Хайх

2025.12.24 Santa Messa della Notte di Natale 2025.12.24 Santa Messa della Notte di Natale  (@Vatican Media)

Пап XIV Леогийн 12 сарын 24-нд хэлсэн номлол

Хүн төрөлхтөн бусдыг захирахын тулд "бурхан" болохыг эрмэлзэж байхад, Тэнгэрбурхан биднийг бүх төрлийн боолчлолоос чөлөөлөхийн тулд хүн болохыг сонгосон юм.

Эрхэм хүндэт ахан дүүс ээ,

Мянга мянган жилийн турш даян дэлхийн хүн төрөлхтөн тэнгэрийг нарийн шинжиж, чимээгүй орших оддод нэр, дүр төрх өгчээ. Доор орших гэр орондоо хүсэмжлэх үнэнийг дээрээс гараг эрхсийн дундаас хайж, уран төсөөлөлдөө ирээдүйг зөгнөн уншихыг хичээж ирсэн билээ. Гэвч харанхуйд тэмтчих мэт тэд өөрсдийн зөгнөлдөө төөрөлдөн төөрч хоцорсон юм. Харин энэ шөнө "Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу гэрлийг үзнэ. Гүн харанхуй нутагт суугчдын дээр гэрэл тусна." (Иэшаяа 9:2). 

Ертөнцийг гайхшруулж буй тэрхүү одыг харагтун. Энэ бол дөнгөж бадарсан, амьдралаар цалгисан оч юм: "Давидын хотод энэ өдөр та нарын төлөө Аврагч Эзэн Христ мэндэллээ" (Лук 2:11). Бидний оршин буй цаг хугацаа, орон зайн дунд Тэрхүү Нэгэн ирлээ. Тэр байхгүй байсан бол бид ч оршихгүй байх байсан. Бидний төлөө амиа зориулах Тэрээр бидэнтэй хамт амьдарч, түнэр шөнийг маань авралаар гийгүүлж байна. Энэхүү одны гэрэл тусахгүй харанхуй гэж үгүй бөгөөд түүний гэрлээр бүх хүн төрөлхтөн шинэ бөгөөд мөнхийн амьдралын эхлэлийг харж байна. 

Энэ бол Есүс Эммануэлийн мэндэлсэн өдөр юм. Тэнгэрбурхан "биднийг аливаа зөв бус явдлаас чөлөөлж, сайн үйлсийг хүсэн тэмүүлдэг хайртай нандин ард түмнээ болгон Өөртөө цэвэршүүлж авахын тулд" (Тит 2:14) ямар нэгэн зүйл өгөөгүй, харин Хүн болсон Хүүгээрээ дамжуулан Өөрөө өөрийгөө бидэнд өргөн барьсан юм. Шөнө мэндэлсэн Тэрээр биднийг шөнийн харанхуйгаас чөлөөлнө. Сайн цагийн дохиог одоо алс холын сансар огторгуйгаас хайх бус, харин ойролцоох малын саравчинд толгой бөхийн харах хэрэгтэй болжээ. 

Харанхуй ертөнцөд өгөгдсөн тодорхой тэмдэг нь үнэндээ "тэжээлийн тэвшинд хэвтэж байгаа өлгийтэй нялх хүүхэд" (Лук 2:12) юм. Аврагчийг олохын тулд дээшээ ширтэх бус, харин доош бишрэн харах хэрэгтэй болжээ. Тэнгэрбурханы төгс хүчит байдал нярай хүүхдийн хүчин мөхөс байдалд гэрэлтэж, мөнхийн Үгийн цэцэн цэлмэг байдал нялх хүүхдийн анхны уйлаанд цуурайтаж, Ариун Сүнсний гэгээн байдал дөнгөж угааж, өлгийдсөн тэрхүү жижигхэн биеэс гэрэлтэж байна. Эцэг Тэнгэрбурханы Хүү түүхэнд орж ирэн бүх ахан дүүсийнхээ нэгэн адил мэдэрсэн халамж, дулаан илчийн хэрэгцээ нь тэнгэрлэг зүйл болсон юм. Энэхүү нялх Хүүгээс цацрах тэнгэрлэг гэрэл нь бидэнд шинээр мэндэлж буй амьдрал бүрт хүний үнэ цэнийг олж харахад тусалдаг. 

Эзэн бидний сохор байдлыг гийгүүлэхдээ ертөнц бүтээгдсэн цагаас эхэлсэн хайрын төлөвлөгөөний дагуу, хүний жинхэнэ дүрээр хүн болж, хүнд Өөрийгөө илчилсэн. Төөрөгдлийн шөнө энэхүү үнэнийг харанхуйлж байгаа цагт "бусдад, хүүхдүүдэд, ядууст, харь хүмүүст ч орон зай олдохгүй" (Бенедикт XVI, 2012 оны 12 дугаар сарын 24-ний Христ мэндэлсэн баярын шөнийн мөргөлийн номлолоос). Пап Бенедикт XVI-ийн эдгээр үгс нь хэрэв хүнийг хүлээн авах орон зай байхгүй бол энэ дэлхий дээр Тэнгэрбурханд ч орон зай байхгүй гэдгийг сануулсаар байна. Нэгнийг нь үгүйсгэх нь нөгөөг нь үгүйсгэж буй хэрэг юм. Харин хүнийг хүлээн авах орон зай байгаа газар Тэнгэрбурханд ч орон зай бий. Тэр байтугай малын саравч ч сүмээс илүү ариун болж, Онгон Мариагийн хэвлий Шинэ Гэрээний Авдар болж чадна.

Эрхэм хүндэт ахан дүүс ээ, Христийн мэндэлсэн үйл явдлын мэргэн ухааныг биширье. Хүү Есүсээр дамжуулан Тэнгэрбурхан бүх хүнд Өөрийгөө зориулж дэлхийд шинэ эхлэлийг өгсөн. Энэ нь асуудал бүрийг шийдэх санаа бус, харин хүн бүрийг татан оролцуулсан хайрын түүх юм. Ард түмнүүдийн хүлээлтийн хариуд Тэрээр найдварын үг болгож нялх хүүхдийг илгээв. Ядуусын зовлон зүдгүүрийн өмнө дахин босох хүч болгон өөрийгөө хамгаалах чадваргүй нэгнийг илгээв. Хүчирхийлэл, дарлалын өмнө энэ дэлхийн бүх хүүхдүүдийг авралаар гийгүүлэх зөөлөн гэрлийг асаав. Гэгээн Августины тэмдэглэснээр "чамайг хүндээр дарж байсан хүний бардам зангаас зөвхөн бурханлаг даруу зан л дахин босгож чадна" (Гэгээн Августин, Номлол 188, III, 3). Гажуудсан эдийн засаг биднийг хүн төрөлхтнийг ердийн нэг бараа таваар мэт үзэхэд хүргэж байхад, Тэнгэрбурхан бидэнтэй адил болж, хүн бүрийн хязгааргүй үнэ цэнийг илчилж байна. Хүн төрөлхтөн бусдыг захирахын тулд "бурхан" болохыг эрмэлзэж байхад, Тэнгэрбурхан биднийг бүх төрлийн боолчлолоос чөлөөлөхийн тулд хүн болохыг сонгосон юм. Энэ хайр бидний түүхийг өөрчлөхөд хангалттай уу? 

Хариулт нь бид хоньчдын адил үхлийн шөнөөс сэрж, шинэ амьдралын гэрэлд Хүү Есүсийг ширтэх үед ирнэ. Мариа, Иосеф хоёр гайхан биширсэн зүрх сэтгэлээр нярай Хүүг харж буй Бетлехемийн малын саравчны дээрх одод дүүрэн тэнгэр "түг түмэн тэнгэр элч" (Лук 2:13) болон хувирсан. Тэд бол зэвсэггүй, зэвсэггүй болгогч түг түмэн бөгөөд Тэнгэрбурханы алдар сууг дуулж, дэлхий дээрх амар амгаланг тунхаглаж байна (эш. 14). Үнэхээр ч Христийн зүрхэнд тэнгэр газар, Бүтээгч болон бүтээгдсэн зүйлсийг нэгтгэдэг хайрын хэлхээ холбоо цохилж байдаг. 

Тийм ч учраас яг нэг жилийн өмнө Пап Францис хэлэхдээ Есүсийн мэндэлсэн баяр бидний дотор "найдвар тасарсан газарт найдвар авчрах бэлэг ба даалгаврыг" дахин бадраадаг, учир нь "Есүстэй хамт баяр баясгалан цэцэглэж, Есүстэй хамт амьдрал өөрчлөгдөж, Есүстэй хамт найдвар хэзээ ч гонсойлгодоггүй" гэжээ (2024 оны 12 дугаар сарын 24-ний Христ мэндэлсний баярын шөнийн мөргөлийн номлолоос). Эдгээр үгсээр Жүбили жил (Jubilee) эхэлсэн юм. Одоо Жүбили жил өндөрлөх дөхөж байгаа энэ үед Христ мэндэлсний баяр нь бидний хувьд талархал ба илгээлтийн цаг болж байна. Хүлээн авсан бэлэгтээ талархах, мөн дэлхий дахинд үүнийг гэрчлэх илгээлт юм. Дуулалчийн дуулсанчлан "Авралын мэдээг нь өдрөөс өдөрт тунхаглаж алдар сүрийг нь улс үндэстэнд зарлагтун! АРд түмэн бүрт гайхамшгуудыг нь яригтун! " (Дуулал 96:2–3).

Ахан дүүс ээ, махбод болсон Үгийг ширтэн тунгаах нь Сүм даяар шинээр мэдэрсэн, чин сэтгэлийн бодит тунхаглалыг сэрээдэг. Тиймээс итгэл, хайр, найдварын баяр болох Христ мэндэлсний баярын баясгаланг зарлан тунхаглацгаая. Энэ бол итгэлийн баяр, учир нь Тэнгэрбурхан хүн болж, онгон бүсгүйгээс мэндэлсэн. Энэ бол хайр энэрлийн баяр, учир нь Аврагч Хүүгийн бэлэг нь ахан дүүсийн хайраар биеллээ олдог. Энэ бол найдварын баяр, учир нь Хүү Есүс бидний дотор найдварыг бадрааж, биднийг энхийн элч болгодог. Зүрх сэтгэлдээ эдгээр эрдмүүдийг тээж, шөнийн харанхуйгаас айхгүйгээр бид шинэ өдрийн үүртэй золгохоор урагшилж чадна. 

 

24 Арван хоёрдугаар сар 2025, 15:41