Хайх

Күүкийн бодлого
Vatican News портал нь вебсайтын ашиглалтыг хөнгөвчлөх, үйлчилгээний ашиглалтыг баталгаажуулахын тулд техникийн эсвэл ижил төстэй күүкийг ашигладаг. Мөн гуравдагч этгээдийн техникийн болон шинжилгээний күүкийг ашиглаж байж болно. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. Энэ баннерыг хааснаар та күүкийг ашиглахыг зөвшөөрч байна.
БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА

Гэгээн Петрийн талбай 2024 оны 11 сарын 10, Ням гараг

Гэгээн Петрийн талбай

2024 оны 11 сарын 10, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!

Өнөөдрийн литургийн Сайн мэдээний айлдал (Марк 12:38-44) Иерусалимын сүмд зарим хуулийн багш нарын хоёр нүүртэй хандлагыг хүмүүсийн өмнө буруушаасан Есүсийн тухай өгүүллээ (эшлэл 38-40).

Израилын нийгэмд хуулийн багш нар Судрыг уншиж, хуулан бичиж, тайлбарлах чухал үүргийг гүйцэтгэдэг байв. Тиймээс ард түмэн тэднийг ихэд хүндэлдэг байлаа.

Гэвч гаднах үзэмжээс цаашлан үзвэл тэдний үйлдлүүд сургаж байгаа зүйлсээс нь зөрөх тохиолдол олон байв. Тэдний үгс хийж буй үйлдлүүдтэй нь таарахгүй байсан. Зарим хуулийн багш өөрсдөд нь өгөгдсөн нэр хүнд, эрх мэдэлд бардан бусдыг "дээрээс" харж байлаа. Өөр хүнийг дээрээс харна гэдэг их муухай хэрэг. Хуулийн багш нар нэр хүндтэй, хууль ёсыг баримталдаг хүмүүс мэт дүр үзүүлэх атлаа бусдад ихэрхэж, өөрсдөдөө давуу эрх олгон сул дорой хүмүүс, бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж байжээ (эшлэл 40). Тэд өөрсдийн үүрэгт ажлаа ашиглан бусдад үйлчлэхийн оронд бардам зан, заль мэхийн хэрэгсэл болгосон. Тэдний хувьд залбирал хүртэл Эзэнтэй учрах мөч байхаа больж, харин хүмүүсийн анхаарлыг татан, тэдний сайшаал хүндэтгэлийг олж авахад тустай хэрэгсэл болох эрсдэлд оржээ. Тэд удаан залбирч буй дүр үзүүлдэг байсан (эшлэл 40). Татвар хураагч болон фарисайн залбирлын талаар Есүс юу хэлснийг санацгаая (Лук 18:9-14).

Бүх хуулийн багш тийм биш байсан ч олонх нь шударга бус аашилцгааж байв. Бусдыг, ялангуяа хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг араар нь ашиглах нь хэвийн үзэгдэл болсон нийгэм, шашны тогтолцоог тэд өөгшүүлж, өөрсдөө шийтгэл хүлээлгүй шударга бус үйлдлүүдийг хийж байсан.

Есүс тэдгээр хүмүүсээс хол байж, “сэрэмжлэхийг” (эшлэл 38) анхааруулсан. Үнэн хэрэгтээ, Тэр Өөрийн үг болон үлгэр жишээгээр огт өөр эрх мэдлийг заасан билээ. Тэр өөрийгөө золиослон бусдад даруугаар үйлчлэх нь эрх мэдэл хэмээсэн (Марк 10:42-45). Ялангуяа Тэр хамгийн тусламж хэрэгтэй хүмүүст (Лук 10:25-37) эцэг эхийн өр зөөлөн сэтгэлээр ханд гэж сургасан. (Лук 11:11-13) Эрх мэдэл бүхий хүмүүс бусдыг дээрээс харж, доромжлох бус харин өөд нь татаж, найдвар, туслалцааг үзүүлэх хэрэгтэй хэмээн Есүс уриалсан юм.

Ахан дүүс ээ, өөрсдөөсөө дараах асуултыг асууцгаая. Өөрийн хариуцсан ажлын хүрээнд би хэрхэн биеэ авч явж байна вэ? Даруу зан гаргаж байна уу, эсвэл албан тушаалаа гайхуулж байна уу? Би хүмүүст өгөөмөр, хүндэтгэлтэй ханддаг уу, эсвэл бүдүүлэг, захирангуй ханддаг уу? Бас хамгийн эмзэг бүлгийн ахан дүүстэйгээ ойр байж тэднийг өөд татахын тулд өөрөө бөхийж чаддаг билүү?

Хоёр нүүр гаргах бол уруу таталт юм. Цэвэр Охин Мариа биднийг хоёр нүүр гаргахын уруу таталттай тэмцэж, энгийн бөгөөд эелдгээр сайныг үйлдэхэд бидэнд туслах болтугай.

Дараах үг

Эрхэм ахан дүүс ээ,

Загалмайн гэлэнмаа нарын бүлгэмийг үүсгэн байгуулагч Дон Жузеппе Торрес Падилла өчигдөр Севиль хотод Төгс Жаргалт хэмээн өргөмжлөгдсөн. Тэрээр 19 дүгээр зуунд Испанид амьдарч байсан бөгөөд тусламж хэрэгтэй хүмүүст асар их энэрэл хайрыг үзүүлсэн санваартан, сүнслэг удирдаач байв. Түүний үлгэр жишээ санваартнуудын үйлчлэлд тус дэм болох болтугай. Шинэхэн Төгс Жаргалтад зориулан алга ташицгаая!

Гурван жилийн өмнө Laudato si' Action Platform ажиллаж эхэлсэн. Энэ санаачилгыг дэмжин ажиллаж буй хүмүүст талархал илэрхийлье. Үүнтэй холбогдуулан маргааш Баку хотноо эхлэх COP29 Уур амьсгалын өөрчлөлтийн хурал нь бидний гэр болсон дэлхийг хамгаалахад үр дүнтэй хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.

Галт уулын дэлбэрэлтэд өртсөн Индонезийн Флорес арлын хүмүүс миний сэтгэлд ойр байна. Хохирогчид, тэдний төрөл төрөгсөд болон орон гэрээ алдсан хүмүүсийн төлөө би залбирч байгаа. Үерийн үр дагаврыг мэдэрч буй Валенсиа хотынхон болон Испанийн бусад хэсгийн оршин суугчдыг би мартаагүй гэдгээ дахин батлан хэлье. Энд ирсэн та бүхнээс би асуулт асууя. Та Валенсиа хотын төлөө залбирсан уу? Та тэр хотынхонд тус дэм үзүүлэх тухай бодсон уу? Энэ зүгээр л асуулт юм шүү.

Мозамбик улсаас ирсэн мэдээ сэтгэл түгшээж байна. Тэвчээртэйгээр харилцан ярианд оролцож шударга шийдлийн төлөө уйгагүй эрэл хайгуул хийхийг би хүн бүрд уриалж байна. Одоогийн нөхцөл байдал нь ардчилал, шударга ёс, энх тайвны замд итгэх итгэлийг нь бүү алдуулаасай хэмээн Мозамбик улсын ард түмний төлөө залбирцгаая.

Эмнэлэг болон бусад иргэдэд зориулсан барилга байгууламжууд нь хүртэл цохилтод өртөөд буй Украйн улсын төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Мөн Палестин, Израил, Ливан, Мьянмар, Судан улсуудын төлөө залбирцгаая. Дэлхий даяар энх тайван тогтохын төлөө залбирцгаая.

Өнөөдөр Италийн сүмүүд Талархлын өдрийг тэмдэглэж байна. Би газар тариалангийн салбарынханд талархал илэрхийлэхийн сацуу үржил шимийг нь хойч үедээ үлдээх байдлаар газар тариалан эрхлэхийг уриалж байна.

Ром хотын иргэд болон энд ирсэн мөргөлчид, мөн Иммаколата бүлгэмийн залуус та бүхэнд халуун дотноор мэндчилье. Ялангуяа Казахстан, Москва, Нью-Йорк, Корсикийн Бастиа, Португалийн Бежа, Алгарве, Варшав, Люблин болон Польшийн бусад хэсгээс ирсэн сүсэгтэн олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Олон улсын Боловсролын Холбоог сурталчлахаар ирсэн хорооныхон, Католик их сургуулиудын төлөөлөгч нарт мэндчилгээ дэвшүүлье. Мөн бататгал сакрамент хүртэхээр хүлээж буй Эмполигийн итгэгч нар, Итали улсын тээвэр, материал хариуцсан ажилтнууд болон хүнсний хангамжийн сайн дурынханд энэ өдрийн мэндийг хүргэе.

Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

10 Арван нэгдүгээр сар 2024, 00:00

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >
Prev
March 2025
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Next
April 2025
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930