Анжелус: Есүсийг хэрхэн дагаж, Түүний Хаанчлалын гэрч болох тухай
ПАП XIV ЛЕО
АНЖЕЛУС
Петр Гэгээнтний талбай
2026 он 6-р сарын 28, Ням Гараг
Хайрт ахан дүүс нараа, Ням гарагийн мэнд хүргэе!
Өнөөдрийн Айлдал (Матай 10:37–42)-аар Есүсийг хэрхэн дагаж, Түүний Хаанчлалын гэрч болох тухай Эзэн Есүсийн уриалан дуудлага, сургаалаас бид сонсож байна. Энэ нь зөвхөн гаднаа үзүүлэх үйлдэл төдий зүйл биш бөгөөд Түүнтэй хайранд суурилсан харилцаа тогтоож, өөрсдийгөө Түүнд бүрэн зориулах тухай асуудал юм. Хайраас ургасан үр жимсээ өгөхийн тулд хамгийн багадаа гурван зүйлийг шаарддаг: хувийн ашиг сонирхлоосоо ангид байх, алдагдал хүлээх болон зочломтгой байх.
Эхнийх нь, хувийн ашиг сонирхлоосоо ангид байх (татгалзал). Есүс хэлэхдээ: “Эцгээ юм уу, эхээ Надаас илүү хайрлагч нь Миний хувьд зохистой нэгэн биш. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрлагч ч Миний хувьд зохистой нэгэн биш ээ.” (37-р ишлэл) гэсэн байдаг. Эзэн шавь нараа Сайн мэдээний томилолтонд илгээхдээ тэднийг аливаа хүлээс, ачаа дарамтаас ангид байхыг хүсдэг. Гэвч энэ нь зөвхөн элч нарт бус, хүн бүрд хамаатай. Учир нь бидний хамгийн эрхэм, хамгийн дотно харилцаа хүртэл Христийн бидэнд хайрласан хайраар дамжин жинхэнэ бүрэн төгс утгыг олдог. Жишээлбэл, гэр бүлийн амьдралыг авч үзье. Гэрлэлтийн амьдралдаа өөрийгөө бүхэлд нь зориулахын тулд хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нэгддэг бөгөөд (Матай 19:5–6-г үзнэ үү) зөвхөн тэр үед л гэр бүлийн амьдралыг бүрэн дүүрэн амьдран туулж чадна. Мөн хүүхэд хүмүүжүүлэхийг авч үзье. Хүүхдүүдээ өөрийн хөл дээрээ баттай зогсож, бие даан шийдвэр гаргаж сурахад нь дэмжсэнээр бид тэднийг өөрсдийгөө нээн таньж, аз жаргалтай амьдрахад нь тусалдаг. Августин Гэгээнтэн Хайртай зүйлээсээ хагацах нь сэтгэл өвтгөм боловч тариачин хүртэл тарьсан үрээ түр зуур алддаг хэмээн өгүүлсэн байдаг (Номлол 330:2). Үрийг хөрсөнд суулгаснаар бид түүнийг алдсан мэт боловч, чухам тэрхүү "алдагдлаар" дамжин үр соёолж, цэцэглэн хөгжихийг нь хардаг.
Энэ утгаараа хайрлах гэдэг нь мөн алдагдал хүлээдэг, хариу нэхэхгүйгээр өгдөг гэсэн үг юм. Гэвч аливаа алдагдлыг сул дорой байдал гэж үзэж, бүхнийг өөрийн болгон эзэмшихийн төлөө тэмүүлдэг өнөөгийн ертөнцөд энэ үнэнийг ойлгох амаргүй. Гэвч хайр зөвхөн өөрийгөө бусдад зориулах үед л үр жимсээ өгдөг: бусдад орон зай гаргаж өгөхийн тулд өөрийнхөө зарим нэг зүйлийг алдахад бэлэн байх; найзыгаа сонсохын тулд бага зэрэг цаг гаргах; хэн нэгний хүнд хэцүү үеийг хуваалцахын тулд өөрийн ая тухтай байдлаасаа бага зэрэг золиослох үед л хайр үр жимсээ өгдөг билээ. Айлдалд өгүүлснээр амьдралаа зөвхөн өөрийнхөө төлөө хадгалж барьдаг хүмүүс үнэндээ түүнийгээ алддаг (39-р ишлэлийг үзнэ үү). Учир нь тэд хайрын баяр баясгаланд зүрх сэтгэлээ нээдэггүй бөгөөд улмаар үр жимсгүй, хоосон хоцордог. Тиймээс Есүс биднийг загалмайгаа үүрч Түүнийг дагахыг уриалдаг. Тэр Өөрийгөө өргөж, Өөрийгөө золиосолсноор бид Түүний амьдралын элбэг хангалуун байдлыг хүлээн авах боломжтой болсон. Иймээс, бид өөрийгөө бусдад бэлэглэх тэрхүү логикоор амьдарвал, харилцаандаа ч шинэ амьдралыг цэцэглүүлэн авчрах учиртай юм.
Эцэст нь зочломтгой, нээлттэй сэтгэлтэй байх тухайд авч үзье. Хайр нь тодорхой сонголт, үйлдлээр илэрдэг бөгөөд цангасан нэгэнд нэг аяга ус өгөх (42-р ишлэлийг үзнэ үү) зэрэг өдөр тутмын, жижиг мэт боловч сэтгэлийн хөдөлгөөн, халамжаар дамжин илэрдэг амлалт, өөрийгөө зориулах үйл юм. Есүс шавь нараа ямар ч бэлтгэлгүйгээр өөрөөсөө түрүүлж илгээсэн бөгөөд ингэснээр тэд бусдын тусламжид түшиглэн, уулзсан хүмүүсийнхээ зүрх сэтгэлд зочломтгой, өгөөмөр сэтгэлийг сэрээх ёстой байв. Есүсийн нэрээр ирж буй хүмүүсийг угтан авснаар бид Түүнийг, мөн Түүнийг илгээсэн Тэнгэрлэг Эцгийг угтан авч буй хэрэг билээ. Учир нь Эзэнд хайртай байх нь үргэлж ахан дүүсээ угтан авч, хүлээн авах сэтгэлтэй салшгүй холбоотой байдаг.
Эрхэм ахан дүүс ээ, Хүүгээ туйлын их хайраар хайрласан ч Түүнийгээ алдахыг ч мэдэж байсан Гэгээн Мариад хандан хамтдаа залбирцгаая. Тэр биднийг Христийн хайрын даруу бөгөөд баяр хөөртэй гэрч байхад минь туслах болтугай.
____________________
Анжелус залбирлын дараа:
Эрхэм хүндэт ахан дүүс нараа,
Саяхан болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь нас эрсдэж, бэртэж гэмтсэн, мөн эд хөрөнгийн үлэмж хэмжээний хохирол амссан Венесуэлийн ахан дүүстэйгээ сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна. Насан эцэслэгчдийн сүнс амар тайван анирлах болтугай хэмээн Эзнээс гуйн залбирахын зэрэгцээ тэдний гэр бүл, бэртэж гэмтсэн хүмүүс болон энэхүү эмгэнэлт явдалд цочирдсон бүх хүнтэй сэтгэл зүрхээрээ хамт байж, дэмжин туслахаа илэрхийлж байна. Түүнчлэн, эрэн хайх, аврах ажиллагаанд болон тусламж үзүүлэх үйлсэд чин сэтгэлээсээ зүтгэж буй бүх хүмүүст гүн талархал илэрхийлж, тэднийг урамшуулан дэмжиж байгаагаа илэрхийлье.
Одоо Ром хотын оршин суугчид болон мөргөлчид та бүхнийг тавтай морилно уу хэмээн мэндчилж байна. Энэ их халууныг үл харгалзан хүрэлцэн ирсэнд тань баярлалаа!
Би Камерун улсын Кумба шашны хүрээний сүсэгтэн олон болон бусад улс орноос ирсэн хүмүүст мэндчилж байна.
Мөн Camillian ордены залуу лам хуврагууд; Приоло Гаргалло, Авола, Регалбуто, Бари хотуудын сүмийн бүлгүүд; Роверетогийн скаутууд; түүнчлэн Анхны Нэгдэл болон Бататгал үндсэн ёслолыг хүртсэн Падуа шашны хүрээний Местрино хотын залууст хандан мэндчилж байгааг минь хүлээн авна уу.
Бүгдэд нь Бүтэнсайны мэнд хүргэе! Маргааш болох Петр, Паул Гэгээнтнүүдийн баяраар эргэн уулзацгаая.
