Хайх

Күүкийн бодлого
Vatican News портал нь вебсайтын ашиглалтыг хөнгөвчлөх, үйлчилгээний ашиглалтыг баталгаажуулахын тулд техникийн эсвэл ижил төстэй күүкийг ашигладаг. Мөн гуравдагч этгээдийн техникийн болон шинжилгээний күүкийг ашиглаж байж болно. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. Энэ баннерыг хааснаар та күүкийг ашиглахыг зөвшөөрч байна.
БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА
Il Papa, la Palestina sta soffrendo attacchi inumani Il Papa, la Palestina sta soffrendo attacchi inumani  (ANSA)

НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 10 сарын 23, Лхагва гараг

general audience

 

Католик шашны цуврал хичээл. Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 10. “Тэнгэрбурханы бэлэг, Ариун Сүнс”. Ариун Сүнс болон гэрлэлтийн үндсэн ёслол

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Хамгийн сүүлд бид Итгэл бишрэлийн өчигт Ариун Сүнсний талаар юу тунхагласныг тайлбарласан билээ. Гэхдээ бидний шашны эргэцүүлэл түүгээр дуусахгүй. Өрнө Дорнын уламжлалын аль алинд агуу санваартнууд болон эрдэмтэд Түүний талаар эргэцүүлсээр ирсэн. Өнөөдөр Латин уламжлалд хөгжсөн Ариун Сүнсний сургаалаас зарим онцлох санааг авч үзэн, тэдгээрээр дамжуулан Христэд итгэгчийн амьдралыг, тэр дундаа гэрлэлт сакраментыг ойлгохыг бид хичээх болно.

Энэхүү сургаалын гол үндэслэгч нь Гэгээн Августин бөгөөд тэрээр Ариун Сүнсний талаар гүнзгий номлол боловсруулжээ. Түүний номлол “Тэнгэрбурхан бол хайр” (1 Иохан 4:8) хэмээх илчлэлтээс эхэлдэг. Хайр гэдгээр хайрлагч, хайрлагдагч болон тэднийг нэгтгэх хайрыг ойлгож буй. Ариун Гурвалын хувьд Эцэг бол хайрлагч, бүх зүйлийн эх сурвалж, үүсэл мөн. Харин Хүү хайрлагдагч бөгөөд Ариун Сүнс тэднийг нэгтгэдэг хайр билээ. Тиймээс Христэд итгэгчдийн Тэнгэрбурхан "ганц" Тэнгэрбурхан боловч Тэрээр ганцаардмал биш юм. Тэр бол нэгдэл, хайрын нийлбэр. Үүний дагуу Ариун Сүнсийг “гуравдугаар биеийн ганц тоогоор” бус, харин “нэгдүгээр биеийн олон тоогоор” төлөөлүүлэх нь зүйтэй гэж зарим хүн үздэг. Өөрөөр хэлбэл, Тэр бол Эцэг, Хүү хоёрын нийлбэр болох “бид” буюу хоёр бодгалийн хоорондох нэгдлийн холбоос аж. Мөн Ариун Сүнс бол олон хүнээс бүрдсэн “ганц” бие бүхий Сүмийг нэгтгэдэг зарчим мөн.

Ариун Сүнс гэр бүлийн тухай юу өгүүлдгийг би өнөөдөр  та бүхэнтэй хамт эргэцүүлэхийг хүсэж байна. Ариун Сүнс гэрлэлттэй ямар холбоотой вэ? Маш ихээр! Магадгүй Тэр гэрлэлтэд хамгийн чухал үүрэгтэй ч байж мэднэ. Яагаад гэдгийг тайлбарлая. Христэд итгэгч нарын гэрлэлт гэдэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн өөрийн биеэ нөгөө хүндээ бэлэглэж буйг илэрхийлсэн үндсэн ёслол. Бүтээгч хүн төрөлхтнийг Өөрийнхөө дүр төрхөөр бүтээхдээ (Эхлэл 1:27), эр эмээр нь бүтээсэн. Энэ нь Ариун Гурвалын хайрын нэгдлийн анхны бөгөөд хамгийн энгийн илрэл болсон юм.

Гэрлэсэн хос нэгдүгээр биеийн олон тоо буюу “бид” гэсэн нэгдлийг бий болгох ёстой. Эхнэр нөхөр хоёр бие биетэйгээ “би” болон “чи” хэмээн харилцах авч, бусдын өмнө, тэр дундаа хүүхдүүдийнхээ өмнө “бид” байх ёстой. Хүүхдүүддээ хандан “Эцэг бид хоёр чинь…” гэж хүүхдүүдтэйгээ ярих эх хүний үгийг сонсоход сайхан шүү дээ! 12 настай Есүс сүмийн багш нарт зааж сургаж байх үед Түүнийг олсон Мариа “Эцэг бид хоёр чинь…” хэмээсэн байдаг (Лук 2:48). “Эх бид хоёр чинь…” гэж хэлэх эцгийн үг ч гэр бүлийн нэгдлийг харуулдаг. Хүүхдүүд эцэг, эхийнхээ нэгдэл дотор амьдрах хэрэгтэй. Энэ нэгдэл үгүй бол тэд маш ихээр шаналдаг. Эцэг, эх нь салсан хүүхдүүд их зовдог.

Гэвч энэхүү дуудлагад нийцэхийн тулд гэрлэлтийг бэлэглэлийн Эзэн буюу өөрөө Бэлэг болсон нэгэн дэмжих ёстой. Ариун Сүнс хаана байна, тэнд өөрийгөө нөгөөдөө бүрэн зориулж чадах хүч дахин төрдөг. Сүмийн зарим санваартан Эцэг, Хүү хоёрын харилцан бэлэглэлийн илэрхийлэл болсон Ариун Сүнс тэдний дунд орших баяр баясгалангийн шалтгаан хэмээсэн байдаг. Тэд үүнийг дүрслэхдээ гэрлэсэн хосын хайрын илэрхийллүүд болох үнсэлт, тэврэлтийг ашиглахаас эмээгээгүй юм.

Гэр бүлийн энэхүү нэгдэл амархан зүйл гэж хэн ч хэлээгүй. Ялангуяа өнөө цагт. Гэхдээ Бүтээгчийн зохиосон жам ёс, хүмүүний доторх тэмүүлэл ийм билээ. Элсэн дээр байшин барих нь хадан дээр барихаас хялбар мэт санагдаж болох ч үр дагаврыг нь Есүс бидэнд тодорхой хэлсэн (Матай 7:24-27). Элсэн дээр байгуулсан гэрлэлтийн үр дагавруудыг бүгд харж байна. Тэдгээрийн хамгийн том хохирогч нь хүүхдүүд. Эцэг эхийн хоорондын хайр үгүй болж, салах нь хүүхдүүдэд их хор хөнөөлтэй! Галилын Кана дахь хуримын үеэр Мариа Есүст хандан: “Тэд дарсгүй болов” (Иохан 2:3) гэж хэлсэнтэй адил, өнөөдөр олон гэр бүл энэ зовлонг амсаж байна. Есүс усыг дарс болгон хувиргасан шиг, Ариун Сүнс бидний өдөр тутмын амьдралын хэмнэлийг хамтдаа байхын шинэ баяр баясгалан болгон хувиргадаг. Энэ бол хуурамч найдвар биш. Маш олон гэр бүлд Ариун Сүнс ажиллаж, тэдэнд баяр баясгаланг авчирсан байдаг. Гэхдээ тэд Түүнийг дуудан урихаар шийдсэн үед шүү дээ!

Иймд гэрлэхээр бэлдэж буй хосод хуулийн, сэтгэл зүйн, ёс зүйн талын мэдлэг мэдээллийг олгохын зэрэгцээ гэр бүлийг нэгтгэгч Ариун Сүнсний “сүнслэг” бэлтгэлийг гүнзгийрүүлэх нь нэн чухал юм. “Эхнэр, нөхрийн дунд хуруу бүү дүр” гэсэн Итали ардын үг бий. Гэвч тэдний дунд “Тэнгэрбурханы хуруу” буюу Ариун Сүнс заавал байх ёстой!

Тусгай мэндчилгээ

Англи, Дани, Норвеги, Мадагаскар, Энэтхэг, Индонези, Япон, Филиппин, Канад, АНУ-аас ирсэн англи хэлтэй мөргөлчид, зочдод халуун дотноор мэндчилье. Та бүхэн болон гэрийнхэнд нь Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг дуудан залбирч байна. Тэнгэрбурхан та бүхнийг ивээг!

Эцэст нь, урьдын адил залуучууд, өвчтэй хүмүүс, өндөр настнууд, шинэхэн гэрлэсэн хосууд миний бодолд ойр байна. Сүмийн үйлсэд идэвхтэй хамтран ажиллахыг аравдугаар сар бидэнд уриалдаг билээ. Та бүхэн хаана ч явсан Сайн мэдээг дэлгэрүүлж, шашин дэлгэрүүлэгч нарын ажилд залбирлаар болон бодит зүйлсээр туслаарай.

Ахан дүүс ээ, энх тайвны төлөө залбирцгаая! Өнөө өглөө би Украинд амь үрэгдэгсдийн тоог хүлээн авсан—үнэхээр аймшигтай! Дайн өршөөлгүй. Дайн анхнаасаа ялагдал байдаг. Бүгдээрээ энх тайвны төлөө Эзэнд хандан залбирцгаая. Эзэн бүх хүнд энх тайван бэлэглэх болтугай. Мьянмар, харгис дайралтад өртөж буй Палестин, Израил, мөн дайны хөлд нэрвэгдсэн бүх үндэстнийг бүү мартаарай

Өнөө цагт зэвсгийн үйлдвэрүүдэд хийсэн хөрөнгө оруулалт хамгийн их ашиг өгч байна. Ахан дүүс ээ, энэ баримт биднийг айлгах ёстой. Үхлээр ашиг олно гэдэг байж болохгүй зүйл! Бүгдээрээ хамт энх тайвны төлөө залбирцгаая.

Та бүгдэд адислал хүртээе.

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ. Сүмийн амьдрал дахь Ариун Сүнсний талаар үргэлжилсэн хичээлийнхээ үеэр бид одоо гэрлэлтийн ариун ёслолыг авч үзнэ. Ариун Гурвалын дотор Эцэг, Хүү хоёрын хоорондох хайрын холбоо нь Ариун Сүнс билээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайрын нэгдлийн үндсэн ёслол болохынхоо хувьд Христэд итгэгч нарын гэрлэлт Тэнгэрлэг бодгалиудын хоорондын мөнхийн харилцааны тусгал болдог юм. Харилцан нэгнээ нөгөөдөө зориулснаар гүн гүнзгий, байнгын баяр баясгалан хосын дунд төрдөг. Бидний зовлонт ертөнцөд мөнхийн амар амгаланг авчрахын тулд Христ өөрийгөө зольсон билээ. Тэнгэрбурханы тэрхүү мөнхийн хайрын баяр баясгалантай тэмдгүүд болж амьдрахад нь гэрлэсэн хосууд болон гэр бүлүүдэд тусална уу хэмээн Ариун Сүнснээс залбиран гуйцгаая.

23 Аравдугаар сар 2024, 13:56

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >
Prev
March 2025
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Next
April 2025
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930