Хайх

Күүкийн бодлого
Vatican News портал нь вебсайтын ашиглалтыг хөнгөвчлөх, үйлчилгээний ашиглалтыг баталгаажуулахын тулд техникийн эсвэл ижил төстэй күүкийг ашигладаг. Мөн гуравдагч этгээдийн техникийн болон шинжилгээний күүкийг ашиглаж байж болно. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. Энэ баннерыг хааснаар та күүкийг ашиглахыг зөвшөөрч байна.
БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА
Vatican Pope Vatican Pope  (ANSA)

НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 10 сарын 30, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 11. “Тэр биднийг тосолж, тамгалсан”. Ариун Сүнсний үндсэн ёслол болох Бататгал сакрамент

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Өнөөдөр бид Ариун Сүнсний оршихуй, үйл хэрэг Сүмийн амьдралд хэрхэн илэрдэг тухай, ялангуяа Сакраментуудаар дамжин хэрхэн илэрдгийг үргэлжлүүлэн эргэцүүлэх болно.

Ариун Сүнсний ариусгах үйл бидэнд голчлон Тэнгэрбурханы Үг болон Үндсэн ёслолуудаар хүрдэг. Бүх Сакрамент дундаас Ариун Сүнсний сакрамент хэмээн нэрлэж болох нэг үндсэн ёслол бий. Тэр нь өнөөдөр онцлон авч үзэх Бататгал Сакрамент юм.

Шинэ Гэрээнд усаар баптисм хүртээхээс гадна өөр нэг зан үйл болох гар тавьж залбирах ёслол дурдагддаг. Энэ нь Пентекостын өдөр элч нар хүмүүсийн төлөө залбирсантай адилаар Ариун Сүнсийг харагдахуйц бөгөөд онцгой аргаар дамжуулах зорилготой. Үүнийг нотлох нэгэн үйл явдлыг “Элч нарын Үйлс” номд тэмдэглэсэн байдаг. Самарид зарим хүн Тэнгэрбурханы Үгийг хүлээн авсан тухай сонссон элч нар тэдэнд Ариун Сүнсийг авхуулахын төлөө Петр, Иохан хоёрыг илгээжээ. “Учир нь тэдний хэнд ч Ариун Сүнс хараахан буугаагүй байсан бөгөөд тэд Эзэн Есүсийн нэрээр зөвхөн баптисм хүртсэн байжээ. Тэгээд тэр хоёр тэдэн дээр гараа тавихад тэд Ариун Сүнсийг хүлээн авч байлаа” (Үйлс 8:14-17).

Гэгээн Паул Коринтчуудад бичсэн хоёр дахь захидалдаа ингэж өгүүлсэн байдаг: “Христ дотор биднийг та нартай хамт бататгаж тосолсон нь Тэнгэрбурхан мөн. Тэр биднийг бас тамгалсан ба зүрхэнд маань Ариун Сүнсийг барьцаа болгон өгсөн” (2 Коринт 1:21-22). “Ариун Сүнсийг барьцаа болгон өгсөн”. Есүс “Хааны тамга” болох Ариун Сүнсээр хоньдоо тамгалдаг хэмээх ойлголт нь энэхүү Сакраментаар арилгаж болшгүй тамгаар (indelible character) тамгалагддаг гэсэн сургаалын үндэс болсон юм.

Цаг хугацааны явцад тослох зан үйл нь бие даасан Сакрамент болж, Сүмийн өөр өөр уламжлал, ёслолын хэлбэрүүдэд өөр өөрөөр хөгжсөн. Түүний нарийн төвөгтэй түүхийг энд дэлгэрэнгүй авч үзэх шаардлагагүй. Италийн хамба нарын хуралдааны баталсан Насанд Хүрэгчдийн шашны сургалтын агуулгад Бататгал Сакраментын мөн чанарыг хамгийн энгийн, тодорхой байдлаар тайлбарласан байдаг: “Бататгал Сакраментын үеэр итгэгч нарт яг Пентекостын өдөр Сүмд тохиосонтой адил үйл явдал тохиодог... Энэ нь тухайн хүнийг Христ болон Сүмийн нэг хэсэг болгож, зөнч, хаан, санваартны үйл хэрэгт зориулагдан адислагдсаныг бататгадаг бөгөөд Ариун Сүнсний арвин бэлгүүдийг хүртээдэг. ... Баптисм нь төрөлтийн үндсэн ёслол бол, Бататгал нь өсөлтийн үндсэн ёслол билээ. Энэ нь Христэд итгэгчийн төлөвших үйл явцтай нягт холбоотой учир, итгэлийн гэрчлэлийн үндсэн ёслол мөн.”

Гэвч Бататгалын Сакрамент Сүмээс холдох ёслол болон хувирах аюултай. Ихэнх залуус Бататгал хүртсэнийхээ дараа Сүмээс хөндийрч, зөвхөн гэрлэхдээ л эргэн ирдэг гэх нь бий. Харин бид энэ Сакрамент нь Сүмийн амьдралд идэвхтэй оролцохын эхлэл болох ёстойг бататгах хэрэгтэй. Сүмийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд үүнийг хэрэгжүүлэх боломжгүй мэт санагдаж болох ч бид шантрах учиргүй. Бүх хүн Бататгал хүртсэнийхээ дараа Сүмийн үйлсэд идэвхтэй оролцохгүй байж болох ч дор хаяж зарим нь цаашид идэвхтэй оролцох болно.

Үүний тулд үнэхээр Христтэй учирч, Ариун Сүнсийг биеэрээ мэдэрсэн эгэл сүсэгтнүүдийн тусламжтайгаар Бататгал хүртэхээр бэлтгэж буй залуусыг чиглүүлэх нь үр дүнтэй байж болно. Багадаа Бататгал Сакрамент хүртсэн хүмүүс ч ийм бэлтгэл сүнслэг ахуйн хөгжлийг авчирсан гэлцэх нь бий.

Гэвч энэ нь зөвхөн Бататгал хүртэх гэж буй хүмүүст хамааралтай зүйл биш. Энэ нь аль ч цаг үед бид бүгдэд хамаатай. Учир нь Бататгал болон тосолгоог хүртэхдээ бид “Ариун Сүнсний барьцаа” гэж Гэгээн Паулын хэлсэн Сүнсний “анхны үр жимсийг” (Ром 8:23) хүлээн авдаг. Бид энэхүү барьцааг “үр ашигтай зарцуулж”, бидэнд өгөгдсөн бэлгүүдийг булшилж орхихгүй байх ёстой.

Гэгээн Паул өөрийн шавь Тимотод хандан: “миний гар тавигдсанаар би чамд буй Тэнгэрбурханы бэлгийг сэргээхийг чамд сануулъя” (2 Тим 1:6) хэмээсэн байдаг. Паулын ашигласан үйл үгийг уншихад дөлийг үлээн галыг дахин өрдөж буй дүрслэл санаанд буудаг нь сонирхолтой. Хуучин дадал зуршил, идэвхгүй байдлын үнсийг үлээгээд, Олимпын галт бамбарыг дамжуулагч нарын адил Ариун Сүнсний дөлийг тээгч болох нь бидний Эвэр бүрээдэлтийн (Жүбили) жилийн зорилго ч болж болох юм. Үүний дагуу урагшлахад Ариун Сүнс бидэнд туслах болтугай!

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр энд ирсэн англи хэлтэй мөргөлчид, зочид, ялангуяа Англи, Австрали, Өмнөд Солонгос, Шри Ланка, АНУ, Канад улсаас ирсэн хүмүүстэй халуун дотноор мэндчилье. Та бүхэн болон гэр бүлийнхэнд тань Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг хүсэн залбиръя. Тэнгэрбурхан та бүгдийг ивээг!

Эцэст нь, миний бодол залуус, өвчтөнүүд, өндөр настнууд болон шинэхэн гэрлэсэн хосууд руу чиглэж байна. Бид одоо Бүх Гэгээнтнүүдийн баярт ойртож байна. Амьдралын замыг түрүүлж туулаад одоо тэнгэрлэг алдрыг хүртсэн ахан дүүс маань Эцэгийн тааллаар бидэнтэй хамт байж, биднийг ирээдүйн зорилгодоо хүрэхэд маань туслахыг хүсэж байдгийг Сүмийн литургийн жилийн нэг хэсэг болсон тэрхүү өдөр бидэнд сануулдаг билээ.

Бүгдээрээ энх тайвны төлөө залбирцгаая. Дайны гамшиг улам бүр нэмэгдсээр байна! Ихээхэн зовж буй Украин, Палестин, Израил, Мьянмар, Умард Киву болон дайны хөлд нэрвэгдсэн бусад олон улсыг санаж энхийн төлөө залбирцгаая! Энх тайван бол Ариун Сүнсний бэлэг. Дайн үргэлж ялагдал байдаг, дайнд хэн ч ялдаггүй харин бүгд хохирдог. Ахан дүүс ээ, энхийн төлөө залбирцгаая. Өчигдөр 150 гэм зэмгүй хүн буудуулсан тухай би сонссон. Ийм явдалд хүүхдүүд, гэр бүлүүд л хамгийн түрүүнд хохирдог. Энхийн төлөө залбирцгаая.

Та бүхэнд би адислал хүртээе!

 

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ. Сүмийн амьдрал дахь Ариун Сүнсний үйлсийн тухай номлолоо үргэлжлүүлэн, Бататгал сакраментаар хүртдэг Ариун Сүнсний бэлгийг өнөөдөр авч үзэцгээе. Энэхүү сакраментын хүрээнд гар тавьж залбирах үйлдлээр бид Ариун Сүнсний арилшгүй тамгыг хүлээн авдаг. Ингэснээр бид Христийн жинхэнэ гэрч болохынхоо хувьд итгэл бишрэлээ дэлгэрүүлэн хамгаалах зоригтой болдог. Бататгал нь Баптисмын үед бидэнд хүртээсэн Ариун Сүнсний амийг нэмэгдүүлэн бэхжүүлж, Сүмийн ажил үйлсэд идэвхтэй оролцох урам зоригийг төрүүлдэг. Ариун Сүнс энэхүү сакраментыг хүртэж буй залуусыг Эзэнтэй биечлэн учрах учралд хөтөлж, ирээдүйд Сайн мэдээг түгээх үйлсэд улам идэвхийлэн зүтгэхэд чиглүүлэх болтугай хэмээн залбирцгаая.

30 Аравдугаар сар 2024, 14:33

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >
Prev
April 2025
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Next
May 2025
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031