өвчтэй хүмүүсийн ойр байгаа, тэдэнд Эзэний оршихуйн тэмдэг болж байгаа олон хүмүүсийн талаар эргэцүүллээ. Зовж буй хүмүүстэй хамт байж, шөнийн өвдөлт шаналгааг нь хуваалцах багахан ч гэсэн гэрэл гэгээ болох ийм "өр зөөлөн гайхамшиг" бидэнд хэрэгтэй.
Залбирлаараа надтай ойр дотно байдлаа илэрхийлж буй бүх хүмүүст талархал илэрхийлье, та нартаа бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа! Би ч бас та нарын төлөө залбирах болно. Удахгүй болох Ромын Куриагийн сүнслэг бясалгалуудад оролцогчидтой би оюун бодлоороо хамт байж нэгдэх болно.
Хамтдаа энх тайвны хишиг ивээлийг гуйж, ялангуяа зовж шаналж буй Украин, Палестин, Израил, Ливан, Мьянмар, Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Сирийн зарим бүс нутагт хүчирхийлэл дахин газар авч талаар сонслоо. Бүх угсаатан, шашин шүтлэг, энгийн номхон ард иргэдийг хүндэтгэж, хүчирхийллээ бүрмөсөн зогсооно гэдэгт найдаж байна.
Та бүхнийг Цэвэр Охин Мариа эхийн өмгөөлөлд даатган залбирч байна. Ням гаргаа сайхан өнгөрүүлээрэй, arrivederci!