Хайх

Күүкийн бодлого
Vatican News портал нь вебсайтын ашиглалтыг хөнгөвчлөх, үйлчилгээний ашиглалтыг баталгаажуулахын тулд техникийн эсвэл ижил төстэй күүкийг ашигладаг. Мөн гуравдагч этгээдийн техникийн болон шинжилгээний күүкийг ашиглаж байж болно. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. Энэ баннерыг хааснаар та күүкийг ашиглахыг зөвшөөрч байна.
БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА
Pope Francis' weekly general audience at the Vatican

НИЙТИЙН БАРААЛХАЛ Нийтийн Танхим 2024 оны 12 сарын 18, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Эвэр бүрээдэлтийн жил 2025. Есүс Христ бидний найдвар. I. Есүсийн балчир нас. 1. Есүсийн угийн бичиг. Тэнгэрбурханы Хүү хүн төрөлхтөний түүхэнд орж ирэв

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Өнөөдөр бид Эвэр бүрээдэлтийн жилийн турш үргэлжлэх цуврал номлолыг эхлүүлнэ. Энэ удаагийн сэдэв бол "Есүс Христ – бидний найдвар" юм. Тэр бол бидний амьдралын зорилго бөгөөд Түүнд хүрэх зам нь Тэр Өөрөө билээ.

Эхний хэсэгт бид Матай болон Лук нарын өгүүлсэн Сайн мэдээний айлдвар дахь Есүсийн балчир насны тухай (Матай 1-2; Лук 1-2) эргэцүүлэх болно. Есүсийн балчир насыг өгүүлэх Сайн мэдээний айлдварт Тэр онгон охин Мариагийн хэвлийд бүрэлдэж, түүнээс мэндэлсэн гэдэг. Түүнчлэн, Мессиагийн тухай зөгнөл Түүнд биеллээ олсныг сануулж, хууль ёсны эцэг Иосеф нь Түүнийг Давидын удмын "үндэст" залгасан гэдэг. Айлдлаас бид эцэг эхдээ дуулгавартай байхын хажуугаар Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хаанчлалд бүрэн зориулагдсан гэдгээ мэддэг нярай, балчир, өсвөр насны Есүсийг хардаг. Сайн мэдээг бичээч Лук үйл явдлуудыг Мариагийн өнцгөөс өгүүлсэн. Харин Матай тэдгээр түүхүүдийг Иосефийн өнцгөөс өгүүлэхдээ эцгийн өвөрмөц байдлыг онцолдог.

Матай Сайн мэдээгээ болон цаашлаад бүх Шинэ Гэрээг "Абрахамын удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг" (Матай 1:1) хэмээх үгсээр эхлүүлжээ.

Угийн бичигт Еврейчүүдийн Сударт аль хэдийн бичигдсэн нэрсийн жагсаалт байх бөгөөд энэ нь түүхийн үнэнийг, тухайн хүмүүс бодитоор амьдарч байсныг харуулах зорилготой аж. Эзэний угийн бичиг нь багагүй асуудалтай дүрүүд бүхий бодит түүхээс бүрддэг бөгөөд түүнд Давид хааны нүгэл ч тод өгүүлэгддэг (Матай 1:6). Гэвч тэр бүхэн эцэстээ Мариа, Христ хоёр дээр ирж төвлөрнө (Матай 1:16) (Сүмийн түүх судлалыг шинэчлэх тухай захидал, 2024 оны 11 сарын 21). Эндээс бид угсаа гарвал нь гурван чухал зүйлийг дамжуулж буйг харж болно. Нэгт, тухайн хүний онцлог шинж чанар, илгээлтийг илэрхийлэх нэр. Хоёрт, аль гэр бүл, ард түмэнд харьяалагдаж буйг нь. Гуравт, Израилын Тэнгэрбурханд итгэх итгэлийг нь.

Угийн бичиг нь "Хүн өөрөө өөртөө амьдрал өгдөггүй, харин бусдаас бэлэг болгон хүлээн авдаг" гэх чухал санааг дамжуулахад тохиромжтой өгүүлэмжийн хэлбэр юм. Есүсийн угийн бичигт сонгогдсон ард түмэн буюу Израил үр хүүхдэдээ зөвхөн бие махбодын амьдралыг бус, бас Тэнгэрбурханд итгэх итгэлийг дамжуулж байна.

Гэвч Матайн Сайн мэдээний угийн бичиг нь Хуучин Гэрээнийхээс ялгаатай. Хуучин Гэрээнд зөвхөн эрэгтэй хүмүүсийн нэрс гардаг бол Матай Есүсийн угийн бичигт эмэгтэйчүүдийг ч багтаасан байдаг. Тэнд таван эмэгтэйг дурдах бөгөөд тэд бол:

1. Тамар – Нөхрийнхөө удмыг үргэлжлүүлэхийн тулд янхны дүрд хувирсан Иудагийн бэр (Эхлэл 38).

2. Рахаб – Израилын туршуулуудыг нууж, Израилчуудыг Амласан нутагт оруулж өгсөн Иерихогийн янхан (Иошуа 2).

3. Рут – Өөрийн хадам эхдээ үнэнч байж, түүнийгээ асарч халамжилсан Моаб эмэгтэй. Тэр Давид хааны элэнц эмэг байсан (Рут ном).

4. Батшеба – Давид хаан түүний нөхрийг хөнөөж, түүнтэй завхайрсан бөгөөд түүнээс Соломон хаан төрсөн (2 Самуел 11).

5. Назарын Мариа – Давидын угсааны Иосефийн эхнэр бөгөөд Түүнээс Мессиа Есүс төрсөн.

Эхний дөрвөн эмэгтэйн нийтлэг тал нь тэд гэм нүгэлтнүүд байсан гэхээс илүүтэй, Израилын ард түмэнд харьяалагддаггүй харийн хүмүүс байсан нь юм. Матай сайн мэдээндээ онцолсон гол санаа нь XVI Бенедиктийн бичсэнчлэн "тэдгээр эмэгтэйчүүдээр дамжин харь үндэстнүүд Есүсийн угийн бичигт орж ирсэн... Ийнхүү Есүсийн аврал иудейчүүд болон харь үндэстнүүдэд зориулагдсан болох нь харагдана" (The Infancy Narratives, Милан-Ватикан Хот, 2012, 15).

Тэрхүү дөрвөн эмэгтэй өөрсдөөс нь төрсөн хөвгүүд, эсвэл эцгүүдийнхээ хамт дурдагдсан байдаг. Харин Мариа шинэ эхлэлийг тавьснаараа онцгой байр суурьтай. Түүний үр удам нь хүн биш, харин Тэнгэрбурхан Өөрөө тул тэр шинэ эхлэл мөн. Үүнийг Матайн Сайн мэдээний "төрүүлсэн" гэх үйл үг тодорхой харуулдаг: "Иаков нь Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефын эцэг болой." (Матай 1:16). Есүс бол Иосефоор дамжин түүний удамд залгагдсан Давидын хүү бөгөөд Израилын Мессиа мөн. Гэвч Тэр мөн Абрахамын хүү, харь эмэгтэйчүүдийн үр сад бөгөөд улмаар "Харийнханд Гэрэл" (Лук 2:32), "ертөнцийн Аврагч" (Иохан 4:42) болох тавилантай байв.

Эцэгт зориулагдсан Тэнгэрбурханы Хүү Эцэгийн дүр төрхийг хүмүүст илчлэхээр илгээгдсэн (Иохан 1:18; 14:9). Тэр бүх хүний адил ертөнцөд ирж, Назар хотод "Иосефийн хүү" (Иохан 6:42) эсвэл "мужааны хүү" (Матай 13:55) гэж дуудагддаг байлаа. Тэр үнэн Тэнгэрбурхан бөгөөд үнэн хүн мөн.

Ахан дүүс ээ, өвөг дээдсээ талархалтайгаар дурсацгаая. Түүнээс ч илүүтэйгээр, биднийг мөнхийн амьдралд буюу найдвар болсон Есүс Христийн амьдралд төрүүлсэн Эх Сүмдээ талархацгаая.

УРИАЛГА

Хайрт ахан дүүс ээ, энх тайвны төлөө залбирцгаая! Дайнаас болж зовж шаналж буй Палестин, Израил, Украин, Мьянмар болон бусад ард түмнүүдийг мартаж болохгүй. Дайн дажин зогсохын төлөө залбирахаа бүү мартаарай. Амар Амгалангийн Ханхүү болох Эзэнээс дэлхий даяар энх тайван тогтох хишиг ивээлийг гуйцгаая! Дайн үргэлж, үргэлж ялагдал байдаг.

Тусгай мэндчилгээ

Англи хэлтэй мөргөлчид, зочид, ялангуяа Малтагаас ирсэн хүмүүстэй би халуун дотноор мэндчилж байна. Христмаст бэлдэж буй энэхүү Ирэлтийн цаг үед та нар болон та бүхний гэр бүлийнхэн Тэнгэрбурханы адисаар дүүрэн байх болтугай!

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Ахан дүүс ээ, бид Ариун Жилд зориулан шинэ цуврал номлолыг эхлүүлж байна. Энэ удаад "Есүс Христ – бидний найдвар" гэсэн Эвэр бүрээдэлтийн жилийн сэдвийг эргэцүүлэн бодох болно. Өнөөдөр бид Сайн мэдээний айлдваруудад гардаг Есүсийн угийн бичгийн талаар тунгаан бодно. Энэ нь Түүний амьдрал, онцлог шинж чанар нь илүү өргөн түүхийн нэг хэсэг болохыг бидэнд сануулдаг. Тэрээр өөрийн өвөг дээдэс, гэр бүл болон Израилын ард түмний нийтлэг итгэлд хамаарагддаг билээ. Матайн Сайн мэдээнд дурдагдсан угийн бичигт дөрвөн харь эмэгтэй багтсан нь Есүс эцсийн дүндээ бүх ард түмний Аврагч болохоор илгээгдсэн гэдгийг харуулна. Мөн Есүс Цэвэр Охин Мариагаас мэндэлсэн нь хүн төрөлхтний хувьд шинэ эхлэлийн тэмдэг болжээ. Христмас дөхөж буй энэ үед өөрсдийн уг гарвалиа талархан дурсацгаая. Тэнгэрбурхан бидний дунд махбод болж ирснээр энэхүү ертөнцөд эвлэрэл, амар амгалан, найдварын бэлгүүдийг авчирсан билээ. Тэдгээрийг бид өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх учиртай гэдгийг эргэн санацгаая.

18 Арван хоёрдугаар сар 2024, 16:58

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >
Prev
March 2025
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Next
April 2025
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930