Хайх

Pope Leo XIV's Angelus prayer in St. Peter's Square Pope Leo XIV's Angelus prayer in St. Peter's Square  (ANSA)

Анжелус: Ариун Гэр бүлийн баяр

Ариун Гэр бүл бол ямар ч болзол нөхцөлгүйгээр өөрийгөө хүмүүст бүрэн зориулдаг Тэнгэрбурханы авралыг авчрах цорын ганц хариултыг төрүүлж өлгийдөх газар болдог.

Хүндэт ах дүү нар аа, та бүхэнд ням гарагийн мэнд хүргэе! 

Өнөөдөр бид Ариун Гэр бүлийн баярыг тэмдэглэж байгаа бөгөөд мөргөлийн уншлага бидэнд тэдний Египет рүү зугтсан түүхийг өгүүлдэг (харьц. Мт 2:13-15, 19-23)..

Энэ бол Есүс, Мариа, Иосеф нарын хувьд сорилтын мөч байлаа. Үнэхээр ч Христийн мэндэлсэн баярын гэгээлэг дүр төрхийг гэнэт Херодын адармаат амьдралаас улбаатай үхлийн заналхийллийн сүүдэр бүрхдэг. Херод бол харгис хэрцгий, цуст нэгэн бөгөөд хүмүүс түүнээс айдаг ч яг энэ шалтгааны улмаас тэрээр туйлын ганцаардмал, эрх мэдлээ алдахаас айж түгшсэн нэгэн байв. Тэрээр "Иудейчүүдийн хаан" мэндэлснийг (Мт 2:2) Мэргэдээс сонсоод үүнийг өөрийн эрх мэдэлд заналхийлж байна гэж үзэн, Есүстэй ижил насны бүх хүүхдийг хөнөөх тушаал буулгадаг. Түүний хаант улсад Тэнгэрбурхан түүхэн дэх хамгийн агуу гайхамшгийг бүтээж, авралын тухай эртний бүх амлалтууд биелж байсан ч тэрээр сэнтий, эд баялаг, давуу эрхээ алдахаас айж сохорсон тул үүнийг олж харж чадахгүй байлаа. Бетлехемд зарим хоньчид тэнгэрлэг мэдээ хүлээн авч, тэжээлийн тэвшний өмнө Тэнгэрбурханыг алдаршуулж байхад тэнд гэрэл, баяр баясгалан бялхаж байв (харьц. Лк 2:8-20). Гэвч хааны ордны "хуягласан хамгаалалт"-ыг ямар ч мэдээ үл нэвтэлнэ, зөвхөн сохор хүчирхийллээр дарах ёстой гэж үзсэн аюул мэдрүүлсэн гажуудсан цуурай л тийш нэвтэрч байв. 

Гэвч энэхүү хатуу сэтгэл нь Ариун Гэр бүлийн оршин тогтнол ба тэдний эрхэм зорилгын үнэ цэнийг улам бүр тодотгож өгдөг. Дарангуйлагчаар төлөөлүүлсэн энэхүү шунахай, харгис ертөнцөд Ариун Гэр бүл бол ямар ч болзол нөхцөлгүйгээр өөрийгөө хүмүүст бүрэн зориулдаг Тэнгэрбурханы авралыг авчрах цорын ганц хариултыг төрүүлж өлгийдөх газар болдог. Иосеф Эзэний дуу хоолойг дуулгавартай дагаж, эхнэр хүүхдээ аюулгүй газар руу авч явсан нь хүн төрөлхтнийг аврах маш том ач холбогдолтой үйлдэл болсон юм. Эзэн өөрийн оршихуйг даатгаж үлдээсэн тэрхүү гэр бүлийн хайрын дөл Египет оронд улам бадамлан бадарч, бүх дэлхийг гэрэлтүүлэх хүч чадлыг олж авчээ. 

Бид энэхүү нууцыг гайхан талархах сэтгэлээр бишрэн харахдаа өөрсдийн гэр бүл болон тэрхүү гэр бүлүүд бидний амьдран буй нийгэмд хэрхэн гэрэл гэгээ авчирч болох талаар боддог. Харамсалтай нь, энэ ертөнцөд ямар ч үнээр хамаагүй амжилт, ичиж эмээхээ мэдэхгүй эрх мэдэл, хоосон бөгөөд өнгөцхөн сайхан амьдралд хүрэх гэсэн хийрхэлтэй “Херодууд” үргэлж байсаар ирсэн. Үүнийх нь горыг нийгэм ганцаардал, цөхрөл, хагарал, зөрчил мөргөлдөөнөөр төлдөг. Христийн гэр бүлүүд дэх хайрын дөл эдгээр зэрэглээ мэт хуурамч зүйлсэд бөхөх ёсгүй. Харин ч бид гэр бүл дотроо Сайн Мэдээний үнэт зүйлсийг нандигнан хадгалах хэрэгтэй: залбирал, Ариун ёслолуудад (ялангуяа Наманчлал болон Эвхарист) ойр байх, эрүүл харилцаа, чин сэтгэлийн яриа, үнэнч байдал болон өдөр тутмын энгийн мөртлөө сайхан үгс, үйл хөдлөлүүд. Энэ нь тэднийг амьдарч буй орчин тойрондоо итгэл найдварын гэрэл, хайрын сургууль болон Тэнгэрбурханы мутар дахь авралын зэвсэг болгох юм (Пап Францис, Гэр бүлүүдийн дэлхийн X дугаар уулзалтын мөргөлийн номлол, 2022 оны 6-р сарын 25).

Тиймээс Тэнгэр дэх Эцэгтээ хандан, Мариа болон Гэгээн Иосефын зуучлалаар дамжуулан бидний гэр бүл болон дэлхийн бүх гэр бүлийг ивээхийг гуйцгаая. Тэд хүн болсон Тэнгэрбурханы Хүүгийн (Есүсийн) гэр бүлийн жишээн дээр өсөн төлөвшиж, Тэнгэрбурханы оршихуй болон Түүний төгсгөлгүй хайр энэрлийн үр нөлөөт тэмдэг нь байх болтугай.

Анжелус залбирлын дараа

Хүндэт ах дүү нар аа,

Би Ром хотын иргэд болон янз бүрийн орноос ирсэн мөргөлчид та бүхэнд халуун мэндчилгээ дэвшүүлж байна. Ялангуяа Клузоне, Герензано, Боско дахь Сан Бартоломеогийн залуучууд, Брешиагийн залуучууд болон тахилын ширээний туслахууд, Тревизогийн скаутуудад мэндчилгээ дэвшүүлье.

Эзэн мэндэлсний гэрэл дор энх тайвны төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Өнөөдөр, ялангуяа дайны улмаас зовж шаналж буй гэр бүлүүд, ялангуяа хүүхдүүд, өндөр настнууд болон хамгийн эмзэг бүлгийнхний төлөө залбирцгаая. Бүгдээрээ Назаретын Ариун Гэр бүлийн зуучлалд өөрсдийгөө даатгацгаая. Хүн бүрд ням гарагаа сайхан өнгөрүүлээрэй! 



28 Арван хоёрдугаар сар 2025, 11:26

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Caeli

Бүгдийг унш >