Хайх

Күүкийн бодлого
Vatican News портал нь вебсайтын ашиглалтыг хөнгөвчлөх, үйлчилгээний ашиглалтыг баталгаажуулахын тулд техникийн эсвэл ижил төстэй күүкийг ашигладаг. Мөн гуравдагч этгээдийн техникийн болон шинжилгээний күүкийг ашиглаж байж болно. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. Энэ баннерыг хааснаар та күүкийг ашиглахыг зөвшөөрч байна.
БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА
Il Papa in piazza per l'udienza generale, 4 bambini sulla 'jeep' Il Papa in piazza per l'udienza generale, 4 bambini sulla 'jeep' 

НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 12 сарын 4, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 16. Ариун Сүнсээр Сайн мэдээг тунхаглах нь. Ариун Сүнс ба сайн мэдээг дэлгэрүүлэх үйлс

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Ариун Сүнсний ариусгах үйл болон түүний өгдөг авьяас билгийг бид өмнө эргэцүүлсэн. Харин өнөөдөр Сүмийн сургаал номлол дох Ариун Сүнсний сайн мэдээ дэлгэрүүлэх үйлсийг авч үзье.  

Петрийн Нэгдүгээр Захидалд элч нарыг “Ариун Сүнсээр Сайн мэдээг номлогчид” хэмээн тодорхойлсон байдаг (1 Петр 1:12). Энэ илэрхийлэлд Христийн шашны номлолын хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсэг тод харагддаг. Түүний агуулга нь Сайн мэдээ, харин дамжуулагч нь Ариун Сүнс юм. Эдгээрийг тус бүрд нь авч үзье.

Шинэ Гэрээнд “Сайн мэдээ” гэх үг хоёр үндсэн утгатай. Нэгдүгээрт, энэ нь Матай, Марк, Лук, Иохан нарын бичсэн дөрвөн Сайн мэдээний айлдлын аль нэгийг илэрхийлэх бөгөөд энэ утгаараа Есүсийн дэлхий дээрх амьдралынхаа турш тунхагласан баярт мэдээг хэлнэ. Харин Амилалтаас хойш “Сайн мэдээ” гэх ойлголт шинэ утгыг олж, Есүсийн тухай сайн мэдээ буюу Түүний үхэл, дахин амилалтаар илэрхийлэгдэх Амилалтын нууцыг илэрхийлэх болсон. Тиймээс Элч Паул бичихдээ “Би сайнмэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг, юуны түрүүнд иудей түүнчлэн грек хүнийг ч аврах Тэнгэрбурханы хүч мөн” хэмээсэн байдаг (Ром 1:16).  

Есүсийн номлол болон Түүнээс хойших элч нарын номлол нь Сайн мэдээнээс урган гарах ёс суртахууны бүх үүргийг багтаадаг. Үүнд Арван бошигоос эхлээд бие биеэ хайрлах тухай “шинэ” хууль хүртэл багтана. Элч Паул хуулийг хишиг ивээлээс дээгүүр, үйлсийг итгэлээс дээгүүр тавих алдааг давтахгүй байхыг бидэнд захисан. Тэгэхгүйн тулд бид үргэлж Христ бидний төлөө юу хийснийг тунхаглахаас номлолоо эхлэх шаардлагатай. Тийм учраас Evangelii Gaudium Папын номлолд эдгээр хоёр зүйлийн эхнийх болох kerygma буюу “тунхаглал”-ыг онцлон авч үзсэн бөгөөд ёс зүйн бүх хэрэгжилт үүнээс хамаардаг.  

Үнэндээ “шашны сургалтад ч эхний тунхаглал буюу kerygma-гийн суурь үүргийг бид дахин олж нээсэн. Энэ нь сайн мэдээ дэлгэрүүлэх бүхий л үйлс болон Сүмийн шинэчлэлийн бүхий л хүчин чармайлтын төвд байх шаардлагатай. … Энэхүү тунхаглалыг ‘эхний’ гэж байгаа ч дараагийн илүү чухал зүйлээр солигдож, мартагдаж болно гэсэн үг биш. Харин чанарын хувьд тэргүүлэх байр суурьтай байх учиртайг илэрхийлнэ. Энэ бол бидний үргэлж дахин дахин сонсох ёстой үндсэн тунхаглал бөгөөд түүнийг шашны сургалтын бүхий л үе шатанд ямар нэгэн байдлаар номлох ёстой … Шашны сургалт дотор түүнээс илүү ‘найдвартай’, ‘бат бөх суурьтай’ сургаал үгүй. Харин ч юу ч энэхүү эхний тунхаглал шиг бат бөх, гүн гүнзгий, найдвартай, утга учиртай, мэргэн ухаанаар дүүрэн байж чадахгүй” (№ 164-165).

Бид Христийн шашны номлолын агуулгыг авч үзлээ. Гэвч бид мөн энэхүү номлол хэрхэн тунхаглагдах ёстойг бодох хэрэгтэй. Сайн мэдээ нь “Ариун Сүнсээр” номлогдох ёстой (1 Петр 1:12). Сүм Есүсийн олон нийтэд үйлчилж эхлэхдээ айлдсан зүйлийг хийх ёстой: “Эзэний Сүнс Намайг тослон, намайг илгээсэн. Тэр Намайг ядууст Сайн мэдээ тунхаглуулахаар илгээсэн” (Лук 4:18). Ариун Сүнсний тосолгооны хүчээр номлох нь зөвхөн сургаал, онолын мэдлэгийг дамжуулахаас гадна бидний итгэлийн амьдрал, үнэмшлийг ч мөн дамжуулдаг. Энэ нь “мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнс ба хүчний илрэлээр” (1 Коринт 2:4) тунхаглахыг хэлнэ хэмээн Гэгээн Паул бичсэн байдаг.

“Үүнийг ярих амархан л даа. Гэхдээ биднээс биш, харин Ариун Сүнс бууж ирэхээс хамаарч байгаа зүйлийг бид хэрхэн өөрсдөө хэрэгжүүлэх юм бэ?” гэж та гайхаж магадгүй. Үнэн хэрэгтээ, үүнд бидний оролцоо шаардлагатай хоёр зүйл бий. Тэдгээрийг товч дурдъя. Нэгдүгээрт, залбирал. Ариун Сүнс залбирч буй хүмүүс дээр бууж ирдэг. Учир нь Сударт “Тэнгэрлэг Эцэг Өөрөөс нь гуйсан хүмүүст Ариун Сүнсийг өгнө” гэж бичсэн байдаг (Лук 11:13). Ялангуяа Хүүгийнх нь Сайн мэдээг тунхаглахын тулд Түүнээс Ариун Сүнсийг гуйвал Тэнгэрбурхан Сүнсийг өгөлгүй яах вэ. Залбирахгүйгээр номлодог хүмүүс золгүй еэ! Тийм хүмүүсийг Элч Паул “хий нүргэлэх харанга, хангинах цан” гэж тодорхойлсон (1 Коринт 13:1).

Биднээс хамаарах хамгийн эхний зүйл нь Ариун Сүнс бууж ирэхийн төлөө залбирах. Хоёрдугаарт, бид өөрсдийгөө бус, харин Эзэн Есүсийг тунхаглах ёстой (2 Коринт 4:5). Энэ нь номлолтой холбоотой. Зарим номлол 20, 30 минут үргэлжилдэг... Гэвч номлогчид нэг санаа, нэг мэдрэмж, нэг уриалгыг л номлох ёстой. Найман минут өнгөрмөгц номлолд хандуулах хүмүүсийн анхаарал буурч, ойлгохоо больж эхэлдэг. Номлол хэзээ ч 10 минутаас хэтрэх ёсгүй! [алга ташилт] Та бүхэн үүнтэй санал нийлж байгааг би харж байна! Заримдаа номлол эхлэхэд эрчүүд гарч тамхи татчихаад эргэж орж ирэхийг бид хардаг. Ийм байж таарахгүй! Номлол тодорхой нэг санаа, мэдрэмж, эсхүл уриалгыг агуулах ёстой.

Өмнө нь дурдсанчлан, бид өөрсдийгөө бус, харин Эзэнийг тунхаглах учиртай. Үүнд удаан тайлбар хийх шаардлагагүй. Учир нь номлол хийж буй хүн бүр үүнийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг. Харин би энэ шаардлагын нэг тодорхой хэрэглээг онцлон дурдъя. Өөрийгөө тунхаглахгүй байна гэдэг нь зөвхөн өөрийн санаачилсан, өөрийн нэртэй холбогдсон пасторал үйл ажиллагааг урьтал болгохгүй байхыг хэлнэ. Шаардлагатай бол, дуулгавартайгаар бусдын санаачилсан, хамтын ажиллагаа шаардсан төслүүдэд дуртайяа оролцох ёстой.

Ариун Сүнс бидэнтэй хамт байж, бидэнд тусалж, өнөө цаг үеийн эрчүүд, эмэгтэйчүүдэд Сайн мэдээг хэрхэн тунхаглахыг зааж өгөх болтугай! Баярлалаа.

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Сүмийн сайн мэдээ дэлгэрүүлэх үйлсэд гүйцэтгэх Ариун Сүнсний үүргийн талаар бид өнөөдөр авч үзнэ. Петрийн Нэгдүгээр Захидалд элч нарыг “Ариун Сүнсээр Сайн мэдээг номлогчид” хэмээдэг (1 Петр 1:12). Сайн мэдээ гэдэг нь Тэнгэрбурханы хаанчлал ирсэн тухай Есүсийн тунхаглал, цаашлаад Түүний үхэл, дахин амилалтыг баталсан элч нарын түгээсэн баярт мэдээ билээ. Энэ “сайн мэдээ” нь Христийн шавь болохтой холбоотой ёс суртахууны шаардлагыг багтаасан бүх номлол, сургаалын үндэс суурь юм. Сайн мэдээг номлох үйлс “Ариун Сүнсээр” хийгддэг. Ариун Сүнс биднийг үнэнч итгэлээр ярих чадвартай болгодог. Мөн бидний амьдралыг тунхаглаж буй үгсийн маань жинхэнэ гэрчлэл болгодог. Өнөө цагт Амилсан Эзэн болон Түүний Сайн мэдээний авралын үнэнийг тунхаглах баяр хөөртэй, ариун, үнэмшилтэй гэрч нарыг Ариун Сүнс босгож өгөхийн тулд бүгдээрээ залбирцгаая.

04 Арван хоёрдугаар сар 2024, 16:48

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >
Prev
March 2025
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Next
April 2025
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930