Анжелус: Ирэлтийн цаг улирлын III ням гараг
Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!
Өнөөдрийн Айлдал биднийг Иохан Баптистын хамт шоронд хорьдог билээ учир нь тэрээр өөрийн номлолын улмаас хоригдсон юм. (Мт 14:3–5-г үзнэ үү). Гэсэн хэдий ч тэрээр итгэл найдвараа алдаагүй бөгөөд энэ нь эш үзүүлэгч хүн гинжинд хүлэгдсэн байлаа ч үнэн ба шударга ёсыг эрэлхийлэхдээ дуу хоолойгоо ашиглах чадвараа хадгалсаар байдгийг илтгэх нэгэн бэлгэ тэмдэг болон бидний өмнө тодорч байна.
Иохан Баптист шоронгоос Христийн үйлсийн тухай сонсжээ (Мт 11:2).
Гэвч эдгээр нь түүний хүлээлтээс өөр байсан тул тэрээр шавь нараа илгээж, асуусан нь:
Ирэх ёстой Нэгэн Та мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? (Мт 11:3). Үнэн ба шударга ёсыг эрэлхийлэгчид, эрх чөлөө болон амар амгаланг хүсэн тэмүүлэгчид Есүсийн талаар ийнхүү асуудаг: Тэр үнэхээр Тэнгэрбурханы эш үзүүлэгчдээрээ дамжуулан амласан Мессиа, Аврагч мөн үү?
Есүс энэ асуултад хариулахдаа бидний харцыг Түүний хайрлан энэрч, үйлчилж ирсэн хүмүүст чиглүүлдэг. Тэд бол хамгийн өчүүхэн, ядуу зүдүү, өвчтэй, зовлонтой хүмүүс бөгөөд тэд л Түүний өмнөөс гэрчлэн өгүүлдэг. Христ өөрийгөө хэн болохыг үгээр бус, харин үйлсээрээ тунхагладаг билээ. Түүний үйлс бол бид бүхний авралын тод тэмдэг юм. Үнэндээ Есүстэй учрах тэр мөчид — өмнө нь гэрэлгүй, дуугүй, амтгүй байсан тэр амьдрал утга учраа дахин олдог. Сохор нь харж, хэлгүй нь хэлд орж, дүлий нь сонсож эхэлдэг. Уяман өвчнөөр гажуудсан мэт харагдах Тэнгэрбурханы дүр төрх дахин бүрэн бүтэн байдал, амьдралын эрч хүчээ олж авдаг. Бүрэн амьгүй болсон үхэгсэд хүртэл амилдаг (5-р ишлэлийг үзнэ үү). Энэ бол Есүс Христийн Сайн мэдээ — ядууст тунхаглагдсан баярт мэдээ юм. Иймд Тэнгэрбурхан ертөнцөд ирэхүйд Түүний оршихуй тодоос тод илрэн харагддаг юм.
Есүсийн айлдсан үгс нь биднийг цөхрөл, зовлонгийн шоронгоос чөлөөлдөг. Эртнээс зөгнөгдөн хүлээгдэж байсан бүх амлалт Түүнд биеллээ олдог. Хүний нүдийг Тэнгэрбурханы алдар сууг таниулж, нээдэг нь Христ юм. Тэрээр дарлагдагсдад, мөн хүчирхийлэл ба үзэн ядалтад дуу хоолой нь дарагдсан хүмүүст дуу хоолой өгдөг. Тэр үнэнийг сонсож чадахааргүй болгодог үзэл суртлуудыг ялж бие махбодыг гажуудуулдаг өвчнийг эдгээдэг.
Ийнхүү Амийн Үг нь зүрхийг үхүүлдэг муу бүхнээс биднийг авран чөлөөлдөг. Тиймээс Ирэлтийн энэ цаг улиралд Эзэний шавь нарын хувьд бид Аврагчийг хүсэн хүлээх итгэлээ Тэнгэрбурхан дэлхийд үйлдэж буй ажлуудыг анзааран танин мэдэх хичээл зүтгэлтэй хослуулах уриалгад дуудагдаж байна.
Тийнхүү бид Аврагчтайгаа учрах тэр мөчид эрх чөлөөний баяр хөөрийг жинхэнэ утгаар нь мэдрэх болно: “Gaudete in Domino semper – Эзэнд үргэлж баярлагтун” (Филиппой 4:4). Энэхүү уриалга нь өнөөдрийн Ариун Талархал Магтаалын Мөргөл — Ирэлтийн гурав дахь Ням гараг болох Gaudete буюу “Баярлагтун” Ням гарагийг — эхлүүлж байна. Бид баярлах учиртай, учир нь Есүс бол бидний итгэл найдвар билээ. Ялангуяа амьдрал утга учраа алдаж, бүх зүйл харанхуйн сүүдэрт бүрхэгдэн, үг хэл олдохгүй болж, бусдыг ойлгоход бэрхшээлтэй санагдах тэр цаг үед Тэр бидний гэрэл, найдвар болон оршдог.
Итгэл найдвар, анхаарал халамж, баяр хөөрийн үлгэр дуурайл болсон Тэнгэрбурханы Эх Мариа бидэнд Түүний Хүүгийн үйлсийг дуурайн, ядууст талх хуваалцаж, Сайн мэдээг түгээхэд туслан ивээх болтугай.
____________________
Эрхэм ахан дүүс нараа!
Өчигдөр Испанийн Жаэн хотод Эмануэль Исхиердо санваартан болон түүний 58 хамтрагч, мөн Антонио Монтаньес Чикеро санваартан болон түүний 64 хамтрагчийн хамт хутагт хүмүүсийн тоонд өргөмжилсөн билээ. Тэд бүгд 1936–1938 оны хооронд өрнөсөн шашны хавчлагын үеэр итгэл үнэмшлийнхээ төлөө амь үрэгдсэн билээ. Мөн өчигдөр Францын Парис хотноо Рэймонд Кайрэ санваартан (сүмийн санваартан), Францискан бүлгийн гишүүн Жерар-Мартин Сандрие, ламын сургуулийн оюутан Роже Валле, эгэл сүсэгтэн Жан Местр болон тэдний 46 хамтрагчийг хутгийг олсон хүмүүсийн тоонд өргөмжлөв. Тэд бүгд 1944–1945 онд Нацистуудын эзлэн түрэмгийллийн үед итгэл үнэмшлийнхээ төлөө амь үрэгдсэн билээ. Өөрсдийн ард түмэндээ үнэнч, Шашиндаа итгэл үнэмшилтэй байсныхаа төлөө хавчигдаж, амь үрэгдсэн Сайн мэдээний зоригт гэрч болсон эдгээр мартир хүмүүсийн төлөө Эзэнийг магтацгаая!
Би Ардчилсан Конго Улсын зүүн бүс нутагт дахин сэргэж буй мөргөлдөөнийг сэтгэл түгшин харж байна. Ард түмэнд ойр дотно байгаагаа илэрхийлж, энэхүү зөрчилдөөнд оролцогч талуудыг бүх төрлийн хүчирхийллээ нэн даруй зогсоож, үргэлжилж буй энхийн үйл явцыг хүндэтгэн, яриа хэлэлцээ хийхийг уриалж байна.
Халуун дотно итгэл сэтгэлээр Ром болон Итали, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эргэл мөргөлч та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж байна. Ялангуяа Белу Оризонте, Загреб, Сплит, Копенгаген хотоос ирсэн сүсэгтнүүд, мөн Өмнөд Солонгос, Танзани, Словак улсаас ирсэн ахан дүүсдээ тусгайлан мэнд хүргэе. Мөн Местре, Бианкавилла, Бусси-сул-Тирино хотоос ирсэн бүлгүүд, Морнезе Италийн холбооны төгсөгчид, Пулийн филармонийн найрал хөгжимчид, Коратогийн “Оази Назарет” сангийн төлөөлөгчид, Алкамогийн Салезиан залуучуудын төвийн залуус, Ром дахь Сан Пио да Пьетрельчинагийн баталгаа үндсэн ёслолд бэлтгэж буй залууст чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Бүгдэд нь баяр баясгалантай, амар амгалан дүүрэн Ням гарагийг хүсэн ерөөе!
