Хайх

Күүкийн бодлого
Vatican News портал нь вебсайтын ашиглалтыг хөнгөвчлөх, үйлчилгээний ашиглалтыг баталгаажуулахын тулд техникийн эсвэл ижил төстэй күүкийг ашигладаг. Мөн гуравдагч этгээдийн техникийн болон шинжилгээний күүкийг ашиглаж байж болно. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. Энэ баннерыг хааснаар та күүкийг ашиглахыг зөвшөөрч байна.
БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 11 сарын 24, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!

Өнөөдрийн литургийн Сайн мэдээний айлдал (Иохан 18:33-37) Понти Пилатын өмнө зогсож буй Есүсийн талаар өгүүллээ. Түүнд үхлийн ял оноолгохоор Ромын амбан захирагчид хүлээлгэн өгсөн байв. Гэсэн хэдий ч Есүс болон Пилат хоёрын хооронд богино яриа өрнөнө. Пилатын асуултууд болон Эзэний хариултуудыг үзвэл хоёр үгс онцгой шинэ утгатай болсон байна. Эдгээр нь “хаан” болон “ертөнц” гэсэн үгс юм.

Эхлээд Пилат Есүсээс: “Та иудейчүүдийн Хаан мөн үү?” (Иохан 18:33) гэж асуусан. Тэрээр Ромын эзэнт гүрний албат байсан тул өөрийнх нь өмнө зогсож буй хүн эзэнт гүрэнд аюул занал учруулж болох эсэхийг ойлгохыг хүсжээ. Түүний хувьд хаан гэдэг бүх харьяатаа захирдаг эрх мэдэлтэн байлаа. Хэрэв Есүс тийм хаан байсан бол, Пилатын эрх мэдэлд заналхийлэх нь ойлгомжтой. Есүс өөрийгөө хаан гэж баталсан ч, тэр нь огт өөр зүйлийг илэрхийлж байв! Есүс гэрч болохынхоо хэрээр хаан байлаа. Есүс бол үнэнийг гэрчилдэг Нэгэн (Иохан 18:37). Махбод болсон Үг - Есүс хааны хүч Түүний үнэн үг, ертөнцийг өөрчлөх хүчтэй үгэнд оршдог.

Ертөнц гэх хоёр дахь үгийг авч үзье. Понти Пилатын “ертөнц” бол хүчтэй нь сул доройгоо, баян нь ядуугаа, хүчирхийлэгч нь дөлгөөн нэгнээ давамгайлдаг ертөнц байлаа. Харамсалтай нь бид ч энэ ертөнцийг маш сайн мэднэ. Есүс Хаан мөн боловч Түүний хаанчлал Пилатын, эсвэл энэ ертөнцийнх биш (Иохан 18:36). Есүсийн ертөнц нь шинэ, мөнхийн ертөнц бөгөөд Тэнгэрбурхан бидний авралын төлөө Өөрийн амийг зориулан хүн бүхэнд зориулан бэлдсэн ертөнц юм. Христ хишиг ивээл ба үнэнээрээ (Иохан 1:17) тэнгэрийн хаанчлалыг энэ дэлхийд авчирдаг. Хорон муугаар сүйдсэн бүтээлийг Тэнгэрбурханы хайрын хүчээр аварсан нь Есүсийн хаанчилдаг ертөнц. Есүс чөлөөлж, өршөөж, амар амгалан, шударга ёсыг авчирснаараа бүтээлийг аварсан. “Энэ үнэн гэж үү, Эцэг минь?”—“Тийм ээ.” Таны сүнс ямархан байдалтай байгааг тунгаан бодоорой. Таны сүнсийг юу дарамталж байна вэ? Хуучин гэм нүгэл үү? Хэрэв тийм бол, Есүс үргэлж өршөөдөг гэдгийг санаарай. Энэ л Есүсийн хаанчлал. Таны дотор муухай зүйл байгаа бол өршөөл хүсээрэй. Есүс үргэлж уучилж өршөөдөг.

Ахан дүүс ээ, Есүс Пилаттай ойроос ярьсан ч Пилат өөр ертөнцийнх байсан тул Түүнээс хол хэвээр үлдсэн билээ. Пилат нүднийх нь өмнө зогсох үнэнд өөрийгөө нээж, түүнийг хүлээж авсангүй. Тэр Есүсийг цовдлуулахыг зөвшөөрч, загалмай дээр нь “Иудейчүүдийн хаан” (Иохан 19:19) гэж бичихийг тушаасан. Гэвч Пилат энэ үгийн утгыг ойлгоогүй юм. Христ энэ ертөнцөд, бидний ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Түүний дууг сонсдог (Иохан 18:37). Түүний дуу бол биднийг аврагч, орчлон ертөнцийн Хааны дуу юм.

Ахан дүүс ээ, Эзэний дууг сонсох нь бидний зүрх болон амьдралд гэрэл авчирдаг. Тиймээс өөрсдөөсөө асуугаарай—хүн бүр өөрийн зүрхнээс асуугаарай: Би Есүсийг өөрийн “хаан” гэж хэлж чадах уу? Эсвэл миний зүрхэнд өөр “хаад” байна уу? Түүний Үг миний чиглүүлэгч, миний итгэл мөн үү? Үргэлж өршөөдөг, үргэлж өршөөлөөр хүлээж байдаг нигүүлсэнгүй Тэнгэрбурханы дүр төрхийг би Түүнээс олж харж байна уу?

Тэнгэрбурханы хаанчлалыг найдвар тавин хүлээх зуураа бүгдээрээ Түүний шивэгчин Мариад хандан залбирцгаая.

Дараах үг

Эрхэм ахан дүүс ээ,

Дэлхийн Залуучуудын Өдрийг тэмдэглэхэд ашиглагдах Загалмайг өнөөдөр хоёр Солонгос залуу авч явж байна. Дэлхийн Залуучуудын Өдөр Сөүл хотод болох бөгөөд тэд бэлтгэл ажлыг хангахын тулд Загалмайг эх орон руугаа авч явна. Солонгосчуудад зориулан алга ташицгаая! Мөн Загалмайг буцаан өгсөн Португалийн залууст зориулан алга ташицгаая.

Өчигдөр Барселон хотод санваартан Кайетано Клауселлас Балвэ болон эгэл сүсэгтэн Антонио Торт Рейшач нарыг Төгс Жаргалт хэмээн өргөмжиллөө. Тэднийг итгэл бишрэлийнх нь төлөө 1936 онд Испанид хороосон юм. Христ болон Сайн мэдээний эдгээр гайхалтай гэрчүүдийн төлөө Тэнгэрбурханд талархал өргөцгөөе. Шинэхэн Төгс Жаргалт цолтнуудад зориулан алга ташицгаая!

Өнөөдөр тодорхой сүмүүдэд 39 дэх удаагийн Дэлхийн Залуучуудын Өдрийг тэмдэглэж байна. Энэ жилийн сэдэв нь: “Эзэнд найдагчид алхсан ч эс цуцна” (Исаиа 40:31). Эзэнд найдахгүй бол залуучууд ч ядарч цуцдаг билээ!  Бэлтгэлийн "бамбар"-ыг дамжуулж, 2027 онд Сөүлд болох арга хэмжээг эхлүүлэхээр ирсэн Португал болон Өмнөд Солонгосоос ирсэн залуусын төлөөлөлд мэнд хүргэе. Тэдэнд зориулан алга ташицгаая.

Өмнө нь зарласанчлан, ирэх 4 сарын 27-нд, Өсвөр насныхны Ойн баярын үеэр би Төгс Жаргалт Карло Акүтисыг Гэгээнтнээр тунхаглана. Мөн Төгс Жаргалт Пьер Жоржио Фрассатигийн баримт бичгийг судлах үйл явц амжилттай дуусах гэж байгааг Гэгээнтнүүдийн Хэрэг эрхлэх газраас мэдээлсэн тул ирэх 8 сарын 3-нд, Залуучуудын Ойн Баярын үеэр Түүнийг Гэгээнтнээр өргөмжлөх төлөвлөгөөтэй байна. Удахгүй өргөмжлөгдөх Гэгээнтнүүдэд зориулан алга ташицгаая!

Маргааш Мьянмар улс Үндэсний Баярын Өдрөө тэмдэглэнэ. Энэ өдөр тус улсын тусгаар тогтнолын замыг эхлүүлсэн анхны оюутны эсэргүүцлийн жагсаалыг дурсана. Мьянмар улс өнөөг хүртэл энх тайван, ардчилсан цаг үеийг бий болгохын төлөө тэмцсээр байна. Мьянмарын ард иргэд, ялангуяа мөргөлдөөнөөс болж зовж буй хүмүүс, тэр дундаа хүүхдүүд, өндөр настнууд, өвчтөнүүд болон бүх дүрвэгсэд миний сэтгэлд ойр байгааг би илэрхийлмээр байна. Бүх зэвсгийн дууг зогсоож, тогтвортой энх тайвныг хангах жинхэнэ, хүртээмжтэй яриа хэлэлцээг эхлүүлэхийг холбогдох талуудад хандан уриалж байна.

Ром хотын сүсэгтнүүд болон энд ирсэн мөргөлчид та бүхэнд халуун дотно мэндчилгээ дэвшүүлье. Ялангуяа Мальта, Израил, Словени, Испани улсууд, Мостар-Дувно, Требине-Мрканы шашны хүрээнүүд болон Фоссановагийн нутгаас ирсэн сүсэгтэн олонд энэ өдрийн мэндийг хүргэе.

Украйны тарчилж буй ард түмний төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Мөн Палестин, Израил, Ливан, Мьянмар, Судан улсуудын төлөө залбирцгаая. Энх тайвныг гуйн залбирцгаая.

Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

24 Арван нэгдүгээр сар 2024, 15:21

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >
Prev
March 2025
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Next
April 2025
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930