Анжелус: Гэгээн Стефаны баярын өдөр
Хайрт ах дүү нар минь, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Өнөөдөр бол хүн зөвхөн ганц удаа төрдөггүй гэдэгт бат итгэдэг эхний үеийн Христэд итгэгчдийн хэлдэг байснаар Гэгээн Стефаны "мэндэлсэн өдөр" юм. Түүнчлэн, итгэлийн нүдээр харна гэдэг нь үхэл хагацлын дунд ч зөвхөн харанхуйг бус, харин гэрлийг олж харахын нэр юм. Учир нь итгэл бишрэлээ гэрчлэн амь насаа алдсан өдөр нь (Martirdom) тэнгэрийн оронд мэндэлсэн өдөр болдог билээ. Бид энэ хорвоод мэндлэхээ өөрсдөө сонгодоггүй ч, амьдралын замд "гэрэл рүү тэмүүлэх" буюу илүү ухамсартайгаар гэрлийг сонгох уу үгүй юу гэсэн сонголтын өмнө ирдэг. Элч нарын үйлс ном Стефаныг тамлагдахаар явахыг харсан хүмүүс түүний царайнаас цацрах гэрлийг болон үгийг нь гайхан биширснийг гэрчилдэг. Тэнд ингэж бичигджээ «Дээд зөвлөлд суугаа бүх хүний харц Стефан дээр тогтоход түүний царай яг л тэнгэрэлчийн царай мэт болсон байв» (Үйлс 6:15). Энэ бол түүхээс дуугүйхэн, хайхрамжгүй холдож буй хүний дүр төрх биш, харин хайраар хариу барьж буй хүний дүр төрх юм. Стефаны хийсэн үйлдэл, хэлсэн үг бүхэн харанхуйд гэрэлтэх Гэрэл буюу Есүсийн бурханлаг хайрыг толь мэт тусган илэрхийлдэг.
Эрхэм ахан дүүс минь, Тэнгэрбурханы Хүү бидний дунд мэндэлсэн нь биднийг Тэнгэрбурханы хүүхдүүд шиг амьдрахад уриалдаг юм. Бетлехем дэх тэрхүү шөнөөс хойш Мариа, Иосеф болон хоньчид зэрэг даруу хүмүүсийн мэдэрсэн Хүүд татагдах хүчээр дамжуулан ийм амьдрал боломжтой болдог. Гэвч Есүсийн амьдрал болон Түүн шиг амьдрагчдын гоо үзэсгэлэн нь үргэлж эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн. Учир нь Түүний татах хүч эрх мэдлийн төлөө тэмцэгчдийг түгшээж, зүрх сэтгэлийн гүнд нуугдсан муу санааг нь илчилдэг билээ (харьц. Лук 2:35). Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл Тэнгэрбурханы үйл хэргийг ямар ч хүч ялж чадаагүй байна. Дэлхийн энд тэндгүй асар их үнээр ч хамаагүй шударга ёсыг сонгодог, айдсаа ялан дийлж амар амгаланг цогцлоогч, өөрийгөө бус өрөөлийг энэрэн тэтгэгч хүмүүс бий. Тэд байгаа учраас л итгэл найдвар соёолж байна. Тиймээс л бүх зүйлийг үл харгалзан баярлан тэмдэглэх нь утга учиртай байдаг.
Дэлхий дахинд тодорхойгүй байдал, зовлон зүдгүүр нүүрлэсэн энэ үед баяр баясгалан гэдэг боломжгүй зүйл мэт санагдаж магадгүй. Өнөөдөр амар амгаланд итгэж, Есүс болон мартируудын зэвсэггүй замыг сонгосон хүмүүсийг дооглон тохуурхах, олон нийтийн хэлэлцүүлгээс гадуурхах, цаашлаад дайсан болон эсрэг талдаа үйлчилж байна хэмээн буруутгах нь цөөнгүй байна. Христийн дагагчдад дайсан гэж үгүй, харин бие биенээ ойлгохгүй байх үед ч ахан дүүс хэвээр үлдэх ахан дүүсийн харилцаа л бий. Христийн мэндэлсний нууц нь бидэнд нэгэн баяр баясгаланг бэлэглэдэг. Энэхүү баяр баясгалан нь ахан дүүгийн ёсоор хэдийнээ амьдарч буй хүмүүсийн тууштай байдал, мөн эсэргүүцэгч, дайсагнагчдынхаа дундаас ч Тэнгэрбурханы хүүхдүүдийн арилшгүй эрхэм чанарыг олж хардаг тэрхүү хүмүүсийн итгэл үнэмшлээс ундардаг юм. Стефан Есүсийн адил зэвсгийн хүчнээс илүү бодит хүч болох уучлалыг сонгож, бусдыг уучилсаар тэнгэрт хальсан юм. Энэ бол хүн бүрийн зүрх сэтгэлд байдаг агуу хүч бөгөөд бид хөршөө өөр нүдээр харж, тэднийг хүлээн зөвшөөрч эхлэх үед сэргэн манддаг билээ. Тийм ээ, шинээр мэндлэх, гэрэл рүү ирэх гэдэг нь чухам үүнийг хэлэх бөгөөд энэ нь бидний "Зул сар" юм!
Одоо бүгдээрээ Эх Мариагаас зуучлан залбирлыг хүсч, түүнийг бишрэн ширтэцгээе. Тэр дээрэнгүй бардамналыг халамж анхаарлаар, хардлага сэрдлэгийг бат итгэлээр сөрдөг ба амьдралыг тэтгэгч хамаг эмэгтэйчүүдийн дундах ерөөлт нэгэн билээ. Цас нарны илчинд хайлдаг шиг бүхий л айдас хүйдэс, заналхийллийг сарниулан үгүй хийдэг тэрхүү баяр баясгалан өөд Мариа биднийг хөтлөх болтугай.
Анжелус залбирлын дараа
Хайрт ах дүү нар минь,
Эзэний мэндэлсэн өдрийн гэрэл дор та бүхэндээ амар амгалан, сайн сайхныг хүсэн ерөөн буй чин сэтгэлийн мэндчилгээгээ дахин дэвшүүлж байна. Ром хотын сүсэгтнүүд болон олон орноос ирсэн мөргөлчид та бүхэнд мэндчилж байна.Бид анхны гэгээн гэрчлэгч Стефаныг дурсахдаа өөрсдийн итгэлийг бэхжүүлэх болон Христийн үнэнийг гэрчилснийхээ төлөө хамгийн их зовж шаналж буй итгэгч олон нийтийг дэмжихийн тулд түүний зуучлан залбирлыг гуйя. мөргөлдөөн, зөрчилтэй нөхцөл байдалд харилцан ойлголцол, эвлэрэл, амар амгаланг цогцлоохын төлөө зүтгэж буй хүмүүсийг ивээх болтугай. Та бүхэндээ баярын өдрийн мэнд хүргэе!
