Анжелус: Петр, Паул гэгээнтнүүдийн их баяр
ПЕТР ПАУЛ ГЭГЭЭНТНҮҮДИЙН ИХ БАЯР
ПАП XIV ЛЕО
АНЖЕЛУС
Петр Гэгээнтний талбай
2026 оны 6-р сарын 29, Даваа Гараг
Хайрт ах дүү нар аа, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Өнөөдөр бид Ром хотын ивээгч гэгээнтнүүд болох Петр, Паул Гэгээнтнүүдийн их баярыг тэмдэглэж байна. Энэхүү баярын өдөр нь Ром дахь Сүм болон дэлхий даяарх бусад бүх Сүмүүдийг итгэл үнэмшил, хайр энэрлийн нэгдэл дотор холбогддог анхны язгуур хэлхээ холбоог бидэнд эргэн сануулдаг билээ
Энэхүү хоёр Элчийн гэрчлэл нь Шинэ Гэрээг баталгаажуулсан тамга тэмдэг гэлтэй. Тэдний энэ хотод урсгасан цус нь Эзэн Есүсийн бидэнд соёрхсон Тэнгэрбурханы хайр ямар уудам, гүн гүнзгий болохыг илчлэн харуулдаг билээ. Тийм ээ, тэдний тунхагласан үг болон итгэл үнэмшлийнхээ төлөө туулсан тарчлалт үхэл (цусаа урсгасан гэрчлэл) нь Христийн Айлдлыг Ром хотод, өөрөөр хэлбэл эзэнт гүрний нийслэлд гүн бат үндэслүүлсэн бөгөөд ингэснээрээ өөрийн шинэчлэн өөрчлөх хүч чадлыг энд илчлэн харуулсан юм. Энэхүү хүч нь Тэнгэрбурханы тухай болон хүний хэмжээлэгдэшгүй нандин нэр төр (үнэ цэнэ)-ийн тухай шинэ мэдлэгийг олгож, улмаар эрх мэдлийг дарангуйлан ноёрхох хэрэгсэл биш, харин хүний амьдралд зүтгэх үйлчлэл хэмээн огт өөрөөр ухаарах тэрхүү шинэ ойлголтыг авчирсан билээ.
Өнөөдөр ч гэсэн биднийг хайрласан хайрынхаа улмаас амиа өргөн дахин амилсан Эзэн Есүс Өөрийн гэрчлэгчдээр дамжуулан бидний дунд оршсоор байна. Тэрээр “Намайг дага!” гэсэн дуудлагад нь хариулсан хүмүүсийн дуу хоолой, дүр төрх, эр зоригт сонголтуудаар дамжуулан төвөөс эхлээд алс хязгаар, нийслэл хотуудаас авахуулаад хамгийн бөглүү алслагдсан бүс нутгуудад хүртэл хүрч байдаг билээ. Ийнхүү энэхүү баярын өдөр биднийг ч мөн Петр, Паул Гэгээнтэн нарын томилолтод, өөрөөр хэлбэл Есүсийн Өөрийнх нь томилолтод татан оруулж байна. Тэнгэрбурхан Өөрийн ивээлээр бидний амьдралыг гэрэлтүүлж, мууг сайнд хувиргагч Өөрийн хүч чадлыг илчлэн харуулахын тулд төгс бус атлаа нүгэл нь уучлагдсан бид нүгэлтнүүдэд итгэл хүлээлгэдэг билээ.
Хайрт найз нөхөд өө, Петр, Паул Гэгээнтнүүд шиг хоорондоо тийм ялгаатай, тэс өөр хүмүүс ховор байсан болов уу. Тэд Тэнгэрбурханы дуудлагыг хүлээн авахаасаа өмнө төдийгүй, хүлээн авсныхаа дараа ч гарал үүсэл, өсөж хүмүүжсэн орчин, зан чанарынхаа хувьд бие биеэсээ эрс ялгаатай хэвээр байв. Эзэн тэднийг дуудсаныхаа ч дараа нэг хэвэнд цутгасан мэт адилхан хүмүүс болгон өөрчлөөгүй. Петр, Паул Гэгээнтнүүд Айлдлыг өөр өөрийн өвөрмөц өнгө аяс, арга барилаар ойлгож, тунхагласан билээ. Ариун Сүнс Ариун Судрын бичсэн хүмүүст онгод хайрлахдаа ч тэдний ялгаатай байдлыг далдлахыг бус, харин ил тод хадгалахыг хүссэн юм. Элч нарын (Зөвлөл) дотор Петр Гэгээн , Паул Гэгээн нар хэзээ ч бие биенийхээ өрсөлдөгч, дайсагнагчид байсангүй. Харин ч эсрэгээрээ, тэд цор ганц Ариун Сүнс олон янзын ялгаатай байдлыг нэгэн цул бие болгон хэрхэн нэгтгэж чаддагийн амьд бэлгэдэл болсон билээ. Ийнхүү Ромын Сүмийн ивээгч гэгээнтнүүд нэгдмэл байдалд тулгардаг сорилт бэрхшээлүүдийг биеэрээ туулж үзсэн юм. Тэд үүнийг гүнээ ухаарч, үүнд зүтгэн үйлчилж, улмаар тэрхүү нэгдмэл байдлыг Тэнгэрлэг амьдралын ариун нууц хэмээн тунхагласан билээ. Тэдний энэхүү гэрчлэл нь түүхийн явцад Христийн шашны оршихуй, нөлөөллийг ноёрхол, дарангуйлалд бус, харин үйлчлэл, эв нэгдэл, эвлэрэлд чиглүүлэхэд шийдвэрлэх хувь нэмэр оруулсан билээ.
Эзэн Петр, Паул Гэгээнтнүүдийн зуучлал залбирлаар дамжуулан бидэнд Сүмийн католик (бүх нийтийн, дэлхий дахины) шинж чанарыг улам бүр гүн гүнзгий танин мэдэх, хувь хүмүүс болон ард түмнүүдийн хооронд ахан дүүсийн найрсаг уулзалт, харилцааг бэхжүүлэхэд орших түүний үнэ цэнийг олж харах, нэгдмэл байдлыг бусниулах эсвэл хор хөнөөл учруулах аливаа бүхнээс зайлсхийх, түүнчлэн экуменик (христэд итгэгчдийн нэгдлийн) замнал болон хүн бүртэй хийх чин сэтгэлийн, үнэн ч харилцан яриа-нд тууштай байх тэрхүү ивээл ач тусаа хайрлах болтугай
Элч нарын Хатан хаан Ариун Мариа эх маань Ром хотод төдийгүй дэлхий даяарх Тэнгэрбурханы ард түмнийг үргэлж ивээлдээ аван хамгаалах болтугай.
__________________
Анжелус залбирлын дараа
Хайрт ах, эгч дүү нар аа,
Өнөөдөр өрнөж буй Петрийн зоос (Peter's Pence) хэмээх хандивын аянд оролцож, Гэгээн Петрийн залгамжлагчийн хувьд гүйцэтгэж буй миний үйлчлэлийг өргөл, хандиваараа дэмжиж буй та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Итгэл болон эв хамтын нэгдэлдээ бид бүгд хамтдаа урагшлан алхаж, Эзэний Сүмийг улам бат бөх байгуулцгаая.
Ивээгч гэгээнтнүүдийнхээ баярын өдрийг тэмдэглэж буй Ром хотын ард түмэнд болон энэхүү хотод амьдарч буй бүх хүнд чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Би өвчтэй зовлонтой хүмүүс, ганцаардсан нэгэн болон шоронд хоригдож буй хүмүүсийн төлөө онцгойлон залбирч байна. Түүнчлэн Ром хотод ажиллаж буй ахлах санваартан, нийт санваартан ах дүүс, мөн түүнчлэн гэлэнмаа нартаа талархал илэрхийлье. Учир нь тэд өөрсдийн оршихуй болон өдөр тутмын зүтгэл үйлчлэлээрээ энэ хотод Христийн агуу зүрхийг зогсолтгүй цохилуулсаар байдаг билээ.
Кончилиационе гудамж (Via della Conciliazione) болон Арванхоёрдугаар Пиогийн талбай (Piazza Pio XII)-д цэцгээр гайхамшигт урлал бүтээсэн Италийн 'Про Локо' (Pro Loco) нийгэмлэгүүдийн сайн дурынханд мэндчилгээ дэвшүүлье. Та бүхэнд баярлалаа, баяр хүргэе! Мөн энэ жил Гэгээн Францис болон түүний 'Бүтээлүүдийн магтуу' (Canticle of the Creatures) дуулалд зориулагдаж буй 'Гэгээн Анжелогийн цайз дахь Хийн салютын наадам' (Girandola di Castel Sant’Angelo)-ыг зохион байгуулагчдад талархал илэрхийлье. Үүний зэрэгцээ, Испанийн Заморагаас ирсэн 'Нуэстра Сеньора дель Кармен дель Камино' (Nuestra Señora del Carmen del Camino de Zamora) болон Артена хотын 'Агонизанти' (Agonizzanti of Artena) хэмээх ахан дүүсийн хоёр нэгдлийг хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна.
Өнөөдөр Гэгээн Петрийн талбайд 'Л’Оссерваторе Романо' (L’Osservatore Romano) сонины хавсралт болох 'Л’Оссерваторе ди страда' (L’Osservatore di strada) сониныг түгээхээр цугласан орон гэргүй ах дүү нартаа мэндчилгээ дэвшүүлье. Энэхүү сониныг тасралтгүй гаргаж, амьд байлгаж буй бүх хүнд баярлалаа, сайн сайхныг хүсэн ерөөе!
Бүгдэд нь баярын өдрийн мэнд хүргэе!
