АНЖЕЛУС 2025 оны 3 сарын 2, Ням гараг
Ариун Эцгийн бэлтгэсэн үгс
Ахан дүүс ээ,
Энэ ням гаргийн Сайн мэдээний айлдлаар (Лк 6:39-45) Есүс биднийг таван мэдрэхүйгээс харах болон амтлах гэсэн хоёр мэдрэхүйн талаар эргэцүүлэн бодуулж байна.
Харах мэдрэхүйн тухайд, Тэр ертөнцийг сайн ажиглаж, бусдыг энэрэнгүй байдлаар дүгнэхэд нүдээ дасгахыг биднээс хүсэж байна. Тэр "Эхлээд өөрийнхөө нүднээс дүнзээ авч хая, тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртэс авч хаяхдаа сайн харах болно" (эшлэл 42) гэж айлдсан. Гагцхүү ийм халамжтай, зэмлэлгүй харцаар засаж залруулах нь л эрдэм буян болно. Учир нь ах дүүсийн хандлагаар л биш бол энэ нь залруулж буй үйлдэл биш болно!
Амтлах мэдрэхүйн талаар Есүс "мод бүрийг үр жимсээр нь танина" (эшлэл 44) гэдгийг сануулж байна. Жишээ нь хүний амнаас гарах үр жимс бол түүний амнаас гарах үгс юм, учир нь "зүрх юугаар бялхана, ам түүнийг нь ярьдаг" (эшлэл 45). Муудсан үр жимс нь хүчирхийлэл, худал хуурмаг, бүдүүлэг үгс, харин сайн үр жимс бол бидний харилцаанд амт нэмэх зөвт, шударга үгс юм.
Дараах асуултуудыг бид өөрсдөөсөө асууж болно: Бусад хүмүүсийг би хэрхэн хардаг вэ, хэн миний ахан дүүс вэ? Би бусад хүмүүс рүү харахдаа юу мэдэрдэг вэ? Миний хэлэх үг сайхан амттай юу эсвэл гашуун амттай, ихэрхүү байна уу?
Ахан дүүс ээ, энэхүү эргэцүүллийг би эмнэлгээс илгээж байна, та бүхний мэдэж байгаачлан би эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хяналтад нэлээд хэдэн хоногийг өнгөрүүлж байна, тэдний надад үзүүлж буй анхаарал халамжид талархаж байгаагаа энд илэрхийлье. Би зүрх сэтгэлдээ сул дорой байдлын дотор нуугдаж буй "ерөөл"-ийг мэдэрч байна, учир нь гэвэл яг ийм мөчид л бид Эзэнд улам бүр найдах талаар илүүтэй суралцдаг билээ, үүний зэрэгцээ, өвчтэй, зовж шаналж буй маш олон хүмүүсийн нөхцөл байдлыг бие болон сүнсээрээ хуваалцах боломжийг олгож байгаа учраас би Тэнгэрбурханд талархаж байна.
Дэлхийн өнцөг булан бүрд байгаа маш олон итгэгчид зүрх сэтгэлээсээ Эзэнд хандан залбирч байгаад талархлаа илэрхийлье: Би та бүхний надад санаа тавьж, ойр дотно байгааг, яг энэ үед Тэнгэрбурханы бүх хүмүүс намайг “тээж” мөн дэмжиж байгааг мэдэрч байна. Бүгдэд нь баярлалаа!Би ч бас та нарын төлөө залбирах болно. Бас юун түрүүнд энх тайвны төлөө залбирна. Эндээс, дайн бол утгагүй зүйл гэдгийг улам бүр тод харж байна. Зовж шаналж буй Украин, Палестин, Израил, Ливан, Мьянмар, Судан, Кивугийн төлөө залбирцгаая.
Өөрсдийгөө бидний Эх Мариад итгэлтэйгээр даатгацгаая. Ням гаргаа сайхан өнгөрүүлээрэй, arrivederci.