Хайх

Күүкийн бодлого
Vatican News портал нь вебсайтын ашиглалтыг хөнгөвчлөх, үйлчилгээний ашиглалтыг баталгаажуулахын тулд техникийн эсвэл ижил төстэй күүкийг ашигладаг. Мөн гуравдагч этгээдийн техникийн болон шинжилгээний күүкийг ашиглаж байж болно. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. Энэ баннерыг хааснаар та күүкийг ашиглахыг зөвшөөрч байна.
БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА
Pope Francis holds weekly audience at the Vatican Pope Francis holds weekly audience at the Vatican 

ПАП ФРАНЦИС НИЙТИЙН БАРААЛХАЛ VI Паулын танхим 2025 оны 2 сарын 12, Лхагва гараг

2025 оны Жүбили жилд зориулсан шашны цуврал хичээл. Есүс Христ бидний Найдвар. I. Есүсийн балчир нас 5. Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ (Лук 2, 11). Есүс мэндэлсэн болон хоньчид зочилсон нь.

 

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Жүбили жилд зориулсан Бидний найдвар Есүсийн тухай шашны хичээлээр өнөөдөр түүний Бетлехемд мэндэлсэн үйл явдлын талаар эргэцүүлэн бодох болно.

Тэнгэрбурханы Хүү бидний аяллын хамтрагч болсон түүх түүнийг эхийн хэвлийд байх үеэс эхэлсэн билээ. Сайн мэдээг тунхаглагч Лукийн бидэнд өгүүлснээр Тэр эхийн хэвлийд бүрэлдсэн даруйд Назараас Захариа, Элизабет нарын гэр рүү явсан, үүний дараа мэндлэхийн өмнөхөн Назараас Бетлехем рүү хүн амын тооллогод хамрагдахаар очсон билээ. Мариа, Иосеф хоёр Иосефийн төрсөн газар Давид хааны хот руу явахаас аргагүй болсон. Удаан хүлээлгэсэн Мессиа, Хамгийн дээд Тэнгэрбурханы Хүү өөрийгөө бусад иргэдийн нэгэн адил хүн амын тооллогод хамрагдахыг зөвшөөрч тоолуулж, бүртгүүлсэн. Тэр өөрийгөө бүх дэлхийн эзэн гэж боддог Цезарь Августын зарлигийг дагасан.

Лук Есүсийн мэндэлсэн үйл явдлыг дүрслэхдээ "нарийн тодорхой цаг хугацаа" болон "газарзүйн тодорхой байршил"-ыг дурдсан, ингэснээр "нийтлэг ба бодит зүйл гэдгийг нотолдог" (XVI БЕНЕДИКТ, Есүсийн балчир нас, 2012, 77). Тэнгэрбурхан түүхэнд орж ирэхдээ дэлхийн бүтэц зохион байгуулалтыг эвдэх бус харин түүнийг гэрэлтүүлж, дотроос нь дахин бүтээхийг хүссэн.

Бетлехем гэдэг нь "талхны байр" гэсэн утгатай. Тэнд Мариагийн хүүхэд төрүүлэх өдрүүд өнгөрч, дэлхийн өлсгөлөнг дарахын тулд тэнгэрээс бууж ирсэн талх болох Есүс тэнд мэндэлсэн билээ (Иох 6, 51). Тэнгэр элч Габриел Аврагч Хаан мэндэлснийг аугаа байдлаар тунхагласан: "Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Тэнгэрбурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд хаанчлалд нь төгсгөл гэж үгүй" (Лук 1:32-33).

Гэсэн хэдий ч Есүс хаан гэхэд ер бусын байдлаар мэндэлсэн. Үнэндээ, "тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж, тэр ууган хүүгээ төрүүлээд, Түүнийг даавуунд ороож, тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хонуулах өрөө байсангүй" (Лук 2:6-7). Тэнгэрбурханы Хүү хааны ордонд мэндэлсэнгүй, харин байшингийн гадна малын хэвтэрт мэндэлжээ.

Үүгээр Лук бидэнд Тэнгэрбурхан дэлхийд ирэхдээ дуулиан шуугиантай тунхаглаж бус харин даруу байдлаар аян замаа эхлүүлж буйг харуулдаг. Энэ үйл явдлын анхны гэрчүүд хэн бэ? Тэд бол хоньчид байсан, соёлжоогүй, малтай байнга харьцдагаас болж эвгүй үнэртдэг, нийгмээс тусгаарлагдан амьдардаг. Хэдий тийм боловч Тэнгэрбурхан өөрийгөө ард түмэнд мэдүүлэхдээ тэднийг сонгосон. (Эх 48:15; 49:24; Дуу 23:1; 80:2, Иса 40:11). Тэнгэрбурхан тэднийг түүхэн дэх хамгийн гайхалтай мэдээг хүлээн авахаар сонгосон: "Бүү ай, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ".

Мессиатай уулзах газар нь тэжээлийн онгоц байв. Удаан хугацаанд хүлээсний дараа "дэлхийн Аврагч, бүх юм Түүгээр бүтээгдсэн ч түүнд өрөө байсангүй" (XVI Бенедикт, Есүсийн балчир нас, 2012, 80). Малд зориулсан эгэл орчинд удаан хүлээлгэсэн Мессиа мэндэлж, тэгээд тэдний төлөө, тэднийг аврагч, хоньчин нь болохоор ирсэн гэдгийг хоньчид ойлгосон. Энэ мэдээ тэдний зүрх сэтгэлд гайхамшиг, магтаал, баяр баяслыг авчирсан. Олон зүйлд сатаарч  зав чөлөөгүй байдаг бусад хүмүүсээс ялгаатай нь хоньчид хамгийн чухал зүйлийг түрүүлж харсан: авралын бэлэг. Даруу бөгөөд ядуу нэгэн Тэнгэрбурхан махбод болсныг харсан. (Апостолик захидал Admirabile signum, 5).

Ахан дүүс ээ, бид ч бас хоньчид шиг Тэнгэрбурханы өмнө гайхан биширч, магтан сайшааж чадах, Түүний бидэнд даатгасан зүйлс болох авьяас чадвар, харизм, бидний дуудлага, бидний хажууд байхаар түүний сонгосон хүмүүсийг нандигнан хайрлах нигүүлслийг гуйцгаая. Бүх хүн төрөлхтөнд зориулсан итгэл найдвараар дүүрэн төлөвлөгөөний дагуу дэлхийг шинэчилж, бидний амьдралыг өөрчлөхөөр ирдэг Хүү Тэнгэрбурханы ер бусын хүчийг сул дорой байдлаар таньж мэдэхийг бид Эзэнээс гуйцгаая.

***

Уриалга

Дайн самуунтай байгаа олон улс орны талаар би бодож байна. Ахан дүүс ээ, энх тайвны төлөө залбирцгаая. Энх тайвны төлөө чадах бүхнээ хийцгээе. Дайн бол ялагдал гэдгийг бүү мартаарай. Үргэлж. Бид алахын тулд бус хүмүүсийг өсгөхийн тулд төрсөн. Энх тайвныг тогтоох арга замууд олдох болтугай. Өдөр тутмын залбиралдаа энх тайвныг гуйн залбирцгаая. Зовлон зүдүүрт Украин... хэрхэн зовж байна. Бас Палестин, Израил, Мьянмар, Умард Киву, Өмнөд Суданы талаар бодоцгооё. Дайн самуунтай маш олон улс орон байна. Энх тайвны төлөө залбирахыг гуйж байна. Энх тайвны төлөө гэмшицгээе.

Тусгай мэндчилгээ:

Англи хэлээр ярьдаг эргэл мөргөлчид болон зочид, ялангуяа Англи, Хойд Ирланд, Мальта, Швед, Австрали, Индонез, Филиппин, АНУ-аас ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүлье. Би тусгайлан Папын мэдлийн Ирландын Коллежийн суралцагчдад мэнд дэвшүүлж тэдний санваартан болохоор суралцаж буй үйл хэргийг залбиралдаа багтаах болно. Найдварын Жүбили жил та нарт болон танай гэр бүлийнхэнд хишиг ивээл, сүнслэг сэргэлт авчрах цаг мөч байх болно гэдэгт найдаж байна. Та бүхэнд Эзэн Есүсийн баяр хөөр, амар амгаланг дуудан залбирч байна.

Ариун Эцгийн үгсийн хураангуй

Ахан дүүс ээ: Ариун жилийн сэдэв болох "Есүс Христ бидний Найдвар" хэмээх шашны цувралд хичээлд бид Тэнгэрбурханы Хүүгийн тухай, түүний хүн төрөлхтний түүхэнд орж ирэхдээ сүр дуулиантай зарлан тунхаглаж биш харин ядуу, эгэл байдлаар ирэхийг сонгосон талаар эргэцүүллээ. "Талхны байр" гэсэн утгатай Бетлехем хотод мэндэлж, дэлхийн өлсгөлөнг дарахын тулд тэнгэрээс бууж ирсэн талх болсон (Иох 6:51) Есүсийг тэжээлийн онгоц дотор тавьжээ, учир нь түүнийг байрлуулах өрөө дэн буудалд байсангүй. Аврагч мэндэлсэн баярт мэдээг анх эгэл дорой хоньчдод тунхагласан. Үүнээс бид Тэнгэрбурханы төлөвлөгөөг харж болно, "Даруу бөгөөд ядуу нэгэн Тэнгэрбурхан махбод болсныг харсан" (Admirabile signum, 5). Бид ч бас хоньчдын нэгэн адил далд болон сул дорой байдлаар илчлэгдсэн Тэнгэрбурханы хайрын гайхамшгийг магтан дуулж, бидний амьдралыг өөрчлөх хайрын чимээгүй хүч чадалд найдаж буйгаа хүлээн зөвшөөрцгөөе.

12 Хоёрдугаар сар 2025, 16:15

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >
Prev
March 2025
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Next
April 2025
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930