Анжелус: Ирэлтийн цаг улирлын II ням гараг
Эрхэм хүндэт ахан дүүс нараа,
Хэдхэн хоногийн өмнө би анхны Апостолик айлчлал болох Турк болон Ливанаас эргэн ирлээ. Миний эрхэм ах, Константинополь хотын Экуменик Патриарх Бартоломев болон бусад Христийн шашны урсгалын төлөөлөгчидтэй хамт бид эртний Никеа хотын газар болох Изникэд цугларч, хамтдаа залбирал өргөсөн юм. Тэнд 1700 жилийн өмнө анхны Экуменик зөвлөгөөн болж байсан түүхтэй билээ. Өнөөдөр Пап Паул VI болон Патриарх Атэнагаорас нарын үзэглэсэн нийтийн тунхагийн 60 жилийн ой тохиож байна. Энэхүү тунхаг нь харилцан хоригоо цуцалсан түүхэн ач холбогдолтой юм. Бид Тэнгэрбурханд талархал өргөж, бүх Христийн шашинтнууд бүрэн нэгдэлд хүрэхийн төлөөх үнэнч амлалт аа дахин бататгаж байна. Туркт би Католик нэгдэлтэйгээ баяр хөөртэйгөөр уулзах сайхан байлаа. Тэд тэвчээртэй харилцан ярилцлага, зовж шаналж буй хүмүүст үйлчлэх үйлсээрээ хайрын Сайн Мэдээг болон өчүүхэн зүйлээр ч өөрийгөө илчилдэг Тэнгэрбурханыг гэрчлэн амьдарч байна.
Ливан улс одоо хүртэл зэрэгцээ орших мозаик хэв маягийг (зэрэгцээ орших мозаик хэв маяг гэдэг нь олон шашин, соёл, угсаатны бүлгүүд өөр өөрийн онцлог, үнэт зүйлээ хадгалангаа нэг нийгэмд зэрэгцэн амьдрахыг хэлнэ) хадгалан амьдарч байгаа бөгөөд энэ талаар олон сайхан гэрчлэлийг сонсох нь надад тайвшрал авчирсан. Би дүрвэгсдийг хүлээн авч, хоригдлуудыг эргэж, хэрэгцээтэй хүмүүст хоол хүнс тараан Айлдлыг тунхаглаж буй олон хүмүүстэй уулзсан. Надтай мэндлэхээр замын хажуугаар цугласан олон түмнийг харах нь надад тайвшрал өгсөн бөгөөд Бейрутын боомт дахь дэлбэрэлтэнд өртсөн хохирогчдын төрөл төрөгсөдтэй уулзах нь ихэд сэтгэл хөдөлгөсөн үйл явдал байлаа. Ливаны ард түмэн надаас тайтгарал авчрах үг, оршихуйг хүсэн хүлээж байсан боловч тэд өөрсдийн итгэл, урам зоригоор намайг тайтгаруулсан юм. Залбирлаараа хамт байсан хүн бүрт талархъя! Эрхэм ахан дүүс ээ, Турк болон Ливанд болсон үйл явдлууд бидэнд амар амгалан, энх тайвныг цогцлоох боломж бүрэн байгааг харууллаа. Христийн шашинтнууд өөр шашин, өөр соёлын хүмүүстэй харилцан яриа өрнүүлснээр энх тайвныг цогцлоон байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж чадна. Энх тайван амар амгаланг цогцлоох нь туйлын боломжтой зүйл юм гэдгийг бүү мартаарай!
Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн ард түмэн сүүлийн үеийн байгалийн гамшгийн улмаас ихээхэн саад бэрхшээлтэй тулгарсныг санан, би тэдэнтэй сэтгэл зүрхээрээ ойр байгаагаа илэрхийлье. Би хохирогсдын төлөө, хайртай хүмүүсээ алдсан гэр бүлийнхний төлөө, мөн тусламж үзүүлж буй бүхний төлөө залбирч байна. Би олон улсын хамтын нийгэмлэг болон сайн санаат бүх хүмүүст хандан, эдгээр бүс нутгийн ахан дүүсээ эв нэгдлийн үйлсээр дэмжихийг уриалж байна.
Би мөн Ромын ард түмэн болон эргэл мөргөлчид та бүхэндээ халуун дотноор мэндчилж байна. Мөн дэлхийн бусад хэсгээс ирсэн Оцнгойлон Писко, Куско, Лима хотоос ирсэн Перугийн сүсэгтнүүд, Зүүн бүсийн Шашны төлөөлөл Залбирал болон Материаллаг Тусламжийн өдрийг дурсан Польшаас ирсэн эргэл мөргөлчдид мөн Португалийн оюутнууд та бүхнийг халуун дотноор угтан мэндчилж байна.
Би Лентиай, Манербио, Санта Чезареа Терме, Черфиньяно, Роверкиара болон Роверкиареттагаас ирсэн сүмийн бүлгүүд, Маростика болон Пьянеццегийн хөвгүүд, охид, Каваион Веронезегийн батламж авагчид, Меццокоронагийн Ораториумын залуус, Болоньягийн тахилын ширээний үйлчлэгчийн бүлэг мөн Мадонна дель Гранато харилцан туслалцааны нийгэмлэгийн гишүүд та бүхэндээ халуун дотноор мэндчилж байна.
Ням гарагийг сайхан өнгөрүүлээрэй, Ивээл адислалаар дүүрэн Ирэлтийн цаг улирал байх болтугай.
