ПАП ФРАНЦИС 2025 ОНЫ 2 ДУГААР САРЫН 26-НЫ НИЙТИЙН БАРААЛХАЛД ЗОРИУЛАН АРИУН ЭЦГИЙН БЭЛТГЭСЭН ШАШНЫ ХИЧЭЭЛ 2025 оны 2 сарын 26, Лхагва гараг
2025 оны Жүбили жилд зориулсан шашны цуврал хичээл. Есүс Христ бидний Найдвар. I. Есүсийн балчир нас. 7. "Нүд минь Таны авралыг харлаа" (Лк 2:30). Есүсийг ариун сүмд өргөсөн нь.
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Өнөөдөр бид "Бидний найдвар Есүс Христ" (1 Тим 1:1)-ийг ариун сүмд өргөсөн тухай гайхалтай нууцыг эргэцүүлэн бодоцгооё.
Есүсийн бага насны тухай түүхүүдэд сайн мэдээг тунхаглагч Лук бидэнд Мариа, Иосеф хоёр Эзэний хууль болон түүний бүх зааврыг дуулгавартай дагадаг байсныг өгүүлдэг. Бодит байдал дээр Израилд хүүхдийг ариун сүмд танилцуулах ямар ч үүрэг байдаггүй боловч Эзэний үгийг сонссоноороо амьдарч, түүнд нийцүүлэхийг хүсдэг хүмүүс үүнийг үнэ цэнтэй зан үйл гэж үздэг байв. Эш үзүүлэгч Самуелийн эх болсон хүүсэр эмэгтэй Ханна ч мөн ийм зүйл хийсэн; Тэнгэрбурхан түүний залбирлыг сонсож, хүү төрүүлснийхээ дараа түүнийг сүмд аваачиж, Эзэнд үүрд өргөсөн билээ (харьц. 1 Сам 1:24-28).
Тиймээс Лук Есүсийн ариун хот Иерусалимд тэмдэглэсэн анхны мөргөлийн тухай өгүүлсэн бөгөөд энэ нь Есүсийг тийшээ явахаар хатуу шийдсэн тэр мөчөөс (харьц. Лк 9:51) номлолынхоо биелэлт хүртэл түүний бүх аяллын үйлчлэлийн зорилго байх болно.
Мариа, Иосеф хоёр Есүсийг гэр бүл, хүмүүс, Эзэн Тэнгэрбурхантай хийсэн эвслийн түүхээр хязгаарлаагүй. Тэд түүний өсөлт хөгжилтөд санаа тавьж, түүнийг итгэл, мөргөлийн орчинд оруулсан. Мөн тэд өөрсдийнхөө ойлгомжгүй дуудлагын талаарх ойлголтоо аажмаар нэмэгдүүлж байв.
"Залбирлын гэр" (Лк 19:46) болох ариун сүмд Ариун Сүнс хөгшин Симеоны зүрх сэтгэл дотор ярьдаг. Симеон бол хүлээлт, найдвараар бэлтгэгдсэн, Тэнгэрбурханы ариун хүмүүсийн нэг бөгөөд эш үзүүлэгчдийн Израилд өгсөн Тэнгэрбурханы амлалт биелэхийг хүлээж байсан нэгэн юм. Ариун сүмд тэр Эзэний тослогдсон Нэгэний оршихуй, "харанхуйд алхаж яваа" ард түмний үзсэн их гэрлийг (Ис 9:1) харж, Исаиагийн эш үзүүлсэнчлэн "бидний төлөө төрсөн", "бидэнд өгөгдсөн" хөвүүн, "Энхийн Жонон" (Ис 9:5) болох хүүтэй уулзахаар очсон. Бяцхан, биеэ хамгаалах чадваргүй хүүхдийг тэвэрсэн ч үнэн хэрэгтээ тэр тэврүүлж буй Түүнээс тайтгарал, оршихуйн бүрэн бүтэн байдлыг олж авсан билээ. Тэр үүнийг чин сэтгэлийн талархлаар дүүрэн дараах үгсээр илэрхийлсэн бөгөөд энэ нь шашны үдшийн залбирал болсон юм:
"Эзэнтэн, Та үгийнхээ дагуу
Зарц намайгаа амар тайван явуултугай.
Учир нь нүд минь Таны авралыг харлаа.
Та үүнийг бүх ард олны өмнө бэлджээ
Энэ нь харийнханд илчлэлийн гэрэл,
Таны ард түмэн Израилын алдар нь болой " (Лк 2:29-32).
Симеон Израилын Аврагч болон харь үндэстнүүдтэй уулзсаныг харсан, таньсан, бусдад дамжуулж чаддаг хүмүүсийн баяр баясгалангийн тухай дуулдаг. Тэрээр итгэлийг бэлэг болгон хүлээн авч, бусдад дамжуулсан; Симеон бол урам хугалдаггүй найдварын гэрч, хүний зүрх сэтгэлийг баяр баясгалан, амар амгалангаар дүүргэдэг Тэнгэрбурханы хайрын гэрч юм. Энэхүү сүнслэг тайвшралаар дүүрсэн хөгшин Симеон үхэл бол төгсгөл биш, харин бүрэн гүйцэд, бүрэн дүүрэн байдал гэж үзэж, мөхөхгүй, харин нэгэнт амталж, итгэж байсан жинхэнэ амьдралтайгаа танилцуулж буй "эгч"-ийн хувьд хүлээж байдаг.
Тэр өдөр зөвхөн Симеон бяцхан Есүсийн бие махбод болсон авралыг харсан хүн биш юм. Наян нас хэдийн хүрсэн, бэлэвсэн, ариун сүмд үйлчилж, залбиралд өөрийгөө зориулсан Анна ч гэсэн үүнийг харсан. Үнэхээр тэр хүүхдийг хараад Анна Израилын Тэнгэрбурханыг алдаршуулж, Өөрийн хүмүүсээ энэ хүүгээр аварсан түүний тухай бусдад ярьж, эш үзүүлсэн үгсийг харамгүй түгээдэг. Хоёр өндөр настны авралын дуу ийнхүү бүх ард түмэн болон дэлхий дахинд Жүбили жилийг зарлаж байна. Иерусалимын сүмд бидний найдвар Христ орж ирсэн тул зүрх сэтгэлд найдвар сэргэж байна.
Эрхэм ах, дүү нар аа, зөвхөн гадна байдлаас илүүг харах, Тэнгэрбурханы оршихуйг өчүүхэн төдий зүйлсээс ч олж харах хурц хараатай, Тэнгэрбурханы айлчлалыг хэрхэн баяр хөөртэй угтаж, ах дүү нарынхаа зүрх сэтгэлд итгэл найдварыг сэргээхийг мэддэг "найдварын мөргөлчид" Симеон, Анна хоёрыг дуурайцгаая.