Режина Чиели: Энх тайвныг эрэлхийлэхийг дахин уриалж байна
XIV ПАП ЛЕО
REGINA CAELI /ТЭНГЭРИЙН ХАТАН/
Киламба (Ангол улс)
2026 он 4-р сарын 19, Ням гараг
Эрхэм хүндэт ахан дүүс минь,
Эрхэм ахан дүүс ээ, Одоо бүгдээрээ Тэнгэрийн хатан (Regina Caeli), Мариа эхэд хандан залбирцгаая. Бидний эх бөгөөд үргэлж аян замын маань үнэнч хань болдог түүнтэй Есүс Христ дахин амилсны баяр баясгаланг хуваалцацгаая.
Бид энэхүү баярт дуугаараа зовж шаналагсдын дуу хоолойг бүдгэрүүлэхийг бус, харин тэдэнтэй дуу хоолойгоо нэгтгэн шинэ зохицлыг бүтээхийг зорьлоо. Ингэснээр өвдөлт шаналал дунд ч итгэлийн гэрэл амьд оршиж, сайн сайхан ертөнцийг зорих найдвар бадамлах болно.
Украин улсын эсрэг чиглэсэн дайралт ширүүсэж, энгийн ард иргэд хохирсоор байгаад миний бие гүнээ гашуудан харамсаж байна. Би зовж зүдэрч буй бүх хүмүүстэй сэтгэл зүрхээрээ хамт буйгаа илэрхийлж, Украины нийт ард түмний төлөө залбирч байгаагаа батлан хэлье. Гал зогсоож, зэвсгийн дуу бүрмөсөн намдаж, яриа хэлэлцээний замаар энх тайвныг эрэлхийлэхийг би дахин уриалж байна.
Ливанд гал зогсоохоор зарласан нь бидэнд итгэл найдвар төрүүлж байна. Энэ нь Ливаны ард түмэн болон Левантын (Ойрхи Дорнодын газар дундын тэнгисийн эрэг орчмын бүс нутаг) хувьд бага ч гэсэн амсхийх боломж, гэрэлт найдвар юм. Ойрхи Дорнод даяар дайсагнал бүрмөсөн зогсож, энх тайван тогтвортой тогтоосой хэмээн дипломат арга замаар шийдэл эрэлхийлж, яриа хэлэлцээ хийж буй хүмүүсийг үргэлжлүүлэн хичээнгүйлэн ажилласаар байхыг мөн уриалж байна.
Христ үхлийг ялан дийлсэн бөгөөд бид бүхэн түүнтэй нэгдэн, нэгэн бие болж, энэхүү бат итгэлээрээ өнөөдөр болон өдөр бүр хичээнгүйлэн зүтгэх болно. Саад бэрхшээл, зовлон зүдгүүрийг үл хайхран, Амилалтын баярын үр жимс болох хайр энэрэл, үнэн зөв шударга ёс болон энх тайвныг эргэн тойрондоо түгээн дэлгэрүүлэхийн төлөө бид өөрсдийгөө зориулцгаая.
Есүсийн эх ба бидний зүрх сэтгэлийн Эх болсон Мариа та бидэнд амилсан Хүүгийнхээ амьд, хүчирхэг оршихуйг үргэлж мэдэрч, Түүнийг дэргэдээ байгааг ухаарахад туслах болтугай.