Хайх

Il Papa, preoccupato per Ceuta, si trovino soluzioni di giustizia

Анжелус: Амьдралынхаа завинд Түүнийг эгэл даруугаар угтан авах

Нөхцөл байдлаас үл хамааран Есүс биднийг хэзээ ч орхидоггүй бөгөөд хэрэв бид залбирал, сакрамэнтууд болон Түүний Үгийг сонсож амьдралынхаа завинд Түүнийг эгэл даруугаар угтан авч чадвал; гагцхүү Түүн дотроос бид аян замдаа хэрэгцээт амар амгалан, гэрэл гэгээ, хүч чадлыг олох билээ.

ПАП XIV ЛЕО

АНЖЕЛУС

Петр Гэгээнтний талбай
2026 оны 8-р сарын 9, Ням Гараг

___________________________________

Эрхэм ахан дүүс ээ, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

 Өнөөдрийн Айлдалд Есүс шуурган дундуур Галил нуурын усан дээгүүр алхсаар шавь нартаа хүрч ирсэн тухай өгүүлдэг (Мт 14:22–33). 

Талх болон загасыг олшруулсан гайхамшгийн дараа (Мт 14:13–21-ийг үзнэ үү) Багш шавь нартаа завинд сууж, цааш хөдлөхийг шаардаад, Өөрөө ганцаар залбирахаар уул өөд гарчээ. Шавь нар эргээс нэгэнт холдсон хойноо ширүүн салхинд автаж, завиа урагшлуулах гэж зүдэрч байв. Гайхамшигт тэмдгийн гол оролцогчид болж, амэилттайгаар тухайн мөчийг туулсныхаа дараа, тэд одоо давалгааны аюул болон өөдөөс үлээх салхины өмнө арга мохож, айдаст автсан байдалтай байна. 

Үүр цайх дөхөж байтал Есүс догшин давалгаан дээгүүр алхсаар тэдэн рүү дөхөж ирлээ. Шавь нар нь айсандаа Түүнийг сүнс байна хэмээн андуурчээ (26-р эшлэл). Тэгтэл Есүс тэдэнд хандан: “Зоригтой бай, Би байна, битгий ай!" хэмээн хэлэв (27-р эшлэл). Эзэний оршихуй бүх зүйлийг өөрчилдөг. Петр хүртэл далайн давалгаан дээгүүр алхсаар Есүс рүү хэдэн алхам ойртохыг хичээсэн ч, тэрээр айж сандран усанд живж эхлэх үед Есүс гар сунган түүнийг авардаг. Есүсийг завинд алхан ормогц шуурга намдаж, шавь нарынх нь зүрх сэтгэлээс Тэнгэрбурханд итгэх чин сэтгэлийн үгс ундран гарч: Тэд: “Та үнэхээр Тэнгэрбурханы Хүү мөн байна!” хэмээн дуу алдацгаж байлаа (33).

Энэхүү үнэнийг ухаарахын тулд тэдний хувьд зөвхөн гайхамшгийг нүдээр үзэх, эсвэл олон түмний нүдэн дээр амжилтанд хүрэх нь хангалтгүй байв. Үүний оронд тэд өөрсдийн сул дорой байдлыг биеэр туулж, яг тэрхүү доройтол дундаа Тэнгэрбурханы оршихуйг танин мэдэх шаардлагатай байжээ. Гагцхүү энэхүү туршлага л тэдний мэлмий болон зүрх сэтгэлийг нээж, Түүний ойр дотно байдлыг мэдрүүлснээр, далайн шуурган дунд ч амар амгаланг олох боломжийг олгосон билээ.

Хожим нь Есүс тэдэнд: “Хэрэв та нар итгэлтэй байгаад, эргэлзэхгүй бол... энэ ууланд ‘Өргөгдөж, далайд хаягд’ гэж хэлсэн ч биелэх болно” (Мт 21:21) хэмээн өгүүлсэн билээ. Энэ нь тэдний нуурт туулсан туршлагатай туйлын адил бөгөөд уул өөд залбирахаар гарсан Христийн амар амгалан нь угалзан давалгаалах догшин усан дунд байсан шавь нарт нь ийнхүү хүрсэн юм.

Иймд энэхүү гайхамшиг нь бидэнд нэгэн чухал үнэнийг сургадаг билээ. Нэгдүгээрт, амжилт ололтонд хэт автан хөөрөхгүй байх, мөн хэзээ ч биеэ тоож, бардамнахгүй байхыг сануулдаг. Үүний зэрэгцээ амьдралын харанхуй мөчүүдэд ч, тулгарсан асуудлуудын өмнө хүчин мөхөсдөж, хамаг хүч чадлаа шавхсан ч урагшлах биш, харин ухраад байгаа мэт санагдах тэрхүү хэцүү цаг дор ч хэзээд сэтгэлээр унахгүй, найдвар алдахгүй байхыг зааж байна. Нөхцөл байдлаас үл хамааран Есүс биднийг хэзээ ч орхидоггүй бөгөөд хэрэв бид залбирал, сакрамэнтууд болон Түүний Үгийг сонсож амьдралынхаа завинд Түүнийг эгэл даруугаар угтан авч чадвал; гагцхүү Түүн дотроос бид аян замдаа хэрэгцээт амар амгалан, гэрэл гэгээ, хүч чадлыг олох билээ.

Итгэл үнэмшлийнхээ төлөө ерөөлтэй хэмээн өргөмжлөгдсөн Цэвэр охин Мариа (Лк 1:45-ыг үзнэ үү) бидэнд Тэнгэрбурханы хүсэл зоригт өөрсдийгөө бүрэн даатган, Түүнд итгэж амьдрахад туслах болтугай.

________________________

Анжелусын дараа

Эрхэм ахан дүүс ээ,

Би Судан улсын, ялангуяа Эль-Обейд хотын эмгэнэлт нөхцөл байдлыг санаа зовнин ажигласаар байна. Тус улсын нийт ард иргэдтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, эрх мэдэл бүхий хүмүүсийг энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх гарц гаргалгааг гаргахыг дахин уриалж байна.

Үүний зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгийг нэн даруй гал зогсоох зорилготой хүчин чармайлтыг дэмжихийг уриалж байна. Зовж шаналж буй хүмүүсийг Эзэн минь тэтгэн дэмжиж, хүчирхийллийг өдөөн турхирч буй хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, олон жил хүсэн хүлээсэн амар амгаланг хайрлах болтугай хэмээн залбирцгаая.

Украин болон Оросын нутаг дэвсгэрт гэм зэмгүй хүмүүс амь үрэгдэж, шархадсаар байгаа тухай сэтгэл эмзэглүүлсэн мэдээ тасралтгүй ирсээр байна. Эдгээр эмгэнэлт явдал ар араасаа гарсаар, бүр улам бүр олширч, улмаар хүүхдүүдийг оролцуулан энгийн иргэдийн хохирлын тоо нэмэгдсээр байна.

Үргэлжилж буй мөргөлдөөний улмаас амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн, шархадсан хүмүүс болон зовж шаналж буй бүх хүнийг би сэтгэлдээ тээн байна. Ийм их зовлон шаналлын өмнө хүмүүнлэгийн эрх зүйг хүндэтгэж, хоёр тал энгийн иргэдийн бай, объектод халдах ажиллагаагаа зогсоохыг чин сэтгэлээсээ дахин уриалж байна.

Дайн зөвхөн улам олон дайныг төрүүлж, асар их зовлон шаналал авчирдаг. Энэхүү хүчирхийллийн харгис мөчлөгийг таслан зогсоож, дипломат ажиллагаа болон яриа хэлэлцээнд орон зай гаргах цаг болжээ. Ингэснээр энх тайванд хүрэх замыг нээж чадна.

Одоо би Ром хотын иргэд болон олон улсаас ирсэн мөргөлчид, та бүхнийг халуун дотноор угтан авч байна!

Миланы шашны хүрээний Гэгээн Мариа Магдалена бүлгэм Сиена хотоос Ром хүртэл “Франчижена зам” (Via Francigena)-аар алхан ирсэн залуучуудад; Ромын ойролцоох толгодод зуны үйл ажиллагаагаа зохион байгуулсан Энна (Enna) хотын Скаутуудад, мөн Падуа шашны хүрээний Пернумиа (Pernumia) хотын залууст тусгайлан мэндчилгээ дэвшүүлье. Зуны амралтынхаа тодорхой хэсгийг өөрийгөө хөгжүүлэх сургалт болон нөхөрлөлийн үйлст зориулахаар шийдсэн ийм олон залуучуудын бүлэг хуран цугласан нь ирээдүйн итгэл найдварын бэлгэдэл бөгөөд энэ нь миний бие өнгөрсөн Пүрэв гарагт Ассизи хотод баяр хөөртэйгөөр уулзсан Францис Гэгээнтний нэрэмжит залуучуудын цугларалттай яг адилхан сайхан үйл ажиллагаа болж байна.

Намайг сонсож буй нийт охид, залуучууд та бүхэндээ хандан; Сүмийн литургийн цаглабар эдгээр өдрүүдэд бидэнд эрэгтэй, эмэгтэй гэгээн  хүмүүсийн гайхалтай жишээнүүдийг толилуулж байгааг сануулахын зэрэгцээ тэднийг улам бүр таньж мэдэхийг та бүхэнд уриалж байна. Өчигдөр Номлогчдын Орденг (доминиканчууд) үндэслэгч агуу Доминик Гэгээн; өнөөдөр Аушвиц (Auschwitz) хорих лагерт амь үрэгдсэн, Кармелит гэлэнмаа бөгөөд Европыг ивээгч Гэгээнтэн болох Загалмайн Тереза Гэгээн  Бенедикта буюу Эдит Штайн; маргааш Ромын Сүмийн диякон Лавренти Гэгээн ; харин нөгөөдөр өөрийн нутаг нэгт Францис Гэгээнтний  мөрөөр даруу бөгөөд ядуу Есүсийг дагахын тулд тансаг амьдралаа орхисон Ассисийн Клара Гэгээн  нарын өдөр тохиож байна. Хайрт залуус аа, Сайн Мэдээний эдгээр үлгэр жишээт гэрчүүдээс урам зориг, онгодыг авцгаагаарай!

Энд хуран цугласан та бүхэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Ням гарагийг сайнхан өнгөрүүлэхийг хүсэн ерөөе!

 

09 Наймдугаар сар 2026, 10:38

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Caeli

Бүгдийг унш >