Анжелус: Христ амиллаа!
XIV ЛЕО
REGINA CAELI
Петр Гэгээнтний талбай
2026 оны 4-р сарын 6, даваа гараг
Эрхэм хүндэт ахан дүүс нараа, Христ амиллаа! Дээгүүр өнгөрөхийн баярын мэнд хүргэе!
Гайхшрал бишрэл, баяр баяслаар дүүрэн энэхүү мэндчилгээ нь бүтэн долоо хоногийн турш та биднийг хөглөх болно. Эзэний бидэнд зориулан бүтээсэн энэхүү шинэ өдрийг баярлан тэмдэглэх мөчтэй зэрэгцээд өнөөдрийн ёслол мөргөлийн зан үйл нь Есүсийн нэрээр үхлийн цөхрөл үүрд ариллаа хэмээн бүх бүтээл авралын эрин цагт хөл тавьж буйг тунхагладаг.
Өнөөдрийн Сайн Мэдээний айлдал (Мт 28:8–15) биднийг хоёр өөр түүхээс сонголт хийхийг уриалж байна. Нэг нь амилсан Эзэнтэй биечлэн уулзсан эмэгтэйчүүдийн гэрчлэл (эшлэл 9–11), нөгөө нь ахлах тахилчдаас хахууль авсан харуулуудын яриа (эшлэл 11–14) юм. Эхнийх нь Христийн үхлийг ялсан ялалтыг тунхагладаг бол, удаах нь үхэл бол хэзээд, ямар ч нөхцөлд дийлдэшгүй гэдгийг батлахыг оролддог. Тэдний хувилбараар бол Есүс амилаагүй, харин түүний цогцсыг хулгайлсан гэдэг. Ийнхүү “хоосон булш” хэмээх нэгэн ижил баримтаас хоёр өөр тайлбар урган гарч байна. Нэг нь мөнхийн шинэ амьдралын эх ундарга, нөгөө нь гарцаагүй бөгөөд хөдлөшгүй үхлийн тухай тайлбар юм.
Энэхүү ялгаатай байдал нь биднийг Христийн сургаалд үнэнч байхын үнэ цэн болон хүмүүс хоорондын харилцааны үнэн бодит байдлын талаар эргэцүүлэн бодоход хүргэж байна. Үнэндээ өнөө үед бидний хэлж заншсанаар хуурамч мэдээ буюу худал хуурмаг, эргэлзүүлэх утгатай үгс болон үндэслэлгүй гүтгэлэг нь үнэнийг бүдгэрүүлэх нь түгээмэл байна. Гэсэн хэдий ч ийм саад бэрхшээлийн өмнө үнэн нууц хэвээр үлддэггүй, харин ч амьд бөгөөд гэрэлтсэн хэвээр бидэнтэй дээр ирж, хамгийн гүн харанхуйг ч гийгүүлдэг. Бунхан дээр байсан эмэгтэйчүүдэд хандан хэлсэнчлэн Есүс өнөөдөр бидэнд: “Бүү ай. Явж … мэдэгд” (эшлэл 10) хэмээн айлдаж байна. Ийнхүү Тэр өөрөө дэлхийд дахинд гэрчлэгдэх ёстой 'Сайн Мэдээ' болдог юм. Эзэний Дээгүүр өнгөрөх баяр бол бидний, бүх хүн төрөлхтний баяр юм. Учир нь бидний төлөө үхсэн энэ хүн бол бидэнд амиа өргөн зориулсан Тэнгэрбурханы Хүү билээ. Мөнхөд амьд бөгөөд ямагт бидэнтэй хамт оршин байгч Амилсан Нэгэн өнгөрсөн цагийг мөхлөөс нь ангижруулдаг шиг, Амилалтын тунхаглал нь бидний ирээдүйг ч мөн булшнаас аварч, гэтэлгэнэ.
Эрхэм хүндэт ахан дүүс ээ, түүхийг буруу замд хөтөлж, хүмүүсийн ухамсрыг төөрөгдүүлдэг хорон муу явдалд дарлагдсан тэдгээр хүмүүст энэхүү Сайн Мэдээ хүрэх нь ямар их чухал вэ! Дайны хөлд нэрвэгдсэн ард түмэн, итгэл үнэмшлийнхээ төлөө хавчигдаж буй загалмайтнууд, сурч боловсрох эрхээ хасуулсан хүүхдүүдийн тухай би бодож байна. Христийн Амилалтын баярыг үг болон үйлдлээрээ тунхаглана гэдэг нь хүчирхийлэгчдийн гарт боомилогдоод буй найдварт шинэ дуу хоолой бэлэглэнэ гэсэн үг юм. Үнэхээр ч энэхүү Сайн Мэдээ дэлхий даяар түгэх үедээ цаг хугацаанаас үл хамааран аливаа харанхуй сүүдрийг гийгүүлдэг билээ.
Бид өнөөдөр Амилсан Эзэний гэрэл дор, өнгөрсөн жилийн энэ л өдөр (Тэнгэр элчийн даваа гарагт) амьдралаа Эзэнд даатгасан Гэгээн хутагт Францисыг хайрлан дурсаж байна. Түүний итгэл ба хайрын агуу гэрчлэлийг эргэн санахын зэрэгцээ биднийг улам бүр үнэнийг түгээгч гэрэлт элч нар болоход туслахыг гуйн Мэргэн ухааны сэнтий болсон Цэвэр Охин Мариа эхэд хандан хамтдаа залбирцгаая.
