НИЙТИЙН БАРААЛХАЛ Нийтийн Танхим 2025 оны 2 сарын 5, Лхагва гара
Католик шашны цуврал хичээл – Эвэр бүрээдэлтийн (Жүбили) жил 2025. Есүс Христ бидний Найдвар. I. Есүсийн балчир нас. 4. «Итгэсэн нэгэн ерөөлтэй еэ» (Лук 1:45). Мариа Элизабет дээр очсон үе ба Мариагийн магтаалын дуу
Ахан дүүс ээ, энэ өдрийн мэндийг хүргэе!
Өнөөдөр бид Мариа Элизабет дээр зочилсон үе дэх бидний найдвар болсон Есүс Христийг эргэцүүлнэ. Цэвэр Охин Мариа Элизабет гэгээнтэн дээр зочлох үед Захариагийн магтаал дуунд өгүүлсний дагуу эхийнхээ хэвлийд буй Есүс Өөрийн ард түмэн дээр очсон ажээ (Лук 1:68).
Тэнгэрэлчийн хэл мэдээнд цочирдон гайхсан Мариа босоод аялалд гарав. Библид гардаг Тэнгэрбурханы дуудлагыг хүлээн авсан бүх хүн ийн аялалд гардаг билээ. Учир нь “Тэнгэрбурхан Өөрийгөө илчлэх үед хүний цорын ганц хариу үйлдэл бол Түүнд хязгааргүй бэлэн байх” юм (Ханс Урс фон Балтазар, Дуудлага, Ром, 2002, х. 29). Тэрхүү залуухан Израил охин дэлхийгээс өөрийгөө хамгаалаад суусангүй. Тэр аюул, бусдын шүүмжлэлээс айлгүй бусад руу чиглэн явсан юм.
Бид хайрлагдаж буйгаа мэдэх үед хайрыг хөдөлгөөнд оруулах хүчийг мэдэрдэг. Элч Паул “Христийн хайр биднийг албаддаг” (2 Кор 5:14) хэмээсэнчлэн, тэр хайр биднийг урагшлуулж, хөдөлгөдөг. Мариа энэ хайрын түлхэлтийг мэдэрч, удаан хүлээсний эцэст санаанд оромгүйгээр хүүхэд олсон өтөл настай садан болох Элизабетдээ туслахаар очно. Мөн тэрээр боломжгүйг биелүүлэгч Тэнгэрбурханд итгэх итгэл болон Түүний амлалтуудын биелэлд найдах найдвараа хуваалцахаар Элизабет дээр очсон юм.
Хоёр эмэгтэйн учрал гайхалтай нөлөөтэй байлаа. “Хишиг ивээлээр бялхам” Мариагийн дуу хоолой Элизабетын хэвлийд буй хүүхдийг эш үзүүлэхэд хүргэж, Элизабет Мариаг хоёр удаа адисалдаг: “Таныг эмэгтэйчүүдийн дундаас адисалсан билээ, Таны хэвлий дэх үрийг бас адисалсан билээ” (Лук 1:42). Мөн Элизабет, “Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй чи ерөөлтэй еэ!” (Лук 1:45) хэмээн ерөөдөг.
Хүү нь Мессиа гэдгийг, мөн өөрөө Мессиагийн эх гэдгээ хүлээн зөвшөөрөх үедээ Мариа өөрийгөө бус харин Тэнгэрбурханыг өгүүлж, итгэл бишрэл, найдвар, баяр баяслаар дүүрэн магтаалын дууг өргөдөг. Тэр нь өдөр бүр Сүмийн үдшийн залбирлын үеэр дурсагддаг Магнификат байсан юм (Лук 1:46-55).
Даруу үйлчлэгчийн зүрхнээс аврагч Тэнгэрбурхандаа зориулсан энэхүү магтаал Израилын залбирлыг нэгтгэн биелүүлсэн дурсгалт үйл явдал болсон. Мариагийн магтаал дуу Библийн утга агуулгаар дүүрэн байдаг нь түүний өвөг дээдэстэйгээ хоршин дуулах хүслийн илэрхийлэл байлаа. Мөн Есүсийн номлолдоо “ерөөлтэй” (Матай 5:1-12) хэмээн тунхагласан даруу хүмүүсийг Мариа дуундаа нигүүлсэн өргөмжилсөн билээ.
Израилыг Египетийн боолчлолоос чөлөөлснийг дурссан Дээгүүр өнгөрөх баяртай холбоотой санаа Магнификатад илэрхий байдаг нь түүнийг авралын дуулал болгодог. Мариагийн магтаалын дуунд гарах үйл үгс бүгд өнгөрсөн цаг дээр байх ба одоог итгэл бишрэлээр гэрэлтүүлж ирээдүйг найдвараар гийгүүлсэн өнгөрсний энэрэл хайрын дурсамжаар дүүрэн байх аж. Мариа ирээдүйг хэвлийдээ тээж буй эмэгтэй атлаа өнгөрсний хишиг ивээлийг магтан дуулсан.
Магнификатын эхний хэсэг нь Мариад хийсэн Тэнгэрбурханы үйлсийг магтдаг бөгөөд энэ нь Тэнгэрбурхантай хийсэн эвслийн гэрээгээ бүрэн баримтлагч ард түмнийг илэрхийлж байв (Лук 1:46-50). Хоёр дахь хэсэг нь “дурсамж,” “өршөөл нигүүлсэл,” “амлалт” гэх гурван чухал үгээр дамжуулан Тэнгэрбурханы үйлсийг өргөнөөр магтдаг (Лук 1:51-55).
Даруу Мариад “агуу үйлсийг” хийж түүнийг Есүс Эзэний эх болгосон Тэнгэрбурхан Өөрийн ард түмнийг Египетээс чөлөөлж, Абрахамд (Эхлэл 12:1-3) амласан амлалтаа санан авралын түүхийг эхлүүлсэн билээ. Мөнхөд үнэнч Тэнгэрбурхан “үеэс үед” эвслийн гэрээндээ үнэнч хүмүүст нигүүлсэнгүй хайраа асгасан (Лук 1:50) бөгөөд Хүүгээрээ дамжуулан хүмүүсийг гэм нүглээс нь бүрэн дүүрэн чөлөөлсөн. Абрахамаас эхлээд Есүс Христ болон сүсэгтэн олныг хамарсан Дээгүүр өнгөрөх баяр нь бүх чөлөөлөлтийг ойлгох тайлбарын үндэс болсон бөгөөд цаг хугацааны турш Мессиагаар дамжин биеллээ олжээ.
Ахан дүүс ээ, бүгдээрээ өнөөдөр Тэнгэрбурханы амлалт бүрийн биеллийг тэвчээртэй хүлээх хишиг ивээлийг Түүнээс гуйцгаая. Мөн амьдралдаа Мариагийн оршихуйг хүлээн авахад бидэнд тусална уу хэмээн Түүнээс хүсье. Мариагийн үлгэр жишээний дагуу “итгэж, найддаг бүх хүн Тэнгэрбурханы Үгийг олж тээдэг” (Амброз гэгээнтэн, Лукын Сайн мэдээний тайлбар 2:26) гэдгийг бид бүгд мэдэж авах болтугай.